sonin.mn


ҮЭЧХ-ний 100 жилийн ойг төр засгийн хэмжээнд сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлэв. Түмэн хонины дундаас түүнээс хөөрхөн амьтангүй гэдэг шиг. Түүхийн шаргал хуудасыг сөхвөөс түүнээс чухал нь үгүй гэнэ. Тийм ч биз, үгүй ч биз. Хэн нь аль өнцгөөс харж асуудлыг ярьж байна вэ? гэдэгт биш түүхэн үйл явдлын бодит үр дүн, баримт нотолгоо гэж бас нэг юм байдаг.


Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын зарим эрхэм гишүүд, сайд, дарга нар улс орны эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр өсөж 20. 0 хувь хүрлээ. Монгол орон үсрэнгүй хөгжлийн гараан дээр баттай зогслоо гэж ам мэдэн тунхаглаж байна. Гэтэл ард иргэдийнх нь 40. 0 хувь ядуучуудын эгнээнд шилжиж, ажилгүйдэл ядуурал газар авч, төрд ажиллаж байгаа иргэд нь хүртэл түжин тажин амьдарч, цалин хөлсөө нэмүүлэх гэж жагсаж, цуглаж байгаа нь хөдлөшгүй үнэн билээ. Өмнө говийн хилээр урагшаа гарч байгаа нүүрснээс олж байгаа орлогыг Монголын 713, 8 мянган өрхт хуваагаад яах юм бэ? Тэр тэрбум тэрбумаар тооцогдох их орлого чинь сайндаа л тэр эрхийг “лециндчихсэн “10 өрхийн л хармаанд орох орлого шүү дээ. Үлдэж байгаа 713780 өрхийн хувьд түлэнхий хусамч олдохгүй.


Статистикийн гүйцэтгэлээрээ бол нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ 10. 000 америк доллароос дээш орлоготой гэгдэх Африкийн хэд хэдэн орны тэр бумтан удирдагчид ард түмнээ цагаан цаасан дээрх хоосон тогоор хуурч \ залуусын ярьдагчлан цонхны цаанаас чихэр долоолгож\ явсныхаа пянг даалгүй сэнтийнээсээ мултарч, зарим нь амь насаа алдаж, үлдсэн хэд нь шүүхийн тавцан дээр зогсож байгааг юу гэж ойлгох вэ? Энэ бүхнийг түр орхиж ХХ зуунд Монгол оронд тохиосон гурван хувьсгалын эхний 10 жилийн үр дүнг хоосон улс төржих биш, нотлох баримттайгаар тайлбарлахыг хичээе тунгаан соёрхоно уу?
1905 оны Оросын хувьсгал, 1911 оны Хятадын Синьхайн хувьсгал Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хүчтэй нөлөөлж, Манжийн дарлалд 222 жил нухлагдсан Монголчууд “Монгол овогтон бүгдээрээ нийлж өртөө улс болон тогтнож шашнаа мандуулах “гэсэн уриан дор Манж-Хятадын ноёрхлын эсрэг дээр доргүй идэвхийлэн тэмцэж эхлэв. Мөн энэ тэмцэлд Монголчууд нийтээрээ нэгдэн оролцох болсон бас нэг шалтгаан бол Чин улсын засгийн газараас Монголд хэрэгжүүлэхээр зарласан “Шинэ засгийн бодлого “гэгчид дургүйцсэн олон түмний эсэргүүцэл байв.
Дээрхи бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Чин улсын засаг захиргаа дараах хэд хэдэн арга хэмжээг төлөвлөсөн байна. Үүнд: Чин улсын эзэн хаан 1907 онд монгол нутгийг хагалбарлан тариалж, тариа тарих тухай зарлиг буулгаж, улмаар дүрэм хэмжээг баталжээ. Атар газрыг Хятад иргэдээр хагалбарлуулж, тариа тарих олон хороо байгуулагдаж, дээд зэргийн нэг шан\10 му\ газрыг 4 лан 4 фүн, дунд зэргийг 2. 4 лан, доод зэргийг 1.4 лан мөнгөөр тус тус үнэлэн худалдаж, газрын үнийн хагасыг Чин улсын санд, үлдсэн хагасыг хошууны орлого болгох, малчин айлд 90 шан газрыг буцалтгүй олгохоор заажээ. Мөн үүний зэрэгцээ Чин улсын захиргаа Ар Монгол дахь гадаадын пүүсүүдтэй хамтран алтны уурхай нээж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
1910 онд Монгол дахь гаалийн хороодын дэргэд “Тээчийн хороо“ гэгч шинэ байгууллага байгуулж, дүрэм журмыг Чин улсын захиргаа батлан гаргав. Дүрэм ёсоор бол 1911 оноос эхлэн Монголын хотуудын хооронд хийх аливаа тээвэр болон Монгооос гадагш, гаднаас дотогш тээвэрлэн авчрах зүйлээс тэрэг, тэмээнд ногдуулан тогтоосон хэмжээний мөнгөн гааль авч байхаар болов. Чин улсын төр монгол, хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад бичиг сурах, хятад нэр хэрэглэх, монгол газар хятад хүн урьж бичээч болгох, хятад бичгийг албан хэрэгт хэрэглэх зэргийг хориглосон урьдын цааз хуулийг 1910 онд хүчингүй болгов.
“Шинэ засгийн бодлого “–ыг явуулах болсонтой хобогдуулан Их хүрээнд Цагдан цээрлүүлэх газар гэгчийг байгуулж, Хятадаас Сюаньхуагийн сэргийлэх хороо гэдэг 40 хүнтэй дарангүйлагч цэрэг ирүүлж суулгаснаас гадна Халахын түшээт хан, Сэцэн хан, Их шавь зэрэг гурван газраас идэр чийрэг 40 эрийг цэрэг болгон дайчилж, 1910 оны эхээр цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ. Үүнээс гадна “Их хүрээний цэрэг бэлтгэх газар “гэгчийг байгуулж, түүний ерөнхийлөн захирагч түшмэлээр залангийн занги Тан гэгчийг томилж, 1910 оны эцсээр Их хүрээнд ирүүлэв. “Шинэ засгийн бодлого “-ыг эсэргүүцэж Чин улсын засгийн газарт Халхын 4 аймгийн чуулганы дарга, туслах жанжин, хэбэй \зөвлөх\, Их шавийн шанзудба, да лам нар нэр хамтран эсэргүүцэж заалдсан боловч тусыг эс олов.

Хараат байдлаас ангижрахын төлөө

1911.06-1921.06 сар

Энэ эгзэгтэй мөчид 1911. 06. 21-нд Ар Монголын эрх баригчид урьдаас товлосон ёсоор Жавзундамба хутагтад бат оршил өргөхөөр Эрдэнэ шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийж, олонхи нь Чин улсын “шинэ засгийн бодлого “монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд түүнийг хүлээн авч болохгүй хэмээн санал нэгдэв. Энэ үеэр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд манжаас салж тусгаар улс болох санал сэдэж, нууц зөвлөлгөөнд оруулан хэлэлцүүлээд улмаар Жавзундамба хутагтаас соёрхолыг олжээ. Тэгээд тэрхүү нууц зөвлөлгөөнөөр Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилж, Их хүрээний Оросын консул Миллерт учрыг мэдүүлж хил нэвтрэх зөвшөөрөл авсан байна.
Эдгээр төлөөлөгч нар Жавзундамба хутагт, Халхын хангууд нэр холбож, Орос улсын эзэн хаанд бичсэн 21 зүйлийг сийрүүлсэн албан бичигийг авч явав. 1911.07.17-нд Хаант Орос улсын сайд нарын зөвлөлийн дарга П. А.Столыпин, Худалдаа, Аж үйлдвэр, Сан, Гадаад явдлын ба Цэрэг, Тэнгисийн яамдын сайд нар болон бусад өндөр албан тушаалтан оролцсон онц зөвлөлгөөнийг хийж, Монголын саналыг хэлэлцэн “. . . Монголын асуудалд идэвхитэйгээр оролцохгүйгээр. . . тэр хоёрын\Монгол, Чин улсын\ хооронд жуучлан, Монголоос Чин улстай тогтоосон сюзерений холбоог таслалгүйгээр үндэсний байдлаа хамгаалах гэсэн монголчуудын эрмэлзлийг дипломат замаар дэмжих “хэрэгтэй гэж тогтов.
Үүний дагуу Оросын эрх баригчид Монголын төлөөлөгчдөд хандаж Монгол одоо үед Чин улсаас бүрэн тусгаарлах бололцоогүй. Харин Монголд хийж буй Чин улсын шинчлэлийг болиулах талаар Бээжинд мэдэгдэл хийнэ. Хятадын талаас монголчуудын эсрэг хийж болзошгүй аллага, хядлагаас өмгөөлнө гээд эл байдал хийгээд төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Их хүрээнд байгаа Консулын газраа харгалзах цагдаагийн хүчийг зузаатгахаар пулемёт бүхий 200 казах цэргийг нэмж явуулахаар амласан байна.
Монгоын төлөөлөгчид Орос улсад сэм одож, Чин улсаас салан тусгаарлахын тулд тусламж гуйсан тухай Хүрээний сайд Сань До Чин улсын засгийн газар уламжлахын зэрэгцээ Орос улсаас тусламж ирэхээр хэн хэн явсныг олж мэдэхээр Бадамдоржийг Богд Жавзундамбатай уулзуулж, Оросын цэргийг ирүүлэхгүй байх, Ханддорж нарыг даруй Хүрээнд ирүүлэх цахилгаан утас явуулахыг шаардсанаас гадна өөрөө Хүрээний монгол сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж энэ хэргийн талаар ярилцсан байна. Жавзундамба хутагт хэрэв монголд явуулах гэж буй “шинэ засгийн бүх хэрэг “-ийг хүчингүй болгож, Орос улсад явсан төлөөлөгчдөд ямар нэгэн ял зэм хүлээлгэхгүй гэж батлан хүлээвэл цахилгаан утас явуулж болно гэж хариу мэдэгджээ. Сань До энэ бүх байдлыг тодорхойлж Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй “ёсоор болгоё“ хэмээн зарлиг ирүүлжээ. .
Чин улсын захиргаа Бээжин дэх Оросын элчинд 1911. 09 сарын эцсээр, дараа нь Петербург дэх түр хамаарагчаараа дамжуулан Оросын ГЯЯ-нд мэдэгдэхдээ “Монголд хийж байгаа цэрэг, улс төрийн өөрчлөлтийг зогсоолоо“ гэж мэдэгдэж, Хүрээний цэрэг бэлтгэх газрыг татан буулгаж, ерөнхийлөн захирагч Тан Цзайлийг гэдрэг татжээ.
Орос улсын зүгээс дэмжлэг авах болсон хийгээд Чин улсын төр мөхөх төлөвтэй болсон энэ эгзэгтэй мөчийг ашиглан Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага- Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар \ХХБХТЕШГ\ гэгчийг 1911.11.30-нд Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, “Одоо монгол овогтон бүгдээрээ нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон “хэмээх Богд Жавзундамбын лүндэнг Монгол даяар яаралтай дамжуулахын зэрэгцээ Жавзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх гэж байгаагаа нэгэн адил мэдэгдэж, юуны өмнө Халхын 4 аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргажээ.
Энэ үйл явдлаас хойш яг нэг сарын дараа буюу 1911.12.29-нд Жавзундамба хутагтыг монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулснаа дэлхий дахинаа албан ёсоор тунхаглан зарлаж, Халхын 4 аймаг, 98 хошуу, монгол, орос, түвд, хятад иргэд, Өвөр-Монголын 6 чуулган, 49 хушуунд элч мордуулж, “Тусгаар тогтнолын тунхаглал “-ын үзэл санааг ухуулан сэнхрүүлэх ажлыг эхлүүлэв. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлах нь нэг хэрэг. Түүнийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг бага буурай улсын хувьд ямархан бэршээлтэй байдагийг 100 жилийнх нь ойг тэмдэглэсэн энэхүү түүхэн үйл явдлаас хойших 50 жилийн түүх бэлхнээ харуулах билээ.
Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, төрийн захиргааны төв байгууллага болох Дотоод, Гадаад, Сан, Цэрэг, Шүүх таван яамыг байгуулж, тэргүүн сайдаар Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддрж, Түшээ гүн Чагдаржав, Чин ван Гомбосүрэн, ван Намсрай нарыг томилж, Түшээт хан, Сэцэн хан аймгуудаас 3000 цэрэг татаж хороо болгон зохион байгуулав. Баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайдад бэйл Ж.Дамдинсүрэн, бэйс С.Магсаржав, илбэн тохинуулах сайдад бэйл номун хан Жалханз хутагт Дамдинбазар, зөвлөх сайдад гүн Хайсан нарыг, Зүүн хязгаарыг элбэн тохинуулах сайдаар Егүзэр хутагт Галсандашийг тус тус томилов.
1912. 08. 07-нд Ховд хот чөлөөлөгдөж, Манжийн 27 сайд, түшмэд, 650 гаруй цэрэг, иргэнийг Оросын нутгаар дамжуулан хөөн гаргав. Дөрвөд, Урианхай хязгаар болон Өвөр-Монголын 49 хошууны 35 нь Богдын засгийн газарт даган оров. Яг энэ мөчид Олноо өргөгдсөн Монгол улстай нэгэн зэрэг нэг өдөр байгуулагдсан Дундад Иргэн Улс 1912.03.10-нд “. . түр Үндсэн хууль “гэгчийг баталж, БНДИУ-ын нутаг дэвсгэр нь 22 муж, Ар, Өвөр Монгол, Түвд, Хөх нуураас бүрдэнэ “. “. . . муж, Ар, Өвөр Монгол, Түвд нь тус бүр таван төлөөлөгчийг үндэсний хуралд сонгоно “гэж тэд Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч Хятадын нэг хэсэг гэж үзэж байгаагаа хуульчлан заажээ.
1912. 10. 29-нд Богдын засгийн газараас Монгол улс Манжаас салж тусгааар улс болсныг мэдэгдэхийн хамт эв найртай, худалдааны харилцаатай байхыг хүсэж Австри, АНУ, Англи, Бельги, Герман, Голланд, Дани, Франц, Япон улсуудын Гадаад явдлын яаманд нот бичиж, Хөлөнбуйрын сайдаар дамжуулан Харбинд суугаа дээрх улсуудын консулуудад хүргүүлсэн боловч нэг ч улсаас хариу ирүүлсэнгүй. Ийм учраас Жавзундамба хутагт халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён Намнансүрэн нар нэр холбож, Орос улсын эзэн хаанд бас дахин хандаж, албан бичиг илгээж, монголчууд тусгаар тогтнолоо сэргээх санал нэгтэй байгаа бөгөөд Орос болон бусад олон улстай найрамдаж тэдний тусламж дэмжлэгийг авах, Орос, Монгол хоёр найрамдах цаг боллоо, энэ боломжийг алдаж болохгүй гэж сануулж байжээ.
Тусгаар тогтнолоо гадаад улс орнуудаар зөвшөөрүүлэх, хил тогтоох, зэр зэвсэг, санхүүгийн тусламж авах, цэрэг байгуулах, Барга, дотоод Монголыг нэтгэхэд Орос ба бусад улаас тусламж, дэмжлэг авах зорилгоор 1913.01.10-нд Чин ван Ханддорж тэргүүтэй, 1913.11.23-нд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгч нар ойр ойрхон Петербургт айлчлав. Айлчлалын үр дүнд урт хугацаатай зээллэг, зэр зэвсгийн тусламж авах, цэрэг байгуулж сургах асуудлаар нааштай хариу авсанч Барга, дотоод Монголыг нэтгэн бие даасан тусгаар улс болох талаар дэмжлэг олсонгүй. Энэ гэрээ хэлцлийн хударгаар 1913.12.06-нд Оросын Дум “Орос- Хятадын тунхаг “–ийг гаргаж, улмаар Орос, Хятад хоёр 1913.12.23-нд Бээжинд гэрээ хийж өмнөхөө бататгав. Ингээд Ар Монгол автономит эрхтэй, газар нутаг нь Хятадынх гэж тохирч, Хятадын элчин сайдын хүсэлтээр Оросын консуулаар дамжуулан Богдын засгийн газараас Өвөр Монголоос цэргээ яаралтай татах, Хиагтад болох гурван этгээдийн бага хуралд төлөөлөгчөө оролцуулахыг шаарджээ.
1913 онд Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, дэд сайд бинт ван Гончигсүрэн нар япон орохоор явсан боловч Харбин дахь Оросын консул зөвшөөрөл олгосонгүй. Орос-Япон хоёр Зүүн өмнөт Азид ноёрхлоо тогтоох талаар \1907.07.30, 1910.07.04, 1912.07.27, 1916.07.3\ дөрвөн удаа нууц хэлэлцээр хийж, Ар Монголд Орос, Солонгост Япон эзэрхэх, 116-р өргөргөөс зүүн тийш Японы, баруун тийш Оросын явуулж буй бодлого үйл ажиллагаанд хэн хэн нь хориг саад тавихгүй гэсэн үүрэгтээ үнэнч байгаагаа илэрхийлжээ.
Гадаад нөхцөл байдал тийм ч тааламжтай бус байсан ч улс орны дотоодыг түвшитгэх, эдийн засгийг удирдан зохион байгуулах талаар чамгүй хүчин чармайлт гаргаж байв. Улсын дээд, доод хурал \1914.03.06\-ыг бий болгох, Монгол цэргийг орчин үеийн маягаар зохион байгуулах, тариалангийн ажлыг өргөтгөх, газрын баялагийг гадаадын харъяат нарт түрээслэх, дотоод гадаадын худалдаанд гааль тогтоох, сургууль, соёлын газар байгуулах, ном дэвтэр, сонин хэвлэл нийтлэх, түүх шашдир бичих зэрэг ажлыг үүсгэн явуулж эхлэв.
Улсын дээд, доод хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цааз“-ын 64 дэвтрийг боловсруулж, Шүүх яамны дэд сайд Цэрэндэндэв, Магсаржав хурц, гавж Дамдин, гүүш Сумъяа нарын 8 түүхч “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шашдир\түүх\ “-ын 2 дэвтрийг бичиж гаргав. Улсын дээд хурлаар гүнгийн зэрэг захирагч Бадрахбаатар улсын банк байгуулах, зайсан Ёндонжамцаас цай шахаж боловруулах үйлдвэр байгуулах, мээрэн Доржоос авто өртөө байгуулах, Засаг ноён Цэрэнсодномоос татварын нэгдсэн бодлого явуулах тухай зэрэг саналуудыг оруулж хэлэлцүүлж байсанч санхүүгийн талаар бат суурьгүй, мэргэшилтэй ажилтан хомс, техник хэрэгсэл дутмагаас болж, шууд хэрэгжих боломж бага байв. Мөн Улсын дээд хурлаар хоршоо байгуулах 15 зүйлтэй дүрэм баталж, Нийслэл хүрээнээ худалдахаар ирэх мах, цагаан идээ, өвс, түлээг зам тосон авагчдыг цаазлан хориглох тухай хэлэлцэн шийдвэрлэж байжээ. 1918 онд малаас авах албан татварын хууль батлагдаж, Монгол улсын хүн ам, мал тоолох зарлиг гарч гүйцэтгэсэнээр Монголын нийт хүн ам 542. 6 мянга, үүнээс лам 105. 6 мянга, өрх 125. 2 мянга, малын тоо 9645. 6 мянга гэж тоологджээ.
1912. 03. 24-нд Гадаад явдлын яамны дэргэд төрийн анхны сургуулийг Жамсран Цэвээний саналаар 47 сурагчтай нээж, 1912 оны сүүлчээр Монголд байсан цахилгаан мэдээний газрыг улсын болгож, дүрэм хэмжээг тогтоож, улсын хэвлэх үйлдвэр ашиглалтанд орж, Цахилгаан мэдээний болон Орос-Монгол хэлний орчуулагчийн сургууль нээгдэж, Д. Бадарчин, Ц. Дамбадорж нарын хүүхдүүд суралцаж эхлэв. 1913 онд Очирын Дамбадорж, Жамбын Сүхбаатар, бишрэлт гүн Даваагийн Сундуй зэрэг 12 хүүхдийг Эрхүү хотын гимназид суралцуулахаар явуулав. 1914 онд Гадаад явдлын яамнаас ирүүлсэн нугалбар бичигт “. . . Орос, Франц, Англи зэрэг улсуудын үлгэр жишээгээр иргэний төрөл бүрийн сургууль байгуулахыг чухалчилж. . . монгол бичиг үсгийг ч болов сурч төсөөлсөн хүн аравын дотор нэг үгүй тул эдүгээ хүртэл ухаан мэдэл нээгдэж чадаагүй, буурай үгээгүйгийн туйлд хүрснийг шүүмжилсэн“ байна. Ийнхүү сургууль гэгээрлийн ажлыг улсаас тусгайлан эрхлэн шийтгэж, өчүүхэн бага ч атугай төсөв зардлыг энэ хэрэгт зориулан гаргах болсноор аймаг хошуудад удаа дараалан байгуулсан бага сургуулийн тоо 60 гаруй болсон байна. Ж. Цэвээн агсны удирдлага дор 1913. 03. 06-нд “Шинэ толь “сэтгүүл нийтлэгдэж, 1915. 09 сард “Нийслэл хүрээний сонин бичиг “–ийн анхны дугаарууд хэвлэгдэн гарч эхэлжээ.
Нийслэл хүрээнд 60 хэрэглэгч бүхий утсан харилцааг нээж, Цагдан сэргийлэх алба, Мал эмнэлгийн хороо байгуулагдаж, оросын эмч нартай мал эрүүлжүүлэх талаар 25 жилийн хугацаатай гэрээ хийв. Д.Чагдаржав нэр бүхий 15 баячуудыг нэгтгэн Монголын харилцан туслах хоршоог байгуулав. 1913 онд Оросын харъяат Галпиров, Поляков нарт Буйр нуур, Халхын голд загас агнах 5-10 жилийн хугацаатай түрээс олгож мөн 1916 онд Оросын харъяат Михайл Лущниковтой алтны уурхай нээх гэрээ байгуулж, 1917 онд Нийслэл хүрээ, Хиагт, Онон, Хөвсгөлд Ой модны анги байгуулсан нь цоо шинэ эхлэл байв.
1912 оны сүүлчээр Хужирбулангийн цэрэгт их бууны хороо, гунан \Пулмёт\ бууны хороо, хэд хэдэн сумантай морин хороо, их даргын сургууль зохион байгуулагдаж, 1913. 01. 15-нд Монгол-Оросын хооронд цэргийн тусламж байгуулах гэрээний дагуу оросын цэргийн ноён 2, түшмэд 15, бага дарга 42 ажиллаж байв. Дээрх гэрээг 1919 он хүртэл жил жилээр сунган хэрэгжүүлжээ. Хужирбулан дахь цэргийн сургуулийн анхны төгсөлт болж онц ялгаран суралцсан Д.Сүхбаатарт Богдын зарлигаар 5 дугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнав. Мөн Их бууны ангийн төгсөлт болж Б.Пунцаг нарын хүмүүс анхдагч болов. Б.Пунцаг хожим нь Нийслэл хүрээний цэргийн ерөнхий захирал, Хиагтыг чөлөөлөх байлдаанд тэргүүн хорооны дарга болжээ.
Гурван зууны турш Манжийн хааны зарлиг, Бээжингийн ам, Монгол дахь манжийн Амбан, түшмэдүүдийн дохио зангаагаар хөдөлж байсан монголчууд өөрсдийн санаа бодлоо уралдуулж, улс орноо удирдахад дээр дооргүй идэвхийлэн оролцож сэтгэл өег, зовхи өдөө байсан ч байдал хоног хоногоор улам хүндэрч эхлэв. Есөн сар гаруй үргэлжилсэн Хиагтын гэж түүхэнд тэмдэглэгдсэн Орос, Хятад, Монгол гурван этгээдийн 22 зүйлт гэрээгээр 1915 05. 25-нд хойд урьд хоёр хөрш хавсайдан Монголын тусгаар тогтнолыг устгаж, Ар Монголыг Хятадын эзэн эрх бүхий автономит улс байлгахаар үгсэн тохирсон 1913 оны тунхагаа тулган хүлээлгэв. Автономит эрх амар хялбар олдсонгүй. Тагна Урианхай хаант Оросын протекрат болж, Алтай нурууны өмнөт бэл, Хар Эрчис, Чигил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. Үүгээр Өвөр Монгол, Барга болон бусад Монгол угсаатны Монголын төрдөө нэгдэн нийлэх гэсэн хүсэл эрмэлзэл хөсөр хаягдсан түүхтэй.
1915 онд Нийслэл хүрээнд ДИУ-ын элчин сайдын газар байгуулагдаж сайд Чэнь-Лу тамга нээж хэрэг шийтгэж, Ховд, Улиастай, Хиагтад сайдын туслах нар ажиллаж эхлэв. Юань Ши Кайн цэрэг Монголын зүүн өмнөт хилээр довтолж Егүзэр хутагт Галсандашийг баривчлан Бээжинд хүргүүлэв. Сэцэн хан Навааннэрэн тэргүүтэй Богдын засгийн газрын төлөөлөгчид 1916. 02. 16-нд ДИУ-ын Ерөнхийлөгч Юан Ши Кай тай уулзаж, Егүзэр хутагт Галсандашийг суллуулж эх орондоо авчрав.
1917.11.07–нд Орост Октябрийн Социалист Хувсгал ялж, хаант засгийг түлхэн унагаж Пролетарийн диктатур тогтов. Богд хаанд туслах, большевикийн аюулаас хамгаалах нэрийдлээр хятад цэргийн батальон Монголд орж ирэв. 1919.08.03-нд Зөвлөлт Оросын Засгийн газраас Монголд зориулан уриалга гаргаж 1913 оны Орос- Хятадын гэрээ хүчингүй, Монгол улс Петроград, Бээжин хоёроос асуулгүйгээр асуудлаа бүрэн шийдэгтүн гэсэн илгээлтийг Богд хаанд ирүүлсэн бол үүнээс сар хүрэхгүйн дараа Хятадын генерал Сюй-шу-Чжен Нийслэл хүрээнд ирж, 6000 цэрэгтэй гарнизоноороо сүрдүүлэн Улсын Дээд, Доод Хурлыг хуралдуулж, Автономит засгаа сайн дураараа устгуулах асуудлыг хэлэлцүүлэхэд Доод Хурал эсэргүүцсэн боловч 1919.11.17-нд Богдын засгийн газарын тэргүүн даа лам Бадамдорж, Гадаад яамны сайд хичээнгүй гүн Цэрэндорж, Цэргийн яамны сайд чин ван Жамъяндарж нар гарын үсэг зурж Ар Монголыг Хятадын бүрэлдэхүүнд оруулж, автономыг сайн дураараа устгасан тухай илэрхийлэлийг Сюй-шу-Жанд гардуулжээ. Ийнхүү 1919.11.21-нд Сюй-шу- Жан Богдын засгийн газарыг тарааж, таван яамыг татан буулгаж, 9187 винтов, 2456 бирдан, 5 их буу, 10 пулемёт, төрөл бүрийн сум 1690892, сэлэм 2608, нум сум 2000, цахиур буу 1435, гар буу 9-ийг хураан авч 1919.11.22-нд Хятадын Ерөнхийлөгчид Монголыг автономыг устгасан тухай илтгэж гутамшигт ёслолоо 1920.02.19-нд хүрээнээ хийв.
Энэ хүнд хэцүү бэрх үед Монголынхоо тусгаар тогтнолын төлөө ил тод, шулуун шударга, амь бие хайргүй тэмцэж явсан Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хошой чин ван Чагдаржав, Сайн ноён Намнансүрэн нар шил шилээ даран сэжигтэйгээр нас барсан нь Манжийн хийгээд ДИУ-ын түрэмгийлэлийн эсрэг тэмцсэн эх орончдын зоригийг мохоож, цөхрөхөд хүргэж байв. Гэвч эх оронч эрсийн буухиаг хүлээн авах дараагийн үе тасалдсангүй 1919 оны эцсээр Консулын дэнжид, Д.Бодоо, Д.Чагдаржав, Нийслэл хүрээнд С.Данзан, Д.Догсом нарын нууц бүлгэм үүсэж улмаар 1920.01.05-нд нэгдэж, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулах Монголчуудын тэмцлийг манлайлав. Дээрхи хоёр бүлгээс гадна Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, гүн Гомбо- Идшин, жалханз хутагт Дамдинбазар, дилав хутагт Жамсранжав, жонон ван Цогбадрах, эрдэнэ шанздуб Дашжав, да лам Пунцагдорж зэрэг хятадын эрхшээлээс ангижирч автономит засгаа сэргээхийг эрмэлзэгч үндэсний үзэлтэй лам, ноёдоос бүрдсэн улс төрийн бүлгэм ажиллаж байсан нь Богд болон Хувсгалчдын нууц бүлгэмийг хооронд нь холбох аятай сэжим болж байж.
1920.06.25-нд хуралдсан улс төрийн нууц бүлгэмийн хурлаар нам байгуулах асуудлыг хэлэлцэж түүнийг “Монгол Ардын Нам “гэж нэрлэхээр тогтов. Тус хурлаар намын мөрийг хөтөлбөр, дүрмийн агууллагыг багтаасан “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг “-ийг хэлэлцэж батлав. Уг бичгийн нэгдүгээр зүйлд “. . . шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад. . . дотоод засгийг үнэн сэтгэлээрээ сайжруулан засамжилж, ядуу доод ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод хэрэгийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно“ гэж тодорхойлжээ.
Хувсгалт нууц бүлгэмийн ажиллагаа идэвхжихийн хэрээр гамин цэрэг улам догширч 1920.07.29-ний шөнө манлай баатар Дамдинсүрэнг, маргааш өглөө нь Хатанбаатар Магсаржавыг, хоёр хоногийн дараа гүн Жамъян, Жигмэд, Дэндэв, Гомбо-Идшин нарыг баривчилж Си-линбугийн яаманд хорив. Сарын дараа гамин цэргийн захирагч Самбуу Богдыг баривчилж тун удалгүй дүйнхар да лам Пунцагдорж, эрдэнэ ван Намсрай, сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, бэйс Иш-Очир нарыг барьж хорив. 1920.06 сард Япончууд Англи, Америкийн тусламжтайгаар Хятадын засгийн газарын Аньфу бүлгийг унагав. Сюй-шу-Жан хүрээнээс зугтаж оронд нь 1920.10 сард Чен-И хүрээнд дахин ирж Түшээт хан аймгийн чин ван Пунцагцэрэн болон бусад 8 хүнийг өөрийн туслахаар томилов. 1920.10.02-нд Барон Унгерны 900 гаруй цэрэгтэй Азийн морин дивиз Сэцэн хан аймгийн Гилбэр харуул орчмоор Монголд нэвтрэн орж ирэв. 1920 оны сүүлчээр Чита болон байгалийн зүүн хэсэг цагаан гвардчуудаас чөлөөлөгдөв. Улс орны тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан энэ үед эхлээд Бодоо, Чагдаржав нар, дараа нь Сүхбаатар, Догсом, Лосол нар Богдын тамгатай бичгийг авч ЗОУ-д очихоор яаравчлан мордсон бөгөөд 1920.08 сарын дундуур өмнө нь оччихсон байсан Данзан, Чойбалсан нартай нэгдэж МАН-ын долоон төлөөлөгч Дээд Шивээнд ЗОУ-ын консул О.И.Макстеник, Дээд-Үдэд ОК\б\Н-ын төв хорооны алс Дорнотын гишүүн Б.З.Шумяцкий, Эрхүү хотод ЗОУ-ын Гадаад хэргийн яамны ардын комссартатын төлөөлөгч Ф.И.Гапон нартай тус тус уулзаж, МАН-ын бодлого зорилгыг танилцуулж, Богдын тамгатай бичгийг гардуулжээ. Анхны долоо сайтар зөвлөлдсөний дараа наймдугаар сарын сүүлчээр гурван хэсэг болж Данзан, Чагдаржав, Лосол нарыг Зөвлөлт засгийн удирдах хүмүүстэй уулзуулахаар Москва илгээх, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэж цэргийн сургуульд боловсрох, Бодоо, Догсом нарыг гэдрэг буцааж, Нийслэл хүрээнд МАН-ын ажлыг удирдуулахаар шийдвэрлэжээ.
Данзан, Чагдаржав нарын авч явсан “Гадаад Монголын Ардын Намын төлөөлөгч нараас“ гэсэн бичигт Монголын автономыг сэргээхэд болон Хятадын Ардын Намтай холбоо тогтооход туслах, ЗОУ-аас морьт цэргийн зэвсэг, цэргийн сургагч нарыг ирүүлэх, санхүүгийн тусламж үзүүлэх, хятадын цэргийн булаан дээрэмдсэн эд хөрөнгийг Монголын шинээр байгуулах Засгийн газарт шилжүүлэх явдлыг дэмжихийг тус тус хүссэн байв. С.Данзан, Д.Чагдаржав нар 1920. 09. 20-нд Ленинтэй уулзаж, 1920.11.12-нд Эрхүү хотноо буцаж ирмэгц хувьсгалчдын зөвлөлгөөн болж, Зөвлөлт засгийн газар хүсэлтийг хүлээн авч тусламж үзүүлэхээ илэрхийлсэн тул намын эгнээг өргөтгөх, гамин, цагаантны эсрэг тэмцэлд бэлтгэх, журамт цэрэг элсүүлэх ажлыг яравчилахаар зүг бүр хуваарийн дагуу журамт нэхэд мордоцгоожээ. ЗОУ-ын засгийн газар оросын цагаантан Монголд цөмрөн орвол өөрийн цэргийн хүчээр байлдан устгах, эс халдсан тохиолдолд Монголын нутагт цэргээ оруулахгүй гэж мэдэгджээ.
1920.11.10-нд “Монголын Үнэн“ сонин хэвлэгдэн гарч, МАН-ын бодлого зорилгыг олон түмэнд сурталчлах, эх оронч бүх хүчин нэгдэж харийн түрэмгийлэгчдээс улс орноо чөлөөхийг олон түмэнд тайлбарлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болов. 1921. 02. 09-нд МАН-ын төлөөлөгчдийн хурлаар Д. Сүхбаатарыг бүх цэргийн жанжнаар урьдчилан томилж, Ардын Журамт Цэргийг зохин байгуулахыг түүнд хариуцуулсан байна. 1921.03.01-03-ны хооронд МАН-ын анхдугаар Их харал болж “МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичигийн оршил “, “МАН-аас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг “хэмээх хоёр үндсэн баримтыг хэлэлцэн баталж, Д. Сүхбаатарын саналыг хэлэлцээд МАН-ын Төв хороог байгуулж, даргад С.Данзанг, гишүүдэд Ц.Дамбадорж, Д.Лосол нарыг сонгов. 1921.03.13-нд МАН-ын Төв хорооны гишүүд, намын болон журамт цэрэг, олон хошуу шавийн ард олны төлөөлөгчдийг хурал болж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөн, түмэн ардын ашиг тусыг хамгаалж чадах засгийг явуулсугай хэмээн тогтож, “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газар “-ыгбайгуулж, Ардын түр, засгийн газарыг долоо хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тэргүүлэгч даргаар Чагдаржавыг, гишүүн түшмэлээр Сүхбаатарыг, гишүүдэд Бодоо\эчнээгээр\, Билэгсайхан, Сумъяа, Чойбалсан нарыг баталж, нэг гишүүнийг Урайнхайн хязнаараас сонгохоор тогтжээ. АТЗГ байгуулсаныг Нийслэл Хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдэхийн хамт Монголын ард түмэнд хандаж гаргасан тунхаг бичигтээ “Монгол газар гадаадын эзэрхэг харгисууд дур мэдэн аашлах явдлыг үүрт эцэс болгох цаг болсныг зарлаж, АТЗГ гагцхүү ард түмнийхээ хувь заяаны төлөө хүч чадлаа зориулна хэмээжээ. “
Ийнхүү Ардын журамт цэрэг 1921.03.18-ны үүрээр гамин цэргийн сүүлчийн түшиц газар болсон Хиагтыг чөлөөлөхөөр хөдөлж, Дөрвөлжин сүмд хүрмэгцээ хятадын цэрэгтэй тулгаран бүхэл өдөржин, шөнө дөл болтол байлдаж гамин цэрэг ялагдал хүлээж Хиагтыг орхин өмнө зүг зугтаав. Хиагтыг чөлөөлсөний маргааш буюу 1921.03.19-нд АТЗГ–аас бүх монголын түмэн ард, лам, ноёдод тунхаглан зарлах бичиг гаргаж “Монгол газар хятадын эрх мэдэл огт байхгүй болсон учраас манай Монгол улсын засгийн дээд эрх мэдэл нь цөм монголын өөрсдийн нь гарт оров. Тиймийн тул хойч өдөр хятадын эрх баригчдаас аливаа захирсан тушаасан зүйлийг хэрхэвч дагаж болохгүй хэмээгээд оросын цагаан намын цэргийг орон хязгаараас даруйхан зайлуулж, газар орон юугаан ариун цэвэр болгох “-ыг уриалжээ.
1921.03.24-нд засгийн зохион байгуулалтыг хэлэлцэж Дотоод яамыг Билэгсайхан, Цэргийн яамыг Сүхбаатар, Сангийн яамыг Чагдаржав толгойлох болж, дөрөвдүгээр сарын дундуур Бодоог АТЗГ-ын даргаар тохоон томилжээ. 1921.04 сард батлан гаргасан Монгол АТЗГ-ын дагаж мөрдөх дүрэмд “... Засгийн газарын тэргүүлэгчдийг дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатарт шилжүүлэх тул цэрэг байлдааны хэргийг Жанжин эрхлэмүй “гэж заасан байна. Тэгвэл монголд бүгшсэн гамингийн үлдэгдэл оросын цагаантанг бүрэн даран сөнөөхөд дайн тулааны үйл хэрэг 1921 оны турш, 1922 оны эхний хагас хүртэл үргэлжилснийг тооцвол үнэн чанартаа засгийн газарыг Д. Сүхбаатар тэргүүлж байжээ гэж хэлж болох юм. Монгол улсын нутагт олноо өргөдсөн онуудад болсон 168 зэвсэгт тулалдааны 112 тулалданыг Д. Сүхбаатар биечлэн удирдаж ялалт байгуулж байсан тухай судлачдын гаргасан тооцоо байдаг ажээ. .
Энэ зуур 1921.02.03-нд Барон Унгерний цэрэг Нийслэл хүрээг гамингаас чөлөөлж, 1921.02.21-нд Богд гэгээнийг хаан ширээнд дахин залж, автономит засгийг сэргээв. Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдад Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад эрдэнэ шанздуб Дашжав, цэргийн яамны тэргүүн сайдад Хатанбаатар Магсаржав, Сангийн яамны тэргүүн сайдад Бароноос ван цол хүртсэн Цэвээн, Шүүх яамны сайдад бэйс Цэрэндорж нарыг Богдын зарлигаар томилов. Сарын дараа Бароны шаардсанаар Хатанбаатар Магсаржавыг Баруун хязгаарыг сэргийлэх сайдад тавьж, Бүх цэргийн жанжны тамгыг Бароны буриад ван Жигмиджав Жамбалон гэгчид хамруулав. Мөн Жалханз хутагт Дамдинбазарыг Баруун хойд хязгаарыг илбэн тохинуулах сайдын тушаалд тавьж, Ерөнхий сайдын тушаалыг Манушир хутагт Цэрэндоржид хамруулав. Богдын тушаалаар Егүзэр хутагт Галсандашийг зүүн өмнөт хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилов. 1921.05 сарын сүүлчээр Унгерн 11 мянган сэлэм жад, 23 их буу, олон тооны пулмёт, сум хэрэгсэлтэй болж 19-25 насны 3000 хүнийг цэрэгт татаж сургуулилан хойт зүг байлдахаар одов. 1921. 05 сард Ардын журамт цэрэг Алтанбулагаас Нийслэл хүрээ рүү 12 их буу, 156 пулёмот бүхий 9300 гаруй морьт болон явган цэрэгтэйгээр баруу, төв, зүүн гэсэн 3 чиглэлээр хөдлөв. 1921.06.16-нд ОК\б\Н-ын Төв хороо Унгерний цагаантныг бүр мөсөн бут цохиж, хил хязгаараа аюулгүй болгохын тулд Монголд цэрэг оруулах шийдвэр гаргав. 1920. 06. 20-30-ны хооронд Жалханз хутагт Дамдинбазар хоёр ч удаа Б.З.Шумъяцкийд захидал бичиж цагаантныг устгахад зэвсэг, хүчин туслахыг хүсээд өөрөө 500 цэрэг нүүлүүлснийг дурджээ. Мөн Хатанбаатар Магсаржавт Улаан армитай мөр зэрэгцэн цагаантны эсрэг тэмцэхийн учрыг ухуулсан захидал хүргүүлсэн бөгөөд Магсаржав бүр 1919.07.20-нд Зөвлөлтийн улаан армийн командлагч Кравченко, Иванов нараас ийм утга бүхий захидлыг хоёр ч удаа авч байжээ.

Үргэлжлэл бий

М.Далайхүү

Эх сурвалж: "Монцамэ"