sonin.mn
ДОХА. /VOA/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ аваргаар шалгарсан Аргентины шигшээ баг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ 42 сая ам.долларын шагнал хүртэнэ.
 
Харин мөнгөн медалийн эзэд болсон Францын хөлбөмбөгчид ДАШТ-ий 440 сая ам.долларын шагналын сангаас 30 сая ам.долларыг хүртэх юм.
 
Францын шигшээ баг 2018 оны ДАШТ-ий алтан цомын эзнээр тодрох үеэр тус улсын хөл бөмбөгийн холбоо ОУХБХ-ны 400 сая ам.долларын шагналын сангаас 38 сая ам.долларыг хүртэж байв.
 
Хэдийгээр тамирчдад бүх мөнгийг хуваарилахгүй ч нэлээд хэсэг ногддог. Тухайлбал, шувтаргын тоглолтод Францын баг ялалт байгуулбал Килиан Мбаппе тэргүүтэй тоглогчид 558 мянган еврогийн /586 мянган ам.доллар/ шагнал хүртэнэ гэж Францын “L'Equipe” сонинд мэдээлж байжээ.
 
Мөн энэ удаагийн ДАШТ-д оролцсон хөл бөмбөгийн холбоо бүр 9 сая ам.долларын шагналын мөнгө, мөн тэмцээнд бэлтгэсний зардал хэмээн 1.5 сая ам.долларыг хүлээн авна.
 
“Катар-2022” тэмцээний гуравдугаар байрт шалгарсан Хорватын шигшээ багийн хувьд 27 сая ам.доллар, дөрөвдүгээр байр эзэлсэн Мароккогийн баг 25 сая ам.долларын шагнал хүртэх ажээ.
 
ОУХБХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн нийт орлого 7.5 тэрбум ам.долларт хүрсний дийлэнхийг тэмцээн дамжуулах эрх, ивээн тэтгэгчийн гэрээ, тасалбарын борлуулалт зэргээс олжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг