сонин mn
МАДРИД. /AFP/. Европын хөл бөмбөгийн шилдэг 12 клуб шинэ тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Эдгээр нь Английн "Манчестер Юнайтед", "Манчестер Сити", "Тоттенхэм", "Ливерпуль", "Челси" болон "Арсенал", Испанийн "Барселона", "Атлетико" болон "Реал", Италийн "Милан", "Интер" мөн “Ювентус” клубүүд юм. 
“Өнөөдөр Европын шилдэг 12 клуб хамтран шинэ тэмцээн болох Супер лигийг зохион байгуулахаар тохиролцов. Долоо хоногийн дундуур тоглолтууд явагдана. Үүсгэн байгуулагч клубүүд тэмцээнийг удирдана. Эхний улирлын өмнө өөр гурван клуб үүсгэн байгуулагчдын эгнээнд нэгдэнэ" гэж хэвлэлийн мэдээлэлд нь дурдсан байна.
Супер лигийн тэргүүн нь “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перес, тэмцээний дэд ерөнхийлөгч нар нь Андреа Агнелли (Ювентус), Жоэл Глэйзер (Манчестер Юнайтед) нар болжээ.
Шинэ тэмцээнийг үүсгэн байгуулагч клубүүд цаашид Европын хөл бөмбөгийн холбоо (УЕФА), Олон улсын хөл бөмбөгийн холбоотой (FIFA) хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 
Харин УЕФА, Англи, Испани, Италийн үндэсний хөл бөмбөгийн холбоодын удирдлагууд шинэ тэмцээн үүсгэснийг буруушааж, эдгээр клубийг үндэсний тэмцээнүүд, мөн УЕФА-гийн ивээл дор явагддаг тэмцээнүүдэд оролцогчдын жагсаалтаас хасна гэж мэдэгдсэн байна. Олон улсын хөл бөмбөгийн холбоо ч мөн Европын Супер лиг зохион байгуулахыг эсэргүүцжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг