sonin.mn
Дараа жилийн наадмыг даанч хол байна даа гэж үдсэн нь саяхан. Даваа бүрдээ хуйрнан шуугиулж барилдсан, арслан, заан, аваргыг дараалан давж аатайхан, хийморьтойхон дэвсэн, улсын харцагаас улсын арслан хэмээх их цолыг эрдэж бярдаж хүртсэн нэгэн залуу хүчтэний амжилт, алдрын хүлээлт болон үлдсэн юм. Эгээ л хүүхэд шиг амттан идэнгээ багшийнхаа захиасыг анхааралтай сонсож зогсоо төрхөөрөө, эр хар нулимсыг эрээлхэлгүй урсган ижий аавдаа гүйн очиж үнсүүлэн буй эгэлхэн дүрээрээ ард олныхоо өхөөрдөл, хайранд умбаж, итгэл найдварын галыг бадраасан “Алдар” спорт хорооны тамирчин, “Таван хан” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр энэ жилийн наадмын нэгэн содон өнгө байлаа.
 
Аав, ээжийнх нь удам хоёулаа барилддаг, хүчтэнтэй ч харин хүүгийн хувьд Н.Түвшинбаяр тамирчин олимпын аварга болж, Монгол Улс олимпын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн цагаас “Жүдо бөхөөр барилдах юм сан, Түвшээ аварга шиг бөх болох сон гэх хүсэл цээжин дотор эмнэг адуу шиг тонгочсоор байсан” гэдэг. Хэдийгээр нас бага ч өөртөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд хүсэж мөрөөдөж явсаар сумын сургуулийнхаа биеийн тамирын багш Л.Гантөмөрийн чөлөөт бөхийн секцэд явж, сургуулиа төгсөх жилээ үндэсний болон чөлөөт бөхөөр Сэлэнгэ аймгийн аварга болжээ.
 
Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Монгол Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй багштайгаа танилцаж, үндэсний бөхөөр түүний удирдлагад тууштай бэлтгэл хийж эхлээд 2016 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын наадамд түрүүлж, сумын заан цолтой болсон залуу урамшиж улмаар 2018 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд 256 бөхөөс найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Монгол бөхийн жудаг, намба, дүрэм ёсоор сум, аймаг, улсын наадмын торгон дэвжээг дараалж, цойлон гарч, хүч бяраа гайхуулж эхэлсэн залуу 2017 онд бэртэлтэй байсан ч хийморио сэргээе гээд Улсын баяр наадамд 19 настайдаа анх зодоглож, нэгийн даваанд Төв аймгийн арслан Э.Ууганбаярт өвдөг шороодож байжээ.
 
Харин дараа нь 2019 онд аймгийн арслан цолтойгоор эргэн ирж барилдаад 21 насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм. Дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх 21 насандаа улсын цолонд хүрснээс сараар нь тооцвол хамгийн бага нь болсон Б.Орхонбаяр мөн тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болсон түүхтэй. Ингэж тэр улсын цол хүртэхийн зэрэгцээ том цолтой, аварга бөхчүүдийн хараанд өртөж, хэзээ ч цахиур хагалж, давж шидэж, өвдөг шороодуулж мэдэх залуу хүчтэн төрж байгаагаа дуулиан шуугиантайхан тунхагласан юм. Тэр ердөө гуравхан жилийн дотор сум, аймаг, улсын цолтон бөх болж, нас залуу хүчтэнээр тодорсон. Улсын начин цол хүртээд хоёр жилийн дараа харцага, ахин нэг жилийн дараа улсын арслан хэмээх эрхэм цол хүртсэн нь түүнд бяр хүч, урам зориг, басхүү олны итгэлийг даах хариуцлагатай үүргийг давхар үүрүүлсэн гэлтэй.   Бид сүүлийн жилүүдэд бөхөд чин халуун сэтгэлтэй, хүндлэл дүүрэн ханддаг, дэвжээнд гараад л хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаараа илт давуу залуу хүчтэнийг харалгүй удсан, тийм хүчтэнээр дутагдаж, цангаж байсан гэлтэй. Тийм л хүлээлтийн ард “Алдар” спорт хорооны тамирчин залуу хүчтэн Б.Орхонбаяр цахиур хагалан гарч ирснээр үзэгчид, бөх сонирхогчдын сэтгэлд гал асаасан юм.
 
Түүний барилдааны бусдаас ялгарах онцлог нь хурд ажээ. Тэрбээр өөрөө ч хамгийн гол давуу талаа хурд хэмээн онцлоод “Яагаад ч юм хурдан барилдчихаад байдаг юм. Мөн аль болох үзэгчдийн сэтгэл хөдөлгөсөн барилдаан хийхийг боддог” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.
 
Энэ жилийн улсын наадмын нэгийн даваанаас зургаагийн даваа хүртэл тэрбээр нийтдээ есхөн хоромд учраа бөхчүүдтэйгээ барилдаж давсныг өгүүлэхэд л түүний хурдны тухай ойлголт уншигчдад маань хангалттай биз ээ. Залуу халуун насны ааг, агшныг мэдрэх бөхийн торгон мэдрэмж, өрсөлдөгчөө өвдөг шороодуулах ухаан түүнийг ийнхүү дэвжээний голд “дүүлэн нисэж”,  эрчтэй, амттай барилдаан үзүүлж, олныг шуугиулж, суудал дээр нь өндөлзүүлэхэд хүргэдэг болов уу. Арваадхан настай жаахан хүү амьдралынхаа ирээдүйг бөхтэй холбон ярих цагаас нь дэмжиж, захыг нь мушгиж, заяа тавиланг нь ерөөж суугаа аав нь “Залуу хүн учраас хурдтай байлгүй яах вэ. Нүд ирмэхийн зуур л хөлийг нь бариад авна шүү дээ. Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан болохоор сууж барилддаг гэж болно. Залуу байгаа юм чинь олон барилдаан, мэх сурах байхаа, миний хүү” хэмээн бахархал, итгэл сүлэлдсэн өнгөөр өгүүлж сууна.  Хамгийн анх Цагааннуур сумынхаа 90 жилийн ойгоор Улсын аварга Г.Эрхэмбаяртай хоёрын даваанд таарч барилдаад унасан ч энэ цаг үеийн энгүй хүчтэн аваргатай барилдсандаа баярлаад чавхны чулуу шиг нисэж явсан тухайгаа энгүүхэн нэг хуучилсан Б.Орхонбаяр богинохон хугацаанд өсөн дэвжсээр энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын 1024 бөхийн барилдаанд Ц.Содномдорж арслангаар долоо давж улсын заан, улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж улсын гарьд, улсын даян аварга Н.Батсууриар ес давж улсын арслан цол хүртэж, улсын наадамдаа үзүүрлэсэн юм.
 
“Хүү нь улсын их баяр наадмын үзүүр, түрүүнд үлдчихээд дээлийнх нь захыг мушгиад сууна гэдэг аав бүхэнд тохиохгүй ховорхон хувь заяа юм билээ. Сэтгэл улам хөөрч, догдолж, заримдаа тайвшрах гэж хичээсэн. Өөрийн эрхгүй л хүүгээ “Түрүүлчихээсэй, түрүүлчих байх” гээд дээлийнх нь захыг мушгиж суулаа.
 
Хоёр хүүг бага байхад ээж нь “Н.Баярсайханы Орхонбаяр гээд аавынхаа нэрийг дандаа өндөрт өргөж бай” гэж хэлсэн юм билээ. Тэгээд ямар нэгэн уралдаан, тэмцээнд орж, шагнал авахаараа “Аавынхаа нэрийг гаргалаа” гээд инээгээд орж ирдэг байсан юм. Энэ жилийн наадмаар хүү минь миний нэрийг Монгол даяар дуурьсгаж, өндөрт өргөлөө. Хүүгээрээ бахархаад баршгүй юм даа. Үүнээс илүү том баяр, аз жаргал гэж хаана байх билээ. Том хүү минь миний мэргэжлийг өвлөсөн бол бага хүү минь бөхийн удмаа залгамжилж байгаад баяртай байна” хэмээн өгүүлэх түүний аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Харин ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн. Б.Орхонбаярын төрсөн нутаг нь Сэлэнгэ аймгийн Орхон сум хэдий ч Цагааннуур сумын харьяат гэж явдаг. Аав нь Орхон суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад хүүгээ таван настай байхад нь гэр бүлээрээ Цагааннуур суманд нүүж очсон байдаг. Тиймээс түүний хүүхэд насны дурсамжаас эхлээд бүхий л зүйл нь Цагааннууртай холбоотой. Н.Баярсайханых хоёр хүүтэй. Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж, Сэлэнгэ аймагтаа амьдарч, цагдаагийн албанд алба хааж явна. Аав нь бас бага хүү Б.Орхонбаяраасаа Хууль сахиулахын их сургуульд орж, цагдаагийн хүн болох уу гэхэд нь хүү барилдах хүслээ дагаж, “Аварга” дээд сургуулийг сонгож байсан нь хувь тавилангийн сонголт мэргэн байжээ гэж бодохын зэрэгцээ эрч хүчтэй залуу хүчтэнүүдийн уухайн түрлэгтэй барилдааныг бахархан үзэх хувьтай монгол түмний заяа өөдөө байдагт таларха
 
Хоёр хүүгээ ээж нь нийгмийн идэвхтэй, хүмүүжилтэй, урлаг, спортын авьяастай, зөв хүмүүс болгож өсгөжээ. Тэднийгээ тавдугаар анги хүртэл нь сургуульд нь хүргэж өгч, тарахад нь авч, хичээлийг нь хийлгэдэг байжээ. Хүүхдүүд дунд ангид орсноосоо хойш өөрсдөө биеэ дааж эхэлсэн.
 
Бага хүү Б.Орхонбаяр гэхэд “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадамд идэвхтэй оролцдог, шагналт байр эзэлдэг, урлагийн үзлэгт дуулахаас бусад үзүүлбэрт ордог байв. Түүний зохиосон шүлгүүд одоо ч аавынх нь цуглуулгад нандигнагдан байдаг гэнэ лээ. Багаасаа шүлэг цээжлэх, уран унших, сагс, гар бөмбөг тоглох сонирхолтой, аливаад идэвх, санаачилгатай, эхлүүлснээ заавал дуусгах зорилготой, тууштай хүүхэд байсан талаар аав нь дурсана билээ. Одоо ч шүлэг унших дуртай. 
 
“Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг...” хэмээн “Миний шүтээн” найраглалыг энгүүхэн хэр нь ээ сэтгэлд хоногштол унших... Сэтгэлээс ундарсан хөг сэтгэлийн утас хөндөхийн учир-ын эзэн Элон Маск зэрэг алдрын зэрэгт хүрсэн бодит хүмүүсийн амьдралын замнал түүнд нэг талаар сэтгэл зүйн бэлтгэл болж өгдөг гэсэн. 
 
Бөх сонирхсон цагаасаа тэр А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудын барилдааныг шимтэн үзэж, мэхийг нь судалж, бахархаж, огшиж үздэг байжээ. Мөн Ирландын холимог тулаанч Конор МакГрегорын тулаан, хөл бөмбөгчдөөс Криштиану Роналду, сагсчдаас “Оклахома сити”-гийн Расселл Вестбрүүкийн тоглолтуудыг үзэж, тэдний ур чадвар, спортын характер, хурд, тэсрэлтийг мэдэрч, урам зориг авдаг гэсэн. Мөн үргэлж зааж зөвлөж, дэргэд нь байдаг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийгаа илүүтэй хүндэтгэдэг, түүнээс эрч хүч авдаг. Харин багш нь  “Ливерпүүл”, “Лэйкерс”-ийн улаан фэн төдийгүй Олимпын гурав, Дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга, алдарт бөх Бувайсар Сайтиев, улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн шүтэн бишрэгч гэнэ лээ. 
 
Тэр Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлагад “Алдар” спорт хорооны “Таван толгой” цэргийн баазад наадмын бэлтгэлд гардаг бөгөөд эхний жилээ аймгийн наадамд түрүүлж, улмаар дараа жил нь улсын цолонд хүргэсэн, ивээл хайраа өгсөн өгөөжтэй газар хэмээн сэтгэлдээ сүсэглэн боддог.  Мөн тэрбээр өөрийн амжилтаа багштайгаа холбож “Хүн амжилтад хүрэхэд үргэлж бусад хүмүүсийн нөлөөлөл байдаг. Багш маань бүх зүйлээрээ бидний амьдралд, спортын амжилтад үлгэр жишээ болдог” хэмээгээд “Бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл. Бэлтгэл сайн хийж байж л амжилтад хүрнэ. Ер нь амжилтын нууц гэж айхтар зүйл байхгүй дээ. Юуг ч байсан байнга, тогтмол, үнэнч шударгаар, тууштай л хийх хэрэгтэй” гэж
 
Үнэхээр бөхийн дэвжээнд гарахдаа тэр хэчнээн эрхэмсэг, омголон, цээж тэнүүн, харц уужим гэрэлтэж харагддагийг түүнд хайртай үзэгч түмэн андахгүй. Тиймдээ ч түүнийг ирээдүйн аварга хэмээн итгэлийн галыг өрдөж суудаг билээ.
 
Арслан маань одоогоор СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" барилдаан, Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан барилдаануудад түрүүлж, "Босоо" хэмээх Ганжууржавын Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойн барилдаан, Улс тунхагласны 95 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр, Монгол Улсын начин цолтнуудын хүндэтгэлийн барилдаан, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам зэрэгт үзүүрлээд байгаа билээ. Цааш цаашдаа мөн ч олон барилдаан, үзүүр түрүү хүлээж байна даа, залуу хүчтэнийг маань... Үүнийгээ ч өөрөө сэтгэлдээ гүнээ мэдэрч байгааг “Монголын ард түмнийхээ хайр, хүндлэлийг дааж, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цолоо ахиулж барилдахын төлөө хичээх болно. Бүх л сайхан бөхчүүд, үе тэнгийнхэн маань бэлтгэл сургуулилт, барилдааны ур чадвараараа эн тэнцүү өрсөлдөж яваа.
 
 
Хэн ямар цолонд хүрч, ард түмнээ баярлуулах нь зөвхөн өөрөөс шалтгаална. Хүн бүр аварга болох албагүй. Гэхдээ үндэсний бөхийн спорт хүнд бүх төрлийн хүмүүжил өгдөг учир энэ замаар явж байгаадаа бие, сэтгэлийн хувьд дүүрэн байдаг. Ингэсэн бол, тэгсэн бол гэсэн эргэлзээ байхгүй. Ямартай ч би үндэсний бөхөөрөө тууштай барилдана” хэмээсэн түүний чин сэтгэлийн өчлөөс харж болно. 
 
Түүний цахим хуудсаар зочилсон хэн нэгэн “Хөдөлмөрлө, өөрийгөө хэзээ ч зогсоох ёсгүй мэт, өөрийгөө ямар ч амжилт үзүүлээгүй мэт. Xөдөлмөрлө!” гэсэн уриа үгийг нь харсан л байх. Тэр энэ үгийг сэтгэлдээ байнга бодож, цуцалтгүй зоригжин ирээдүйд тэмүүлдэг. Түүнийг олж уулзах, цаг товлоход амаргүй байдгийн үндсэн шалтгаан нь бэлтгэл, бас дахин бэлтгэл байдаг юм билээ. Бэлтгэл нэг бүрээ хичээж, хөлсний дусал бүрээ үнэлж, сэтгэлээсээ шаргуу хийдэг түүний сэтгэл хөдлөлийн дээд илэрхийлэл нь давахаараа өндөрт үсэрдэг. Өөрөө “пүрштэй юм шиг” гэж бүр тодотгоно билээ. Тамирчин хүний сэтгэл хөдлөл, энэ мэт зан үйл нь өөрийгөө огшоох, дараагийн даваа, цааших амжилтын очлуур болдог доо. Монгол бөхийн түүхнээ “Боохой” хэмээн алдаршсан Д.Данзан арслангийн өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаар овоглодог залуу арслан нутаг усандаа сайн үйлс өрнүүлсэн тухай чих дэлслээ.
 
Тэрбээр төрөлх сумынхаа эмнэлэгт 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий шүдний иж бүрэн тоног төхөөрөмж хандивласан ажээ. Аз жаргалыг сэтгэлийн амар амгалан гээд амьдралынхаа мөч бүхэнд талархаж явахыг хичээдэг залуухан түүнд сурах зүйл ч их бий, мөн бусдад үлгэрлэн манлайлахын учиг шалтгаан олон байна. Цаг наргүй бэлтгэлдээ ядрах мөч бий гэлээ ч шантарч няцах бодол хэзээ ч төрж байгаагүй гэнэм. Төрөлхийн хурд хүч, түрүүлэхийн хүсэл аархлаараа дэвэн дүүлж яваа, хөдөлмөрлөн зүтгэж байгаа залуу арслангийнхаа захыг мушгин, амжилтыг ерөөе. 
“Барианд ороогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ, харах сан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ, үзэх сэн гэж яарнам... гэсэн С.Дашдооров найрагчийн “Хойтон жилийн наадам” шүлгээр энэхүү хөргөө жаргаая.
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин