sonin.mn
Сэлэнгэ аймгийн Мандал нутгийн унаган хүү, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяртай хийсэн ярилцлагаа уншигч та бүхнээ толилуулья.
 
-Юуны өмнө танд аварга хэмээх их цолны эзэн болсонд баяр хүргэе. Та бөх болох гараагаа хэзээ эхэлсэн бэ?
 
-Баярлалаа. Их сайхан байна. Энэ сайхан өдөр миний сэтгэлийн баяр баясгаланг нутгийн зон олон маань ихэд хүндэтгэн хүлээж авч хамтран хуваалцаж байгаад туйлын их баяртай байна.
 
Би анх 1997 онд Мөнхбат аварга багшийн Их шавийн дээд сургуульд оюутан болж орсноор олон жил энэ спортоор тууштай үнэнч шударга хичээллэж ирсний ач гавъяа Улсын аварга хэмээх өндөр дээд цолонд хүрлээ.
 
 
-Таны хувьд ямар барилдаан хамгийн сэтгэлд тань хоногшин үлдсэн бэ?
 
-Барилдаан болгон сайхан. Тэр нь сайхан, тэр нь муухай байсан гэж хэлэх юм үгүй. Бөх нэг талдаа миний хобби. Орон нутгийнхаа нэр хүндийн төлөө зүтгэж барилдаж ирлээ. Миний бүх барилдаан хашир байдаг. Хүний ёсоор бөхийн жудгаараа барилдаж явсаар амжилтад хүрлээ.
 
Ер нь олон жил доогуур даваанд унаж бас үзүүр түрүүнд унаж байсан. Тэр бүгдээс хүн хашир сууна гэдэг юм уу, туршлага хуримтлуулж байдаг юм байна. Энэ жил бэлтгэл сайхан таарсан.
 
Бэлтгэл таарах гол шалтгаан нь намайг дасгалжуулдаг багш нар, нутгийн удирдлага, ах дүүс зон олон маань хурцалж, "Сэлэнгэ аймгийн анхны аварга болоход ойрхон байгаа хүн бол чи байна шүү" гэсэн хүндэтгэлээр хандаж, нутгийн олныхоо итгэл сэтгэлийг дааж энэ цолонд хүрлээ.
 
 
-Нутгийн уул, ус хүнийг түшиж явдаг гэсэн. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
 
-Хүнийг нутгийн уул, ус түшиж явдаг гэдэг үнэн. Сэлэнгэ нутгийн уул ус, зон олны маань ерөөлийн үг, намайг барилдахад түшиж, нөмөр нөөлөг болж ирлээ. Манай Сэлэнгэ аймгийн нийт бөхчүүд, бөх сонирхогчид бүгд "Таванхан" дэвжээний бөхчүүдийг сайн барилдаж байгааг мэдэж байгаа.
 
Ойрын хэдэн жил тасралтгүй улсын цолтой бөхчүүд улсын наадамд шөвөгт үлдэж байна. Цааш цаашдаа залгамж халаа маань биднийг залгаж олон сайхан бөх төрж гарах байх. Ингэхийн тулд улсын цолтой бөхчүүд, ах нар нь тэднийгээ бэлтгэлээр хангаж, дэмжин тусалж, сайн сайхан барилдуулахын төлөө хичээнэ дээ.
 
 
-Та бөхийн удамтай юу?
 
-Бөхийн удамтай. Аавын талаас Нанзад гэж даншигийн арслан цолтой хүн байсан. Ээж талаас ээжийн төрсөн дүү аймгийн арслан цолтой Эрдэнэбулган, мөн Баярсайхан заан гэж байна.
 
 
-Та шавьтай юу?
 
-Шавь бий. Нутгийнхаа хэдэн залуучуудыг дагуулж явдаг.
 
 
-Өөрийн тань аав, ээжийг Завхан нутгийн хүмүүс гэж ярилцах юм билээ. Зарим нь таныг Завханы бөх ч гэх яриа байдаг ?
 
-Миний ээж, аав Завхан нутгийнх. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж өссөн. Иймээс миний хувьд Завхан гэж урвах шарвах зүйл байхгүй ээ. Миний аав амьд сэрүүн байхдаа "Миний хүү өөрийнхөө унаж төрсөн нутаг ус, газраараа овоглож яваарай" гэж захисан. Миний аавын үг, захиас бол хууль.
 
 
-Цол дагаж бяр суудаг гэдэг. Энэ хэр үнэний ортой үг вэ?
 
-Цол дагаж бяр суудаг уу. Зүгээр нэг хүний хэлсэн үг биш л дээ. Дээр үеэс уламжлагдаж ирсэн бөхчүүдийн маань эрэмбэ дараа гэж бий. Амлуулж барилдаж байсан бол өөрөө амлаж барилдана гэдэг хоёр өөр. Өөрөө амлаж байгаа хүн чинь өөртөө таарсан хүнээ сонгоно. Тиймээс би өөрөө даваагаа авалгүй яахав.
 
 
-Сүүлчийн асуултыг танд үлдэе?
 
-Нутгийн зон олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүгд итгэл сэтгэл, өрөөл буяныг дааж улам их зүтгэж ажиллах болно.
 
 
Ч.Отгонцэцэг
 
Эх сурвалж: