sonin.mn

Ардчилсан намаас эхлүүлж буй "Монголоо өөрчилье, Монголдоо бүтээе" аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.


Тэрээр: "Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурах тухай УИХ дахь АН-ын бүлгийн "ОД"-той шийдвэр гараагүй. Бүлгийн хатуу шийдвэр гараагүй зүйл дээр гишүүд өөрсдийн байр суурьтай байна. Миний байр суурь бол АН өнөөдөр монголчуудын хүсэж байгаачлан төр барьдаг, төр түшдэг хэмжээний бодлогын нам байх ёстой.



Юм л бол огцор гэдгээс өөр улстөргүй нам байж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Энэ нь одоо ажиллаж байгаа Засгийн газрыг мундаг гэж байгаа юм биш. Гэхдээ муу болгохгүй байх үүрэг нь 42 суудалтай бидэнд бий.



Энгийнээр бодоход Н.Учрал муу юм байна. Тэгвэл 68 гишүүнийх нь хэн нь сайн юм? Б.Жавхлан юм уу? Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан хоёрын 5 жилийн алдааг үүрээд, монголчууд амьдралаа бараад явж байна. С.Амарсайхан юм уу? Дараа нь хэн юм? Хэн сайжруулах гээд байгаа юм? Юу нь муудчихсан юм? Бодитой байх ёстой. Яаж ч улстөржсөн давахгүй шугам гэж байх ёстой. Дэлхий нийтээрээ шатахууны асуудалтай байна. Давж туулахгүйгээр нэгнээ дэгээдэж унагаад хэн нь чадах юм?



Энэ намар УИХ-ыг тарааж, АН олонхи болоод шатахуунтай болгож чадах юм уу?



Сонгууль хэзээ ч болсон бай АН олонхи болоод, МАН сөрөг хүчин болоод шүүмжлэл тавингуут шатахуун, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, тусгаар тогтнолтой холбоотой асуудал дээр улстөр хийхэд нь бид эх орны үнэт зүйл болсон сэдвүүд дээр улстөржиж байгаагүй шүү гээд бардам хэлээд зогсож байх ёстой. Зарчим зураас татаад, үүнийг АН татсан юм гэх бардам байх хэрэгтэй. Бодлогын нам гэж ийм байх ёстой. Тэгэхгүй юм л бол огцруул гээд бичиг гаргаад сууж байдаг байж болохгүй.


Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан манай гишүүдээс надтай холбогдож байгаа. Хэзээний бичг юм, өргөн барих юм уу, үгүй юм уу. Өргөн барилаа гэхэд бүлгийн шийдвэр гарсангүй гээд шахалтанд ороод зурчихсан гишүүд ч байна." гэсэн юм.



М.Чой