 (1) (2).jpg)
Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалтай олон жилийг үдсэн. Үе үеийн Засгийн газрын бодлого хөтөлбөрт сүржин нэртэй төслүүд багтдаг ч улстөр болон эдийн засгийн хүчин зүйлээс болоод дорвитой төсөл хөтөлбөр хэрэгжилгүй өнөөг хүрсэн юм.
Сүүлийн хоёр Засгийн газрыг дамнан эрчим хүчний салбарыг толгойлж суугаа Б.Чойжилсүрэн ч тэр “Өвөл болох нь тодорхой. Аргална даа” гэхээс өөр гавьтай ажил амжуулсангүй. Харин хотын төвийн өнгөтэй өөдтэй газар бүрд бетонон ширэнгэ барих ажлаа л идэвхийлэн хийлээ.
Үүнийг нь батлах мэт 2023 оны өвөл Улаанбаатарчууд үдэш оройн цагаар ээлжлэн тог цахилгаанаа хязгаарлуулж, орон сууцандаа хийн зуухан дээр оройн хоолоо болгосон өдрүүд олон. Харин тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэдэг шиг МАН-ын “нохойд барьдаг мод” Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын суудлаа орхиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллахаар болов.
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилдээ 200 МВт-аар сох дутдаг. Тэгвэл Х.Нямбаатарын баг бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулж, 150 МВт хүчин чадалтай эхний блокийг ашиглалтад оруулсан ч цаана нь 50 МВт хэрэглээ дутсаар. Харин үүнийг нөхөхөөр Багануур дүүрэгт батарей хураагуурын станц гэх төслийг эхлүүлсэн нь монголчуудын хувьд шинэ тутам төсөл байв. Уг төслийг 2024 оны есдүгээр сард эхлүүлж, мөн оныхоо арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулав. Ингэж нийслэлчүүд тог цахилгаанаа хязгаарлуулах асуудлаас түр ч атугай ангижирсан.
Хотын зүгээс хөрөнгө оруулалт хийсэн бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блок энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох товтой. Тус цахилгаан станцын хоёрдугаар блок төвийн эрчим хүчний нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлснээр хотынхон цахилгааны асуудалдаа хэсэгтээ санаа зоволтгүй болох юм.
Х.Нямбаатарын амбицаар гараанаас гарсан “ДЦС-5” төслийн гүйцэтгэгчээр “Митай Интернэйшнл” ХХК шалгарсан. Тус компани өмнө нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт Тосон дулааны станц, Сэлэнгэ аймгийн нутагт мөн дулааны станц барьж байсан туршлагатайг бид эчнээ мэднэ. “ДЦС-5” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих бөгөөд гүйцэтгэгч өөрөө санхүүжүүлж, станцыг барьж, ашиглалтад оруулах юм.
“ДЦС-5” баригдсанаар Монгол Улсын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг 300 МВт-аар нэмэгдүүлнэ. Түүнчлэн Таван шар, Толгойт, Баянхошуу, Баянголын ам орчмын суурьшлын бүсийг дулаанаар хангана. Уг станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун хэсгийн цахилгаан, дулаан үндсэндээ бүрэн хангагдах юм. Эрчим хүчний сэргэлт гэдэг том лоозонг салбарын сайд нь биш хотын дарга нь манлайлаад бодитоор эхлүүлчихлээ.
Дээрх том төслүүдээс гадна хотын эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд тархмал эх үүсвэрүүдийг хэд хэдэн байршилд байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн ажлын хүрээнд Дамбадаржаад 63 МВт дулааны цахилгаан станцын ажил эхэлжээ. Чингэлтэй, Дамбадаржаа орчмыг дулаан, цахилгаанаар хангах уг станцын бүтээн байгуулалтын ажил ирэх жилийн намар дуусаж, туршилт, тохируулгаа хийх товтой. Товлолт хугацаандаа ашиглалтад орсон тохиолдолд хотын хойд захын суурьшлын бүс найдвартай, дулаан цахилгааны эх үүсвэртэй болох юм.
Сэтгэгдэл3
za yahav.
Нямбаатар ажил хийж байгаа шүү их ажил амжуулж байгаа
Шоучин, хот удирдах ухаан хурэхгуй бна!!! Беен стресс, беглерел, дуу чимээ, хог шороо!