sonin.mn

“Энд эрвээхэй далавчаа дэвснээс болж ертөнцийн нөгөө талд хар шуурга болдог” гэх үг бий.

Бүх зүйл уялдаа холбоотой бөгөөд өөрийн чинь хийсэн ямар нэг үйлдэл нь өөр нэгний хувь заяанд нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн санаа. “Громовынхон” гэх Оросын кинонд ч энэ санааг хөнддөг. Голын эрэг дээр хоёр залуу яг энэ үгний талаар ярилцаж байгаад үүнийг үгүйсгэгч залуу нь “Жишээ нь би энэ хожуул модыг шидлээ гээд юу өөрчлөгдөх юм” гэж хэлээд эрэг дээр байсан модыг авч хойш нь шидэж орхидог. Үнэхээр тухайн үед хэний юу ч өөрчлөгдөөгүй ч сүүлд нь өнөөх хожуулд Громов бүдэрч унаад золгүйгээр эрсэддэг.


Ингээд Громовын нь үхэл эхнэр, хүүхдүүдэд нь хэрхэн хүндээр тусч, тэр гэр бүлийн амьдрал хэрхэн сүйрч, зовлон бүгдийг мэдэрцгээдэг тухай өгүүлдэг. Яг л үүн шиг таны өнөөдөр анзаарахгүйгээр хийсэн энгийн нэг үйлдэл чинь хэн нэгний хувь заяанд нөлөөлж, нэг хүн, нэгэн гэр бүлийн амьдралд юуг ч авчирч мэднэ.

 


Өглөөхөн инээд алдаж, хамт тоглохыг ятгаж, хэл ам сугалчих гээд асуулт асууж ядаргаа болж байсан тэр жаал одоо танд дахин түвэг болохгүй. Учир нь тэр хичээлдээ яваад эргэж ирээгүй. Өнөөдөр тэрээр бидний дунд байхгүй болсон. Өчигдөрхөн авахуулсан шинэхэн гутлаа тэр охин дахиж өмсч чадахгүй. Учир нь түүнд одоо гутал хэрэггүй. Тэр дахиж гүйх боломжгүй болсон. Үүний оронд тэрээр “Би тааз ширтэн хэвтэх, уйлахаас өөр би юу ч хийж чадахгүй болчихлоо” гээд мэгшиж байгаа.
Тэр оюутан та нартай энэ жил хичээллэхгүй. Түүнд сургалтын төлбөрт хийх гэж авчирсан мөнгөө эмчилгээнийхээ зардалд болгож, жилийн чөлөө авахаас өөр сонголт үлдээгүй, тэр автомашины осолд өртөн шаналж хэвтээ. “Бор халзан туулай” болгоод аваад гарсан хүүгээ ээж нь дахиж хараагүй. Хүү нь сэрэлгүйгээр унтсан. Ээжийнх нь сүү энгэрийг нь норгохоо больсон ч нулимс нь дэрийг норгосоор л байгаа.

 


Энэ бүхнийг хэн ч хүсээгүй. Гэвч ийм зүйл болчихсон. “Амжих байх” гэж бодоод хурдаа нэмсэн тэр жолооч, “гайгүй байлгүй дээ” гэж бодоод ганцааранг нь явуулсан тэр ээж. “Машиныхаа тормозыг янзлуулчихдаг л байж” гэж дараа нь өөртөө гомдоллосон тэр бүсгүй. “Архи уусан бол жолооны ард суух хэрэггүй гэж байсан андынхаа үгийг сонсолгүй яав даа” гэж харамссан тэр залуу.

 


Мөн энэ бүхэнд харамсахаа мэдэхгүй хүмүүс ч байгаа. Тэд үүнийгээ мэдэхгүй тул өнөөдөр дахиад л “харамсах ёстой зүйлээ” хийсээр л байгаа. Автобусанд мөнгөө төлсөнгүй гэж хөөж буулгасан жаалыг гэртээ хариагүй гэдгийг тэр кондуктор мэдээгүй.

 

Анги засварын мөнгө нэхэж гэр лүү хөөснөөс болж осолд орсныг багш нь ойлгоогүй. Гурван давхар барилга барих ёстой байсныг мэдээгүй царайлж зургаан давхар гэж гарын үсэг зурсан тэр инженер осолд өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. “Ажлын цагаар түргэний машин явуулж чадахгүй. Та өөрөө харьяа дүүргийнхээ эмнэлэгт ханд” гээд утсаа тасалснаас болж бяцхан хүү тусламж авч чадалгүй амьсгал хураасныг тэр эмч хараагүй. Жолоо барьж сураагүй “төгсөгч” нь хүн дайрсныг тэр жолооны багш олж сонсоогүй. Энэ бүхнийгхэн ч хүсээгүй. Гэвч хийсээр л байна. Эвий дээ...



Б.МАНДАХ
Эх сурвалж: “Завхан”