sonin.mn

Тун удахгүй анхны хүд­рээ баяжуулж эхлэх алт, зэсийн баримжаалагдсан нөөцөөр  дэлхийд  айргийн тавд эрэмбэлэгдэх Оюу тол­гойн уурхай дагасан хэл ам сүүлийн үед идэвхтэй өр­нөх боллоо.

2009 оны аравдугаар сарын 6-нд  Монгол Улсын Засгийн газар, Канадын “Айвен­хоу Майнз” ком­па­ни­тай Оюу толгойн  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар 7.7 их наяд төгрөг буюу зургаан тэр­бум ам.дол­ларын хөрөнгө оруу­лалтыг уурхайн үйл ажил­ла­гаанд зарцуулах үндэс суурь тавигдсан түүхтэй.

Оюу толгой ордын бүтээн байгуулалтын үйл ажил­лагаа 15 жил  үргэлж­лэхээр төлөвлөгдсөн бөгөөд  уурхайн ашиглалтын хуга­цааг хамгийн багаар тоо­цоход 40  гаруй жил байх  нь хүссэн, хүсээгүй XXI зуунд Монгол Улсын эдийн зас­гийн хөгжлийг тодор­хой­логч, улсын төсвийн хамгийн том нийлүүлэгч  болохыг нь харуулж байгаа юм.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн зургаа дахь жилээсээ 1.6 тэрбум фунд зэс, 900.000 унци алт үйлдвэрлэх хүчин чадалтай Оюу толгой төсөл дээр өнөөдрийн байдлаар 9300-аад монгол хүн ажиллаж байгаа нь ажиллагсдын 75 хувь нь болж байна.

Хөрөнгө  оруулагчдын зүгээс  уурхай ашиглалтад орохоос өмнө Монгол Улсын Засгийн газарт 900 тэрбум төгрөг буюу 700 сая ам.долларын ашгийн татвар төлөх ёстой.  Одоогоор  320 тэрбум төгрөг буюу 250 сая ам.доллар төлчихөөд байгаа.

УИХ-ын гишүүд  Оюу тол­гойн гэрээний талаар  хоёр хуваагдаж, гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөн сайжруулах ёстой гэдэгт өөр өөрсдийн байр сууриа  хам­гаалан тэмцэлдсэн  нь хөрөнгө оруулагчдад  өгсөн эхний сануулга болоод зогсохгүй, өнгөрсөн долоо хоногийн хамгийн сонир­холтой үйл явдал байлаа.

Оюу толгойн гэрээг өөрч­лөн сайжруулах  эсэхийг шийдсэн УИХ-ын  хурал­дааны санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 27 нь гэрээг хэвээр үргэлжлүүлэх санал өгч,  Б.Бат-Эрдэнэ, С.Ган­баатар нараар толгой­луулсан 26 гишүүн цөөнх бол­сон. Ингэснээр  Оюу тол­гойн гэрээнд энэ удаа  үзэг­ний үзүүр хүрэх эрхгүй болж хуучнаараа үргэлжлэн хэрэг­жих нь тодорхой болоод байгаа.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  “Олон улсын валютын  сангийн тооцоогоор Монгол Улс Оюу толгойн нийт ашгийн 71 хүртэлх хувийг төслийн нийт хугацааны туршид татвар, рояалти, төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авна” гэсэн   тунхаглал  байн байн цацагдах болсон нь хөрөн­гө оруулагчдын зүгээс Оюу тол­гойн  гэрээний талаар хатуу­хан байр суурь­тай  байгаа  Монголын улстөрч­дийг зөөлрүүлэх гэсэн  ээлжит үйл ажиллагаа байхыг үгүйсгэх аргагүй.  

Нэр бүхий  24 гишүүн УИХ-ын 57  дугаар тогтоолын “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруу­лал­тыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь­цааны хэмжээг 50-иас доош­гүй хувьд хүргэж  нэмэг­дүүлэх асуудлыг хөрөнгө оруу­лагчидтай тохирол­цон шийд­вэрлэх” гэсэн заалтыг Оюу толгойн хөрөнгө оруу­лалтын гэрээнд тус­гуулахаар тэм­цэж байгаа нь одоо­хондоо арай л  эртдэж байж магадгүй.

Нэгэнтээ  “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ­ний эхний 30 жилийн хуга­цаа дуустал Монголын тал 34 хувийг эзэмшинэ” гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр байгаа өнөөдрийн нөхцөлд хөрөнгө оруулагчид аманд нь орж ирээд хайлж эхэлсэн шар тосоо тийм ч амар савируулан гоожуулчихгүй л болов уу.

Хөрөнгө оруулалтын гэрээний эхний 30 жил өнгөрсний дараа аль нэг тал нь 16 хувийг нэмэн худалдаж авах эрхтэй гэж заасны дагуу  есөн тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулах тухай­гаа л Монгол Улсын Засгийн газар одооноос ан­хаа­рууштай. Өнөөдөртөө эхний бүтээгдэхүүнээ экспортолж  ч  амжаагүй байгаа  Оюу тол­гойгоос 51 хувийг нь шаар­дахаасаа илүүтэй дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэг­дээсэй хэмээн ханцуй дотроо залбирцгаавал Мон­голын бодит амьдралд илүү­тэй зохилдоно.  

Нөгөө талаар Оюу толгойн гэрээг сайтар нягталбал  “Монгол Улс нь  өөрийн төсөвт ямар нэгэн өрийн  дарамтгүй, төсвөөс зардал гаргал­гүйгээр компанийн хувь­цааны   34 хувийг эзэм­шихээр зогсохгүй цаашид өөрийн эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэх эрхтэй” гэсэн  заалт нь монголчууд  өмнийн говийн  асар их  баялгийнхаа  дийлэнх хэсэгт нь эзэн суух боломжтойг нотолж байгаа.

Одоогийн байдлаар 25.2 тэрбум фунт буюу 11.4 сая тонн зэс, 7.3 сая унци алтны боломжит нөөц нь тогтоогдоод байгаа Оюу толгойн уурхай ашиглалтынхаа оргил үед  жилд дунджаар 800 тэрбум төгрөгийн орлогыг  Засгийн газарт төлөхөөр байгаа нь Монгол Улсын эзэмшлийн 34 хувь нь ямархуу хэмжээний баялаг болохыг ойролцоогоор харуулсан үнэлгээ юм.

Хэрэв үүнийг “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийн  үгээр болгож,  хэзээ нэгэн цагт Монголын эзэмшлийг  51 хувьд хүргэвэл улсын төсөвт орж ирэх мөнгөн дүн ойролцоогоор 3.6 хувиар өсөх тооцоо гарч байна. Гэхдээ хоёр талаа­саа энэ тохиролцоонд хүрэхийн тулд хэдэн удаа хэлэлцээрийн ширээнд сууж, хэн нь хэндээ хэрхэн буулт хийхийг одоогоор тааж мэдэх аргагүй. Хэрхэхийг цаг хугацаа, дээр хөхрөгч хөх тэнгэр мэдэх бөлгөө.

Эх сурвалж: "Өглөөний сонин"