sonin.mn

ГАЗА, 2026 оны нэгдүгээр сарын 23 /Kazinform/. Палестины ХАМАС хөдөлгөөн АНУ-ын засаг захиргаатай зэвсгээ хураалгах асуудлаар тохиролцоонд хүрч, үүнийхээ хариуд улс төрийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр болсон тухай “Sky News Arabia” суваг мэдээлжээ. 


Уг тохиролцоонд ХАМАС-ыг улс төрийн нам гэж хүлээн зөвшөөрсний хариуд тус хөдөлгөөн зэвсгээ хураалгаж, Газын зурвас дахь газар доорх хонгилуудын газрын зургуудыг өгнө гэж тусгасан байна.


Түүнчлэн Газын зурвасыг орхин гарахыг хүсэж байгаа ХАМАС-ын улс төр, цэргийн удирдагчдын эсрэг АНУ-ын зүгээс мөрдлөг явуулахгүй, шийтгэл ногдуулахгүй, тэдэнд гарч явах боломж олгох ажээ. Мөн ХАМАС-ын зарим цагдаагийн ажилтан болон хуучин албан тушаалтнуудыг Израил, АНУ-ын аюулгүй байдлын шалгалтад тэнцсэн нөхцөлд Газын шинэ засаг захиргаанд орж ажиллахыг АНУ-ын тал зөвшөөрсөн гэж зарим эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Палестины засаг захиргаа "хэрэв ийм тохиролцоонд хүрснээр байлдааны ажиллагаа зогсож, гал зогсоох дэглэм тогтож, Газын зурвасыг сэргээх үйл явц хурдацтай өрнөх аваас дэмжихэд бэлэн" гэдгээ мэдэгдсэн бол Израилын тал уг тохиролцооны зарим заалт, ялангуяа ХАМАС-ыг улс төрийн хүчин хэвээр үлдээхтэй холбоотой заалтуудыг эсэргүүцэж байгаа ажээ.


Өмнө нь Египетийн Гадаад хэргийн яамнаас Газын зурвасыг удирдах Палестины хороо эцэслэн бүрдсэн талаар мэдээлсэн байна. Тус хороог улс төрч Али Шаат удирдаж байгаа ажээ. 


Өчигдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 19 улсын төлөөлөгчид Газын зурвасын нөхцөл байдлыг зохицуулах Энхийн зөвлөлийн дүрэмд гарын үсэг зурсан байна. Энэхүү зөвлөлд цаашдаа 50 гаруй улс нэгдэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг