sonin.mn

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ. Үүнээс хойш тэрээр УИХ-ын дэд даргаас огцорсон ч өөр ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байгаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал түүнийг МАН-ын гишүүнээс хасах ёстой хэмээн мэдэгдсэн. Эцсийн шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хороо гаргах учиртай.


Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар Х.Булгантуяа улс төрөөс бүрмөсөн гарна гэдгээ мэдэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, дахиж УИХ-д нэр дэвшихгүй, төрийн болоод намын ямар ч ажил цаашид хийхгүй гэсэн үг. МАН-ын гишүүнчлэлээс ч өөрийнхөө хүсэлтээр гарах нь.


Энэ нь Х.Булгантуяа өөрөө өөртөө ёс зүйн хариуцлага тооцож буй явдал бололтой.

1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв.


Ц.Нямдорж зэрэг цөөн хүн Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц тогтоож байсан ба Х.Булгантуяагийн хувьд Үндсэн хууль зөрчсөн сэдэл нь өөрөө маш увайгүй юм.


Учир нь Засгийн газрыг огцруулах асуудал бол улс төрийн ердийн нэг шийдвэр биш. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, парламентын засаглалын тогтвортой байдал, Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэртэй шууд холбоотой асуудал юм. Тиймээс Засгийн газрыг огцруулахтай холбоотой аливаа шийдвэрийг Үндсэн хууль, хууль тогтоомжид нийцүүлэн гаргах нь УИХ-ын удирдлагын үндсэн үүрэг билээ.

Х.Булгантуяа нь Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсанаараа Монголын түүхэнд гутамшиг болж үлдэх нь тодорхой билээ.


С.Сарнай