Саяхан болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын спортын хоёрдугаар их наадамд дэлхийн 71 орны 14 мянган тамирчин спортын 25 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. “Спорт бүх нийтийн төлөө” олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, “өрсөлдөөн бус нөхөрлөл” гэсэн уриан дор таван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү Азийн спортын наадамд энэ жил манай улсаас 300 гаруй тамирчин амжилттай оролцлоо. Тэднээс бид хөнгөн атлетикийн тамирчин, спортын хошой мастер Р.Гаадангийн гэр бүлийг онцолж байна.
Өрхийн тэргүүн одоо 73 настай бөгөөд спортоор хичээллээд 50 гаруй жил болжээ. Тэрбээр энэхүү наадмын 70-74 насны ангилалд бөөрөнцөг түлхэлт, дүүгүүр шидэлт, зээрэнцэг шидэлт гэсэн гурван төрлөөр оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Харин түүний гэргий Э.Хүүхнээ 65-69 насны ангилалд гүйлт (200м), алхалттай 80м гүйлт, өндрийн харайлт, дүүгүүр шидэлтийн төрлүүдэд оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн бөгөөд дүүгүүр шидэлтээр +65 эмэгтэй насандаа Ази тивийн болон Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Мөн тэдний хүү Г.Баттүшиг нь 35-39 насны ангилалд гүйлт (400м), өндрийн харайлт, уртын харайлтын төрлүүдээр оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт үзүүлжээ. Энэхүү наадмын хөнгөн атлетикийн төрөлд гэхэд 30-100 гаруй насны тамирчид оролцдог бөгөөд зуу гаруй настнууд алхаагаар өрсөлддөг юм байна. Анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож, дээрх бахархам амжилтын эзэн болсон Р.Гаадан гуай “Өмнө нь нас бол тоо гэдгийг сонсоод сонин санагдаад л өнгөрдөг байсан бол өнөөдөр энэ тэмцээнд оролцоод, зуу гаруй настнуудын дэргэд дал гарсан бид чинь хүүхэд шиг санагдаж байна. Дахиад ч хорь гучин жил спортоо хичээллэж, тэмцээнд оролцох хугацаа байгааг ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэдний хүү Г.Баттүшиг БНСУ-д ажиллаж амьдардаг, гурван хүүхэдтэй нэгэн агаад ажлынхаа зэрэгцээ спортоор хичээллэж, энэхүү тэмцээнд өөрөө оролцохын зэрэгцээ Монголын баг тамирчдаа дэмжиж, аав ээжийнхээ үе тэнгийн ахмадад бүхий л талаар тусалсан гэдэг. Мөн түүний гэргий БНСУ-ын Ёнсэй их сургуулийг төгссөн, сэтгэл судлаач доктор Б.Үүрцайх Ази Номхон далайн орнуудын спортын хоёрдугаар их наадмын тухай, түүнд оролцогч тамирчин ахмадуудын талаарх мэдээллийг монголчуудтайгаа хуваалцаж, дамжуулж байсныг онцлон дурдъя.
Ази Номхон далайн орнуудын спортын хоёрдугаар их наадамд оролцсон ахмадууд маань “Таван жилийн дараа тэмцээнд оръё гэсэн хүн яг өнөөдрөөс бэлтгэлээ эхлээрэй. Өдөр бүр бага багаар өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Залуу байхад үр хүүхэд, ажил төрөл гээд завгүй байдаг ч эрүүл амьдралын хэв маяг бол урт удаан, аз жаргалтай амьдралын эх үндэс юм шүү гэдгийг ухаарч завгүй гэж хойшлуулалгүй одооноос эхэлж, спортоор тууштай хичээллээрэй гэж залуучууддаа захья даа” гэснийг дамжуулъя.
Спортоор хичээллэхэд цусны эргэлт сайжирч, эд эс сэргэж, залууждагийг биеэрээ харуулж яваа тэднээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. Ахмадууд маань 11 дүгээр сард Филиппин Улсад болох хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа бататгах, рекорд амжилтаа шинэчлэх зорилго тавиад бэлтгэлдээ хэдий нь ээ оржээ. Түүнээс өмнө Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд ч бий гэнэ лээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0