sonin.mn
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Хурлын даргыг сонгох тухай, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай, Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байв.
НИТХ-ын даргад  Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа санал хураалт явуулахад 84,44 хувийн саналаар НИТХ-ын даргаар томилогдлоо.
 
Мөн НИТХ дахь МАН-ын Бүлгийн Дарга Р.Дагва МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцуулсан юм.
Улмаар НИТХ-ын төлөөлөгчид түүнээс асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад 73.33 хувийн саналаар Д.Сумьяабазарыг дэмжив.
 
Д.Сумъяабазар  нэр бүхий төлөөлөгчдийн асуултанд хариулах үеэрээ : "Ер нь НИТХ-д улстөржилт яригдах шаардлаггүй. Нэг төлөөлөгчийн ард иргэд бий. Та бид хамтдаа нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд гар нийлэн ажиллана гэж бодож байна. Би АН, ХҮНамтай ч адилхан хамтран ажиллана. Ер нь би хаана ч ажиллахдаа тийм л зарчмаар ажиллаж ирсэн, либерал хэлбэрээр ажилладаг.
Нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралыг өөд нь татах, аюулгүй орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. Мэдээж намын шийдвэр гарч, намайг Нийслэлийн Засаг даргаар ажиллуулахаар болсон. Би намаар хүмүүжсэн хүн. Гэхдээ намын шийдвэр тэндээ л гарсан, энд бол улс төргүй ажиллана. Түгжрэлийг бууруулна. Та нарын (ХҮНАМ) амласнаас илүү хувиар бууруулна. Энэ танхим дотор улс төржилт явагдахгүйгээр их хотын амьдралыг шийдэхийн төлөө л ажиллана " гэсэн юм.
Д.Сумьяабазарыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар эцэслэн батламжлах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий Сайд гаргана.
 
 
Э.Мягмар