sonin.mn
Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Монголын уламжлалт соёлыг сурталчлах, таниулах, өв соёлын дархлааг нэмэгдүүлэх, үндэсний эв нэгдлийг цогцлоох, нийгмийн хөгжил дэх залуусын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүрэн Монгол” төслийг 2021 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.
Дээрх зорилгын хүрээнд нэгдүгээрт үндэсний өв соёл болон соёлын дархлааг бий болгох, хоёрдугаарт үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, гуравдугаарт нийгэм дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад зөв хандлага, дадлыг бий болгох, дөрөвдүгээрт нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж.
 
 
Бүрэн Монгол төслийн хүрээнд Монгол Номадиктур ХХК-тай хамтран "Бүрэн Монгол Гэр" төслийг Монгол улсын 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
 
 
Сүүлийн үеийн олон улсын байгууллагуудын статистик судалгаанаас харахад орон нутгийн иргэдийн өрхийн орлогын 40 гаруй хувийг халамж бүрдүүлж буй үзүүлэлттэй байгаа. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих зорилго тавьж буй хэдий ч орон нутагт аж төрж буй залуучуудад бизнес эрхлэх мэдлэг, туршлага эхлэх санхүүгийн эх үүсвэр зэрэг олон асуудлууд тулгамддаг.
Иймд төслийн зүгээс зүгээс "Бүрэн Монгол Гэр" төслийн хүрээнд 21 аймаг тус бүрт амьдарч, аж төрж буй хөдөлмөрч, амьдралын идэвхитэй, залуу гэр бүлийг сонгон, Иж бүрэн тавилгатай Монгол гэрээр хангаж, улмаар бичил бизнес эрхлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгох, бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэх чиглэлээр чадваржуулах, ингэснээр байнгын ажлын байраа хадгалах, улмаар өргөжүүлэх боломжийг бий болгох гэнэ.
 
Энэ тухай мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс: Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэсэн хүчтэй ард түмэн. Спорт ч гэсэн эв нэгдлийн бэлэг тэмдэг байх учиртай. Харамсалтай нь үндэсний спорт маань сүүлийн үед талцал, хагарлын талбар болчихоод байгаа. Иймд бид үндэсний өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийхээр зарим хүн "Ямар нэгэн зорилготой ийм ажил хийж байна. Улс төр рүү орох гэж байгаа юм уу" гэж хардаж байх шиг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би улс төр рүү орохгүй. Надад үндэсний өв соёлыг тээсэн улсын аварга гэдэг эрхэм нэр төр хангалттай" гэв.
 
 
 
 
О.Чулуут