Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Уугуул нутаг гэвэл Дорнод аймгийн Баян-Уул сум. Тэр ч утгаараа Зэвсэгт хүчний 327 дугаар ангид анх цэргийн алба хааж эхэлсэн. Тус анги байгуулагдсанаас ердөө хоёр жилийн дараа буюу 1999 онд юм даг. Тухайн үед “Хар сүлдний тахилга” болохтой холбогдуулж Зэвсэгт хүчний хэмжээнд сур харвааны тэмцээн зохион байгуулахад миний бие 327 дугаар ангийн данстайгаар оролцсон юм. Угтаа бол аавын маань хэлж, зөвлөснөөр очсон хэрэг. Манай өвөө, аав, ах дүү гээд бүгд л удам дамжсан харваачид.
Ангийн захирагч хүсэлт тавихад нь ах, дүү хоёрыг үлдээгээд намайг тэмцээнд оруулсан юм билээ. Тэмцээндээ амжилттай оролцож, түрүүлсэн болохоор хэн хүнгүй л ам сайтай. Ингээд ангидаа гэрээгээр ажиллаж байгаад үргэлжлүүлэн ахлагчийн албанд улирсан. Одоо бодоход аав намайг сонгож хот руу явуулсан нь цэргийн хүн болох замыг минь засжээ гэж боддог.
Аавын маань тухайд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Санхүүгийн мэргэжилтэй, дээд боловсролтой тул ангидаа давхар нягтлан бодогчоор ажиллаж байсан гэнэ лээ. Бас болоогүй халагдсан даруйд нь ахлагчийн албанд улираасан гэж аав ярьсан. Түүнээс хойш ЗХЖШ-т хүний нөөц, санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж байгаад цэргийн албанаас чөлөөлөгдсөн байгаа юм. Тэгэхээр аав өөрөө цэрэг, армидаа их элэгтэй гэдэг нь тодорхой. Өөрөө ч хэлсэн. Амьдралын гачигдал, зарим хүндэтгэх шалтгааны улмаас цэргийн албанаас халагдсан болохоос биш цааш ажиллах сонирхол уг нь байсан гэдэг.
Таныг авч үлдээд ах, эсвэл дүү чинь тэр тэмцээнд оролцсон бол гэж бодогддог уу?
-Би тэр үед хуучнаар “Гал” одоогоор аймгийнхаа аврах ангид ажилд орох гээд явж байсан. Шүхрээр буухыг их хүсдэг байлаа. Хэд хэдэн ч удаа уулын орой руу шүхэртэй гүйнэ, бас түүнийгээ эвхэж хураана. Хүүхдээрээ шахуу байсан болохоор сэтгэл хөдлөөд их л шаргуу хөдөлмөрлөнө. Гэтэл нэг өдөр шүхрээ модны мөчирт тээглүүлээд “чи чадахгүй юм байна” гэдэг богинохон боловч хатуухан үгсийг сонсоод гэрийн зүг буцаж билээ. Харин энэ мэдээг аав сонсоод төдийлөн тоогоогүй нь 327 дугаар анги руу явуулахаар хэзээнээсээ шийдчихсэн байсантай холбоотой байх гэж боддог. Түүнээс хойш олон ч тэмцээн уралдаанд оролцсон.
Заримдаа хотод тэмцээнд орчхоод гэртээ ирээд удаагүй байхад л намайг дуудуулна. Бас л тэмцээний сургаар хотыг зорино. Тэмцээн бүрд л ангиас зардал өгөөд байх боломжгүй тул, хэд хэдэн тэмцээнийг бөөндчихөөд л ирдэг байлаа. Тэгж байтал ангийн захирагч хурандаа Г.Энхбаатар хот руу шилжихээр боллоо. Ингэхдээ бас л намайг ихэд тоож, “Чи хотод суурьш, тэмцээн уралдаан гээд байнга нааш, цааш явдаг хүнд амар” гэж хэлсэн.
Би ч 2004 оноос Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Цэргийн цагдаагийн бүлэгт ажиллах болсон. Харин 2007 оноос Зэвсэгт хүчний 015 дугаар ангид томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Багаасаа сур харвахаас гадна ан гөрөөнд дуртай, буу шийдэм сонирхдог байсан болоод ч тэр үү тус ангид томилогдсондоо их олзуурхдаг юм.
Та сурын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-1992 оноос хичээллэж эхэлсэн. Манай гэр бүлийнхэн бас сур харвааны тамирчид гэж хэлсэн дээ. Аавыг минь Л.Ренчиндорж гэдэг. Улсын мэргэн цолтой, спортын мастер. Харин ээж О.Ваанчигмаа улсад хоёр удаа үзүүрлэсэн гоц харваач цолтой. Залуудаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан гэдэг.
Төрсөн цагаас минь л манай гэр бүл спортоос нэг ч удаа хөндийрч байгаагүй. Тэр нь ч надад их нөлөөлсөн. Аав, ээжийгээ дагаад ханцуй, суганд нь хавчуулагдах шахам явдаг байсан бол бие өсөж, ухаан тэлэхийн хэрээр өөрөө тэмцээн уралдаанд тогтмол оролцох болсон.
Ер нь 1997 оноос хойш уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн. 2002 онд “Алдар” спорт хорооны анхны сурын багийн бүрэлдэхүүнд багтаж байв. Анхлаад 2-3 хүн л байсан бол тус онд Бүх ард түмний спартакиад зохиогдоход 14, 15 хүн болж өргөжсөн байж билээ. Багаараа гурван төрөлд нь алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэд байр эзэлсэн. Тухайн үед "Алдар" спорт хорооны даргаар О.Балжинням аварга ажиллаж байв. Харин “Буурал” хэмээх тодотголтой хурандаа Д.Цог-Эрдэнэ дарга орлогчоор нь ажиллаж байхдаа намайг анх өлгийдөж авсан хүн гэж болно. Үүний ачаар би дан сур харваа гэхгүй, гүйлт харайлт, цана, буудлага гээд явж өгсөн дөө.
Спортоор хүмүүжсэн гэр бүлийн онцлог гэж яалт ч үгүй бусдаас ялгардаг юм шиг. Таны хувьд...
-Спорт өөрөө нэг ёсны тэсвэр хатуужил олгохоос гадна олны дунд биеэ авч явах, үг үйлдлээ хянах, бүх талын соёл, хүнтэй харилцах чадвар, хүмүүжил төлөвшилд сургадаг гэж боддог. Өөрийн эрхгүй л сурдаг юм билээ. Хүүхэд байхдаа томчуудыг дагаад л тэмцээн уралдаанд явна. Тэгэх бүрд аав, ээжийн захиасыг хамгийн их чухалчилж байгаа юм. Хэлснээс нь зөрөөгүйдээ оносон л байдаг. Бас тэгээд үг дааж сурна. Хатуухан үг хэлэхэд түүнээс авахыг нь аваад, бусдыг нь гээчихдэг байх хэрэгтэй. Сурын спорт эрүүл мэндэд ч тустай. Бөгтийж байгаад сур харвадаг хүнийг би хараагүй. Сур харвах үеийн зогсолт, байрлал хүний нурууг өөрийн эрхгүй цэх болгочихдог. Тэр ч байтугай авто ослоор нурууны гажигтай болсон хүн энэ спортын ачаар бага багаар засарсаар бүрэн эдгэрснийг ч мэдэх юм.
Тамирчин хүнд том жижиг гэлтгүй анхны тэмцээн их тодоор тусч үлдсэн байх...
-Анх 1993 онд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн 40 жилийн ойн тэмцээнд оролцон түрүүлж байлаа. Түүндээ их урамшсан. Аав, ээж ч энэ авьяасыг минь дэмжиж нэг нум бэлэглэсэн. Ёстой л шидийн гэмээр тэр нумаар нь олон ч тэмцээн уралдаанд түрүүлдэг болсон. Харин 1997 онд анх идэрчүүдтэй өрсөлдсөн юм. Дорнод аймгийн Чойбалсан хотын 60 жилийн ой тохиож байв.
Аав мотоцикл дээр ээжийг сундлаад аймгийн төв орохоор боллоо. Би ч хоцорч үлдчих вий гэсэн шиг санд, мэнд хамт явна гэхэд “Миний хүү бэлтгэлгүй байгаа. Энэ удаад өнж” гээд халгаасангүй. Гэтэл үнэн хэрэг дээрээ аав, ээжтэй өдөржингөө хамт байгаа хүн чинь бэлтгэлтэй байхгүй гээд яах юм бэ.
Унаан дээр багтахгүй, тэгээд ч 200 гаруй км хол зам туулах учир үлдээсэн болов уу. Би ч тэднийг явсан хойно нь дээл, бүс, бусад хэрэглэлээ аваад замын унаанд суучихлаа. Очоод айлд хоночхоод өглөө наадмын талбайд аав, ээж хоёртой таарлаа. Үгэнд нь оролгүй том толгойлсонд минь зэмлэх аядсан ч нэгэнтээ ирчихсэн учраас яалтай билээ гээд зөвшөөрөх янзтай болоод ирэв. Урд өдөр нь “Тэгж ярих юм бол, би та хоёроос илүү харвачихна. Ганхуяг миний хүү ирж шагналаа аваарай гээд зарлахад нь шинэхэн зурагтаа очиж авна даа” гээд өөртөө их л итгэлтэйгээр хэлж билээ. Энэ үгийг сонссон ээж "Амны билгээс ашдын билэг гэдэг хүүгээ аваад явчих юм уу" гэхэд аав харин намайг амныхаа зоргоор ярьж байх шив гээд дургүйлхсэн юм. Гэтэл яасан гэж санана. Би ээжийн нумаар харваж, түрүүлээд аав, ээж ч итгэж ядаад. Ёстой л хэлсэндээ байж индэр дээрээс нь өнөөх зурагтыг нь авсан даа. Тэгэхэд, миний хүү амны бэлгээр алсдаа сайн явах юм байна гэж аав, ээж намайг нэг сайн магтаж билээ.

Яг л хэлснээр нь явсан. 2000-2003 оны улс, аймгийн баяр наадмуудад харвасан л бол хоосон буцаж байгаагүй. 2002 онд Улсын аварга шалгаруулах Урианхай сурын тэмцээнд түрүүлснээр спортын мастер цол хүртсэн. Харин Буриад сурын хувьд их чанга. 64 сум тавьж, 57 оносноор спортын мастер болдог. 2011 онд буриад сураар спортын мастер болсон.
Цанын спортоор хэзээнээс хичээллэж эхлэв. Ер нь суурьтай байсан уу?
-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид томилогдоод л цанын спортод хөл тавьсан. Хүүхэд байхдаа гулгаснаас биш мэргэжлийн тамирчин байж үзээгүй ч оролдож үзмээр санагдаад болдоггүй. Ингээд 2004 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цанын тэмцээнд сэлгээний тамирчнаар авч оролцуулахаар болов. Хүлээн зөвшөөрч чадаагүй тул бүгдтэй нь уралдаж гүйцээд тэмцээндээ нүүр бардам орж, хүрэл медаль хүртсэн. Хичээвэл болж, бүтэх юм байна гээд багагүй урамшсан тул дараа жилүүдэд нь зарим төрөлд 4 алт, мөнгө, хүрэл медалиудтай болчихлоо шүү. Би боддог юм. Энэ уралдаан тэмцээнээс гадна аймгаасаа гарч хотод суурьшаад удаагүй байтал бүр хилийн чанадад үүрэг гүйцэтгэх ховорхон тохиолын эзэн боллоо.
Тэгвэл ярилцлагаа энэ зүгт чиглүүлье дээ?
-2006 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Ээлж хүлээлцэхэд цагийн байдал харьцангуй тогтвортой байсан. Гэтэл сар гаруйн хугацаа өнгөрсний дараа хүндэрч эхэллээ. Байнгын халдлага, буун дуу хадаастай. Бид ч үргэлж бэлэн байдалд. Намайг хоолны газрын манаа халагчаар үүрэг гүйцэтгэх үед хүчтэй халдлага болсон. Хоолны зааланд байсан бүх хүнийг хоргодох байранд яаралтай оруулсан. Бид сүүлийн хүнийг л гэхэд өргөөд гүйх шахам явж билээ. Бид аюулгүй байдлыг нэн түрүүнд хангаж, бусдын амь насыг авран хамгаалах талаар бараг зуршил болтол нь бэлдсэн. Айж, сандарсан тэр олон хүний зарим нь шоконд орчихсон, байгаа газраасаа хөдөлж чадахгүй гээд янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байв. Ямартай ч богино хугацаанд бүх хүнийг хоргодох байранд аюулгүй аваачсан.
Эргээд иртэл хоолны газар юу ч үгүй шатаж, сүйдээд хэдэн араам үлдсэн байлаа. Хойморт байдаг төрийн далбааг харахад хумигдаж шатаад, нар, сар гал гурав нь арай чүү үлджээ. Монгол хүний заяа их юм, Төрийн далбаа минь биднийгээ ивээжээ гэж ихэд сүсэглэсэн. Дараа нь түүнийгээ Монгол цэргийн музейд халдлагын үеийн гэрч хэмээн сэтгэж бас бус зүйлсийн хамт хүлээлгэн өгсөн. Дараа нь 2010 онд Чад, 2016 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр ажиллагааны хувьд ямар нэгэн хүндрэл гараагүй. Би ч сэтгэл зүйн хувьд бүр ч илүү бэлтгэгдсэн байснаа мартдаггүй юм. Гэлээ гээд хүний газар яваа тул сэрэмж алдаж болохгүйг цаг ямагт ухамсарлаж байв. Ажиллагаанаас ажиллагаа бүрд надад бодогдсон зүйл гэвэл бид ямар тайван амгалан улсад төрөө вэ. Монголын минь тэнгэр эрхгүй биднийгээ харж явдаг юм шиг ээ.
Таны хувьд сурын спортын тамирчнаас гадна өв соёлоо тээж, түгээн дэлгэрүүлэгч нь гэж ойлгож байна. Харь газар байхдаа орон нутгийн иргэдэд түүнийгээ сурталчлан таниулсан л биз дээ. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэгэлгүй яах вэ. Бид чинь баяр наадмаа тэмдэглэхдээ бусад орны цэргийн алба хаагч, орон нутгийн иргэдэд үндэсний өв соёл, уламжлалаа сурталчлан таниулна. Тиймдээ ч би нум сум, дээлээ аваад л явдаг. БНӨСУ-д гэхэд морь уралдах боломжгүй тул сур харваж, бөх барилдана. Суданы улаан модоор нь сум хийгээд үндэсний халх харваа, зэвт харваа ийм байдаг гэхчлэн үзүүлж харуулсан. Сонин хэвлэлд тухайн үедээ гарч л байсан байх. Миний буриад дээлийг хараад хүмүүс их гайхсан. Монголчуудын өмссөн дээл нь хоёр өөр байхаар тэгэх нь ч аргагүй болов уу. Гадаадын сэтгүүлч их сониучирхаад байсан тул “Монгол Улсад бас олон ястан байдаг. Би нэгнийх нь төлөөлөл. Тэгээд энэ дээлийг өмсдөг юм” гэж хэлсэн л дээ. Зөвхөн ажиллагааны газар орон гэлтгүй бусад үед ч түгээн дэлгэрүүлэх энэ үүргээ гүйцэтгээд л явж байна. Манай удамд гавьяат тамирчин, сурын спортын анхны хөдөлмөрийн баатар А.Цэвээн гэж хүн байсан. Бид өвөө гэж дууддаг. Түүний хүү улсын наадамд 4 түрүүлсэн Ц.Хүдэрчулуун гэж бий. Бидэнтэй ойр холбоотой байдаг хүмүүсээс харахад зарим нь нум сум харвахгүй ч гэрийнхээ хойморт залдаг болчихсон байна лээ. Надад л гэхэд хамгийн удаж байгаа нум гэвэл 20-иод жил болж байна. Энэ хугацаанд бага зэрэг суларч, зөөлөрсөн. Өвөөгөө амьд сэрүүн байхад нь хамжаад 40 гаруй нум хийж байлаа. Нум гэдэг хүнээс ялгаагүй л арчилгаа, тордолт шаарддаг. Бас харваач хүн нумаа өөрөө хийчихдэг байх хэрэгтэй гэж өвөө захидаг байж билээ.
Сүүлийн жилүүдэд зөвхөн гадаадын жуулчид ирэхэд л түүнийгээ гаргаж харуулдаг биш өөрсдөө ч сонирхож, энэ спортыг хөгжүүлж байгаа нь сайшаалтай. ЗХЖШ-ын даргаар Ц.Тогоо генерал ажиллаж байх үедээ Зэвсэгт хүчин үндэсний сурын спортыг хөгжүүлэх ёстой гэж үзээд тушаал гаргаж байсан юм. Ингээд ангиуд нум сумтай, тамирчидтай болж эхэлсэн. 2002 онд Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд гарчихсан байхдаа 10 ангийн захирагчаас 10 хүн хүлээж авч байлаа. Тэднээс тууштай 3 нь үлдээд улсын баяр наадамд оролцож, гайгүй сайн амжилт үзүүлсэн. Монгол эрчүүд харвахгүй ч ядаж нэг эвшээлгэе гэдэг заншилтай. Эрт дээр үед битүүн, шинийн нэгэндээ тооноороо сум тавьдаг байсан юм гэнэ лээ. Хэр хол, ойр харвахаас тухайн жилийн зурлагаа шинждэг байсан.
Ам гарч болдоггүй гэдэг дээ. Танд тийм явдал тохиолдож байв уу?
-1997 оноос хойш би улсын баяр наадамд оролцож байна гэж хэлсэн дээ. 2000, 2001, 2002 онд буриад сурын төрөлд хүрэл медаль хүртсэн. Бусад төрөлд нь айрагдаж байлаа. Одоо санахад тэр нэг жил би сүүлийн дөрвөн сумаараа оночихвол Халх сураар эхний гурван байрт орох нь дамжиггүй болоод байсан юм. Би ч нумаа эрс шийдэмгий зүтгүүлэхэд бэлэн. Гэтэл утас хангинаж байна. Автал аав, ээж хоёр аймгийнхаа наадамд гэр бүлээрээ түрүүлсэн гээд бөөн баяр. Би ч тэгэхээр дээгүүр харвахгүй бол болохгүй нь дээ гэсэн албан бус даалгавар авлаа. Даалгавар авсан гэхээсээ илүү дагаж хөөрөөд, хэт их хичээсэндээ сэтгэл зүйн хувьд өөрийгөө гүйцэд барьж чадсангүй. Эхний сум дутаж, дараагийнх нь давсан байдаг юм. Сүүлийн хоёр сумаараа оносон ч нэмэргүй л дээ. Миний ийм байгааг хараад багийнхан маань их л гайхсан даа. Чи яав, ийв л гээд байсан. Зарим нь ч тэмцээний дундуур утсаар хүнтэй ярилаа гээд зэмлэнгүй. Сэтгэл хөдлөлөө сайн барьдаг, гаднын хүчин зүйлээс өөрийгөө тусгаарлаж чаддаг гэсэн ойворгон бодлыг минь өөрчилсөн юм, энэ явдал. Харин 2000-аад оноос хойш “Алдар” спорт хорооны багийн хувьд улсын баяр, тэмцээн уралдаанаас медальгүй ирсэн удаагүй. Түүнээс хойш алдар цолтой олон ч тамирчин төрөн гарлаа. Эхлээд улсын баяр наадамд 300-400 харваач л ирдэг байсан бол одоо энэ тоо бараг хоёр дахин өссөн. Энэ өрсөлдөөн дундаас л манай “Алдар”-ынхан торойж гарч ирээд байгаа шүү дээ. Энэ спортоор тууштай хичээллэвэл заавал амжилтад хүрнэ. Онцлог нь маш их тэсвэр шаардсан спорт. Сумаа тавьчхаад дараагийн ээлж болтол хүлээнэ. Удаан зогсоно, халуун нар дээрээс төөнөнө. Тэгэхэд нь би сүүдрээс харвая гэж хэлээд байлтай биш. Тэвчээртэй, хүлээцтэй болохгүй гээд яах вэ.
Хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг гэж сонссон. Таны яриагаар бол ээжээсээ өвлөсөн байх нь...
-Ээж 7 дугаар ангид байхдаа хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоод Ази тивээс хүрэл медаль хүртсэн гэсэн. Насаараа жолооч хийсэн ч спортоо орхилгүй хажуугаар нь сур харваж, гүйсээр л. Бид ч багаасаа спортлог байсны хүчинд эрүүл чийрэг болж, өсөж хүмүүжсэн. “За эдний хүүхдүүд оролцож байгаа бол ойлгомжтой биз дээ” гэж хэлэх хүн ч олон байсныг санадаг юм. 2009 онд зохиогдсон Багахангайн марафонд гүйлтийн тэмцээнд анх оролцоход 50 км-ийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Бас л болмоор санагдаж байгаа юм. Айхтар хурдан биш ч хэмнэлээ тааруулаад гүйчихвэл нэг их хэцүүгүй санагдсан. Гэтэл 100 км-т гүйсэн 60 орчим насны хүн хүрэл медаль хүртчихсэн байхыг хараад өөрийгөө болоогүй юм байна гэж голонгуй бодоод ч амжлаа. Түүнээс хойш 4, 5 удаагийн марафонд оролцсон. Хамгийн хүнд нь цэцэрлэгт хүрээлэнд болсон 24 цагийн марафон. Тасралтгүй 24 цаг гүйсээр шөнө дундын үед нэлээн цуцсанаа мэдэж, болихоор шийдээд байв. Гэтэл тэнд эхнэр, хүүхдүүд хамт ирчихсэн. Хүүхдүүд удахгүй үүр цайх нь багахан тэсчих гээд байхаар эрхгүй босоод ирэх шиг болсон. Гүйсээр байгаад бариандаа ороход 219 удаа тойрсон байна лээ. Ингэж олон улсын хэмжээний спортын мастер цолны болзол хангасан. Улмаар сур, цана, хөнгөн атлетикийн төрлөөр гурван спортын мастертай болчихсон хүн дээ. Мөн 2015, 2016, 2017 онд Хүндэт жуух, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, БХЯ-ны Хүндэт жуухаар шагнуулснаа спортод зүтгэсний ач, гавьяа гэж боддог.
Жилийн хэд хоногийг нь тэмцээн уралдаанд зарцуулж байна гэдгээ та бодож үзэв үү?
-Нэгдүгээр сараас л хамгийн ойрмогхон болох тэмцээний бэлтгэл эхэлнэ. Цанын тэмцээн, гурван төрөлт, марш гээд шил шилээ дарсан тэмцээнүүдийн нэгэнд нь л багадаа сар гаруй хугацаанд бэлдэнэ шүү дээ. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд залуудаа бол түрүүнд нь гүйж очоод л оролцдог байсан. 2019 онд 40 настайдаа Зэвсэгт хүчний аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Эрэгтэй ахлагч”-ийн төрөлд нь оролцоход охиныхоо үеийн залуутай өрсөлдөөд хойно нь хэдий ч нэг их хол тасраагүй орж ирсэн дээ. Дараа нь үндэсний сурын бэлтгэлээс авхуулаад бас хэдэн тэмцээн бий. Ойролцоогоор нэг жилийн хугацаанд 120 хоногийг нь бэлтгэл, тэмцээн уралдаантай өнгөрүүлсэн байна. Эхнэр маань адилхан цэргийн хүн тулдаа л энэ олон жил намайг ойлгож, дэмжиж байна.
Тийм ээ. Цэргийн хүний гэргий гэдэг их хувь заяа, тийм дайны тэвчээр хөдөлмөр гэж ойлгодог?
-Гэр бүлийн хүн П.Мягмарсүрэн маань надтай адил Зэвсэгт хүчний 015 дугаар ангид ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан. Анх Дорнод аймгаас л мөн ажил, амьдралын гараагаа эхлүүлж, тэр цагаас хойш бид хамтдаа тулгаа тулж, галаа бадрааж явна даа. Бид хоёр охинтой. Том нь ЕБС-д багшилдаг бол бага нь сурагч. Хоёулаа гар бөмбөг, ширээний теннисээр хичээллэдэг. Чөлөөт бөхөөр явна гэхээр нь арай хатуудах болов уу гээд болиулчихсан юм.
Төгсгөлд нь асуухад бид харьцангуй залуугаараа тэтгэвэрт гардгийг та мэднэ. Харин таны хувьд тэр үедээ хэрхэх вэ гэсэн амьдралын цаашдын дүр зургаа тодорхойлж амжсан уу?
-Ангидаа ажиллах хугацаандаа залуучуудаа хүний гар харахааргүй ур чадвартай болгочих юм сан гэж боддог. Манайхан намайг юмхнаар юм хийдэг гэж мэддэг. Тиймдээ ч зориод ирэх хүн олон. Миний хувьд сумны хонгио, элдэв хаягдал төмрөөр гар урлал хийдэг болоод удаж байна. Дорнодод залуу байхдаа мужаан мэргэжил эзэмшсэн. Түүнээс өмнөхөн уг нь модоор юм хийж бараг сурахтайгаа болоод байсан үе. Амьдрал хүнийг гарцаагүй сургадаг юм билээ. Тухайн үед юу болсон гэхээр, гэр маань шатаж, манайхан өмссөн хувцаснаас өөр хогшилгүй үлдсэн юм. Би тэгэхэд нь сургуулиа хаяж өвөөгийн авдраас багажуудаа аваад хүнд шавь орохоор явлаа. Чухамдаа өөрийнхөө гараар гэрийнхээ бага сага юмыг хийе гэж бодсон хэрэг. Нэг сандлыг хийх гэж бүтэн сар болсон. Нэлээд нухаж байж гараас гаргасан. Дараа нь гэрийн хана, тооно, унь, хаалга, ширээ сандал, зарим тавилгуудаа овоо дориун хийчихлээ шүү. За тэгээд сүүлдээ байшин сав бариад явсан даа. Цэргийн ангид ажиллах болсон ч сурсан зангаа тавилгүй гар урлалаа орхиогүй л явна даа. Хэрэв тэтгэвэртээ гарвал хувиараа тавилгын үйлдвэрлэл эрхлээд явъя гэж бодож байгаа. Бодох нь ээ, Улиастай, Хужирбулан, Гачууртынхан тавилга авах гээд л явдал чирэгдэл болж “100 айл” ордог. Ойрхон сайн чанарын тавилгын үйлдвэртэй болчихвол бас хэрэгтэй гэж боддог. Өөр бас бодсон юм бий. Импортоор аваад байгаа тэр олон бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд байвал гадагш гарах мөнгө нь ядаж эх орондоо үлдэх юм даа.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Baharhmaar saihan hyn baina. Tand az jargal , eryyl enh, amjilt , sain saihaniig hysen erooe