Уяач, морь, хүүхэд гурав төөргөөрөө нийлсэн тохиолдолд морь сайн хурдалдаг гэж настнууд хэлэлцдэг сэн. Чандмань гурван учралын талаар бүрэн дүүрэн өгүүлж чадах хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн торгон сүргийн агтны даамал, бэлтгэл хурандаа Цэвээндоржийн Галбадрах билээ. Учир нь тэр дөрөвхөн насандаа буурал духтай хээр мориндоо суудал засаж, долоон наснаасаа хурдны морь унаж, улс аймагтаа хурдалгасан унаач хүү байлаа. Учир нь тэр наймдугаар анги төгссөн зунаа ааваасаа нууцаар морь унаж, сумандаа хэд хэдэн насаа айрагдуулчхаад өвгөн уяачдын дунд сөөсийтөл суучхаад хурд уях ухаанаас шимтэн сонсож, суралцаж эхэлсэн уяач хүн билээ. түүнчлэн Төрийн торгон сүргээс эхлээд морин парад, “Аравт” гээд томоохон төрийн хүндэтгэлт үйл ажиллагааны морьдыг таньж, шилж сонгон бүрдүүлж, Үндэсний их баяр наадмын хурдан морины комиссын гишүүн, Нарийн бичгийн даргын албыг дөч шахам жил нэр төртэйгөөр хааж буй агтны даамал бөлгөө.
Морь хурдан байна уу, миний хүү?
Тэрбээр хурдны морь уяж, нутаг усандаа олон айраг түрүү авсан өвөө хэдэргэн Банзрагчаасаа морь малыг хэрхэн эдлэх, хурд уяхын ухаанаас нь суралцаж байсан ч дөрөвдүгээр ангид орох жилээ тэнгэрт дэвшсэн өвөөгөөсөө өнчирч үлджээ. Гэвч уяачийн эрдмийг хэрхэн сурснаа харуулах их хүсэл мөрөөдлийг цээжнээ баринтаглажээ. Хонины моринд эмээл зэхэж, хурдны замд “Түмэн эх”-ийн шуранхайгаар үдэж, уяачийн эрдэмд шамдсан хүүдээ “Морь хурдан байна уу, миний хүү” гэх чин сэтгэлийн аядуухан үгээр урмыг нь дэвжээж өгсөн аав нь бас 16 наснаасаа морь уясан уяач хүн байсан. Ийнхүү гурав дахь үеийн уяач түүний хүсэл сонирхол, холч мөрөөдөл, амьдралын зам мөр, аз жаргалтай хором мөчүүд морь байхаас ч аргагүй биз ээ.
Тэр аав ээжийн түшигтэй нуган үр, арван хүүхдийн ах, айлын том хүү билээ. Аав ээжээсээ эмээдэг, ах захаа мэддэг, амьдралын гүйлгээ ухаан сайтай, авьяас билгээ зэгсэн хөгжүүлдэг хүүхдүүд байсныг хоёрхон хүүхдээр нь жишээлэхэд ойлгомжтой болов уу. Түүний нэг нь энэхүү нийтлэлийн эзэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хурандаа Цэвээндоржийн Галбадрах бол нөгөө нь Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр билээ. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын шавь, Монголын анхны дээд боловсролтой уртын дуучдын нэг, “Шажин түмэн эх”, “Амбан сэцэн хааны хөлөг”, “Хурдан сайхан”, “Ариун орон” зэрэг олон арван дууг радиогийн алтан фондод бичүүлж үлдээсэн нэрт дуучин тэрбээр багаасаа аавтайгаа нутгийн олны найранд явдаг, тэгсээр дуунд дурласан талаараа дурссан байдаг. Хожим Ц.Галбадрах хурандаа ч аавынхаа урмын үгээр морины төлөө сэтгэл шулуудсанаа дурссан төдийгүй нэг хэсэг залуу офицеруудад “Тактикийн бэлтгэл” хичээл заахдаа “Айлын аав хэрэг хийсэн хөвгүүддээ шийтгэл оногдуулахдаа яадаг билээ, түүнийг та нар бодоход л дөхөмтэй” гэж тактикийг ахуйн жишээн дээр тайлбарлаж байсныг өнөөдөр дурсах хүн олон бий. Хүүхдүүдийн сэтгэлийн орон зай, амьдралын зам мөрд эцэг хүний орон зай, нөмөр нөөлөг, үлгэр жишээ чухлын нэгээхэн жишээ энэ буюу.
.jpg)
Дундговийнхон дуутай, хууртай гэдэг. “Мундаг сайн дуулахгүй ч солгой хоолойгүй ээ” гэх эрхэм хурандаа урлаг соёл, ном хэвлэлд сэтгэл татуу нэгэн. Амьдралаас улбаатай, хүлээлтэд дүйсэн сайхан номыг хойш тавилгүй барьсаар уншиж дуусгадаг, сэтгэлийн утас хөндсөн үнэн үгсийг хэрэгтэй хүнд нь хэлж, дуулгаж явдаг нэгэн.
Өглөө эрт ээ би
Нэг сайхан үг сонслоо
Өдөржин тэгээд
Дотроосоо гэрэлтлээ...хэмээсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаагийн сайхан мөртүүдийг ялангуяа анги байгууллага, цэргүүд удирдаж буй залуухан удирдлага дүү нартаа хэлж, хүний сэтгэлийн хөг тухайн өдрийн, цаашлаад хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг ухааруулахыг хичээнэ. Аливаад шударга хандахыг ажил амьдралын зарчмаа болгож, чухалчилж ирсэн тэрбээр танил тохой татах, нутаг нуга гэлцсэн жалга довны үзлийг хэтээсээ ойшоодоггүй явж иржээ. “Ажил хийхэд хамгийн гол нь чадвар, чин сэтгэл юм шүү дээ” гэж өгүүлэх түүний хүнийг таних, цэргийн хүнийг дараа дараагийн ажил, албан тушаалд бэлтгэх удирдагчийн арга барилын талаар хошууч генерал А.Ганбат өөрийн амьдралын жишээгээр батлан өгүүлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс генерал цолоо хүртсэн өдрөө Галаа хурандаа руу ярьж, Зүүнбаянгийн хээрийн академид сургаж өгсөнд баярласнаа илэрхийлж, илтгэж байсан гэдэг.
Ямар залуухан дэд хурандаа вэ?
Наяад онд хурандаа, дэд хурандаа цолтон ховорхон байсныг ч хэлэх үү гадаадад төгсөөд ирсэн залуухан дэслэгч нар “Хөөх, ямар залуухан дэд хурандаа вэ” гэцгээж, ойр дотно ажиллаж байсан зарим нь ямар сургууль төгссөн, ямар ажил төрөл эрхэлдгийг нь мэдээд ийм л дарга болох сон гэж нууцхан мөрөөддөг байснаа ил цагаахан хэлдэг. Энэ тухай сонирхвол эрхэм хурандаа “Залуудаа цол авах нэг хэрэг ээ. Түүнийг харин ноён нуруутай дааж явах чинь чухал шүү” гэж бодож хичээж явснаа л хэлсэн юм.
Учир мэдэх хүнээс харин лавлахад, ахлах офицерын цолыг хугацаанаас нь өмнө авна гэдэг маш ховор тохиолдол байсан гэдэг. Тэрбээр Армийн Оперативын төлөвлөлтийн баримт бичгүүдийг үндэслэл сайтай боловсруулж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалаар батлуулж, уг төлөвлөлт нь ЗХУ-ын Алс Дорнодын цэргийн тойргийн командлагч армийн генерал В.Л.Говоровт өндөр үнэлэгдсэн учир 1983 оны хавар “Дэд хурандаа” цолыг хугацаанаас нь өмнө олгожээ.
Цэргийн ерөнхий сургуулийг Ерөнхий цэргийн команд, М.В.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн мэргэжлээр төгссөн, сүүлд ЗХУ-ын ЗХЖШ-ын академийн дээд курсыг дүүргэсэн Галаа хурандаа армийн “уураг тархи” гэгддэг Жанжин штабын Оперативын газар хорь шахам жил ажилласан ясны оператор хүн бөгөөд түүний оператив-тактикийн мэдлэгийг тухайн үеийн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага төдийгүй арми даяараа андахгүй ажээ.
Харин өөрөө тэр үед хамт ажиллаж байсан, цэргийн хэргийн мэдлэг, амьдралын туршлага, эрдэм боловсролоороо үлгэр дуурайл болсон Батлан хамгаалах яамны сайд хурандаа генерал Ж.Ёндон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Оперативын газрын дарга хошууч генерал П.Мөнхдорж нарын олон дарга, жанждаасаа ихийг сурч байснаа бахархан өгүүлсэн юм. Тэр үед удирдлагууд зорилгоо маш чигч тодорхойлдог, бодлогоо сайн боловсруулдаг, алсын хараатай, урт настай, чанартай шийдвэр гаргадаг байсан нь өөрсдийнх нь чадвараас гадна дороосоо, мэргэжилтнүүд, бодлого шийдвэрийг гардан хэрэгжүүлдэг алба хаагчдынхаа санал бодлыг сайн сонсдог, тусгадаг байсантай холбоотой юм шүү гэж сануулсан юм. Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газар анх байгуулагдахад даргаар нь томилогдож, бусдын “хяналт шалгалт хийдэг, хүний мууг үзэх гэсэн хүмүүс” гэсэн анхны сөрөг ойлголтыг зөв голдиролд нь оруулахаар хичээн ажилласны дүнд сүүлдээ ангиуд үйл ажиллагааг нь ойлгодог, өөрсдөө хүсэлт тавьж, мэдээлж, хамтран ажиллаж асуудлаа шийддэг болсон гэдэг. Энэ газарт найман жил ажиллаад 2005 онд тэтгэвэртээ гарчээ.
Цэргийн тэтгэвэрт суусан ч арми түүнийг “зүгээр суулгасангүй”. Зэвсэгт хүчний 310, 232 дугаар ангиудад алба хашиж, “Найман шарга” амралтын газрын шавыг тавилцаж, үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр хэчнээн сайхан өргөжиж амралтын дайтай амралт болсныг салбарынхан маань андахгүй.
Дараа нь Баруунхараад 150 үнээний ферм байгуулж, нэгэн үе Улаанбаатар цэргийн хүрээний ангиудыг сүү цагаан идээгээр хангаж, цэрэг дайчдыг долоо хоногийн нэг өдөр цагаан хоолны өдөртэй болгож байжээ. “Бичиг цаастай зууралдаж явсан хүн аж ахуйн ажлыг нураачих болов уу. Хүний итгэл, улсын ажил алдах вий” гэсэн дотоод эмээлттэй эхэлсэн ч ясны цэрэг хүний зангаар тушааж, даалгасан ажлыг босгоод, хөгжүүлээд, зүгшрүүлээд ирсэн гэдэг. Ямартаа л манай салбараас төрсөн анхны Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан дэд хурандаа Ч.Дашдэлэг түүний тухай “Ерөнхий цэргээс ар талын ажил мэргэжил рүү хурдацтайгаар ханцуй шамлан орсон хүн” гэж хошигнож байхав.
1985 оноос хойш гэргийгээ наадам үзүүлсэнгүй дээ
Хойно сургууль төгсөж ирчхээд дуртай юм болохоор наадмын талбай, Буянт-Ухаад очиж морь үздэг байжээ. Ингэж явахдаа “Соёмбо” сонины эрхлэгч, хурдан морь судлаач хурандаа А.Баярмагнайтай таарч, машинд нь сууж морь дагаж, тайлбар хийхийг нь сонсож, харж явсаар 1985 оноос хойш тасралтгүй морь тайлбарлаж, Үндэсний их баяр наадмын хурдан морины комиссын гишүүн, тайлбарлагч-шүүгч, улмаар нарийн бичгийн даргаар нь ажиллажээ. “Тэр үед телевизээр тайлбарладаггүй, компьютер байгаагүй, Хөдөө аж ахуйн дээдийн хэдэн оюутны гараар бичсэн ганц бүртгэлтэй л байлаа шүү дээ, тэр нь надад олдохгүй ээ.
Өөрөө л сунгаануудаар явж, морьдоо шинжиж, уяачидтай ярилцаж, сураг дуулна. Батлан хамгаалах яамнаас R142 хоёр станц, Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас дотроо дамжуулагч станцтай хөдөө ажлын УАЗ-469 машин гаргаж өгнө. Айдсын даваанд нэг дамжуулах станцаа суурилуулаад, барианы газарт нөгөө станцаа байршуулна. Тэгээд л машиндаа сууж, морио дагаад, хэд хэдэн газар байрлуулсан цагаан хоолойгоор мэдээлэл тайлбараа цацна.
Уяачид маань тэдгээрийн дор суугаад хөөрөг зөрүүлцгээж, хоорондоо морь, наадам ярьсан шиг хурдан хүлгээ хүлээж суудаг сан. Олон жил явчихаар морьд ч нүдлэгдээд ирнэ. Доржсүрэнгийн хээр, Данзанням гуайн хүрэн азарга, Сундуй гуайн дөрвөн цагаан, таван цагаан гээд л явна шүү дээ. Сүүлдээ хурд олширч, морьд эрлийзжээд ямар ч битүү морьд гарч ирэхийг таашгүй болсон. Дээхэн бол морин тойруулгын хэдэн морьд л хэн ч харсан андашгүй байдаг байлаа. Өндөр зул, цолмон цавьдар, тогоруу халтар гээд л...” гэж морь ярихаараа үнэхээр түүний сэтгэл сэргэж, нүд нь очтон гялалзахыг хараад аргагүй “Морины” хүн юм даа гэж бодож суулаа.
Тэрбээр монгол эр хүн бүр морь унаад сурчих хэрэгтэй гээд үндэсний онцлог, бахархлаа ингэж л хадгалж үлдэх юм шүү гэж чухалчлан захиад хурдны морины унаач хүүхэд том болсон хойноо амьдралын явцад тулгарах асуудал, бэрхшээлийг даван туулах, гарцыг олж харах талаараа давуу байдаг талаар амьдралын туршлага, ажиглалтаасаа бидэнтэй хуваалцсан юм.
Тэр Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны нарийн бичгийн даргаар 10 гаруй жил ажиллажээ. Наадмаар зөвхөн хурдан морины уралдаан зохион байгуулахаас гадна морь, хүүхэд эндэхээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах гэх мэт наадамтай холбоотой бүх ажлыг зохион байгуулдаг хариуцлагатай ажил бөгөөд энэхүү ажил албыг нь ойлгодог гэр бүлийнхэндээ талархаж явдгийн зэрэгцээ өөрөө морь хөөж явсаар, 1985 оноос хойш гэргийгээ наадам үзүүлсэнгүй дээ гэсэн хөнгөхөн гэмшил тээж явдаг юм билээ.
.jpg)
Үнэхээр адуунаасаа холдолгүй өнөөг хүрчээ. 1997 оноос Төрийн есөн хөлт цагаан тугийн морьдыг шилж сонгох ажилд томилогдож, түүнээс хойш төрд шаардлагатай морьдыг тасралтгүй олж, солих ажлаар хөдөө орон нутгаар их явжээ.
2010 онд Төрийн торгон сүргийн даамлаар томилсноос хойш олны итгэлийг алдалгүй, “Төр засгаа адуун сүрэгтэй болгоё” гэж хичээж зүтгэсээр иржээ.
Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Морин цэргийн парад явуул, тэгэхдээ он цагийн онцлогийг тусгасан байх” гэсэн даалгавар Зэвсэгт хүчний удирдлагад ирэхэд тэр ажлыг түүнд даалгажээ. Тэгэхээр нь эрхэм хурандаа XIII зууны үеийг Чингисийн хоёр загал шиг загал, хээр зүсний морьдоор хайрцаглаж, 1921 оны Ардын хувьсгалыг Д.Сүхбаатар жанжны хонгор мориор төлөөлж, хонгор зүстэй морьдоор бүрдүүлж, 1939, 1945 оны Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайныг Л.Дандар баатрын алаг мориор тэргүүлж, зээрд зүсний морьдоор хайрцаглаж байсан нь тухайн үедээ сэтгэл огшоож, нүд хужирлаж, монгол бахархлыг бадраасан сайхан үйл явдал болсон. Түүнээс хойш түүнд төрийн торгон сүргийг хариуцуулж, шинээр бий болгосон “Төрийн торгон сүргийн даамал” хэмээх албан тушаалд түүнийг томилжээ. Жил жилийн Үндэсний их баяр наадам, төрийн хүндэтгэлийн ёслол, хүндэт харуул, олон улсын “Аравт” сургууль, АСЕАМ, гаднын хүндэт зочид төлөөлөгчдийн бэлэг гээд маш олон том ёслол, үйл ажиллагааны морьдыг шилж сонгож, бэлтгэн нийлүүлэх нөр их ажлыг хийж амжуулсаар иржээ.
Монгол төрийн хийморь оршоосон адууныхаа буянаар тэр 2022 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртэж, төрдөө үнэлүүлжээ.
Төрийн торгон сүргүүдээ харж, омогшиж сэтгэлээ өгч явдаг тэрбээр харин адуугаа хөгшрүүлэх дургүй, сэтгэл нь өмрөөд байдаг гэнэ лээ. Моринд хайртай эр хүн, аргамаг хүлгийн тоосонд хийморь сэргэдэг, ахуйт төрийнхөө туг сүлдэндээ морио дээдлэн шүтсэн морьтон Монголын төлөөлөл хүндэтгэлт нэгэн билээ л...
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Удам сайтай, өндөр боловсролтой, төлөв дар уу зантай, тун ч аятайхан сайхан хүн дээ. Урт наслаж,удаан жаргаарй !
Manai Galaa hursandaa operativ taktikiin bolovsrol saitai, hovor saihan ofitser baisandaa, Shudraga shuluun zantai, aihtar vnen vgtei gees ee bolood l general boloogvi hvn yum shvv !
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60183956897 Үнэ: $650,000usd
Энэ Монголчуудыг доромжилсон пост бичдэг нөхрийг хууль хүчнийхэн ингэж даврааж байдаг нь ямар учиртай юм бэ? Монголчууд бүр эрхтэнээ зарах дээрээ тулж байна уу?
Minii darga Galbadrah maani saihan haragdaj baina,Soyoliin gabyat zytgelten bolsond ni bayar hyrgye.ygaasaa Galaa darga tyystai saihan setgeltei hyn bailaa,1970-73 onii chereg minii bye emne ni dargataiogaa Mongold baihdaa yylzaj bailaa.ter yeiin darga naraas tyn ch medeelel baga baina.gelee ch Galaadaa eryyl enh sain saihaniig hysye./////Odoo sabi ni 73 hyreed Gadaadiin orond amidarch baina.