sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг нь хүлээн авч 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-д талархал илэрхийллээ.


Тэрбээр 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж байснаа дурслаа.


Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд хоёр орны Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч байгааг тэмдэглэлээ.


Мүн Жэ Ин хариу талархал илэрхийлж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.


Мөн энэ бага хурлаас цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах олон чухал шийдвэр, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийн, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэж, Хамтарсан тунхаглал гаргаснаа дурслаа. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал “Стратегийн түншлэл”-ийг бататган, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж, харилцааны алтан үеийг тунхагласан айлчлал болсон гэдэгт талууд санал нэгдлээ.


Уулзалтын үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтрах болон ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.


2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:


  • Улс төр, аюулгүй байдал,
  • Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,
  • Боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд,
  • Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм.