sonin.mn

2026 оны Хятадын “Хоёр чуулган” буюу БХАТИХ болон УТЗЗ-ийн ээлжит чуулган саяхан Бээжин хотод амжилттай болж өндөрлөв. Уг хурлын үеэр Хятад улс ирэх 5 жил буюу 15-р таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж баталсан юм. 3-р сарын 13-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань Монголын болон БНХАУ-аас Монголд суугаа хэвлэл мэдээллийн төлөөлөл нартай уулзаж, 2026 оны “Хоёр чуулган”-ы нөхцөл байдал болон онцлох асуудлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Шэнь Миньжуань энэ үеэр хэлэхдээ, "Энэ жилийн “Хоёр чуулган”-ы чухал үүрэг бол 15-р таван жилийн төлөвлөгөөний ерөнхий хөтөлбөрийг хэлэлцэн батлуулах явдал байсан бөгөөд ингэснээр ирэх таван жилийн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой “зураг төсөл” бий болно.


15 дахь таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн бүтээн байгуулалтыг гол төв болгох, өндөр чанартай хөгжлийг урагшлуулахыг үндсэн сэдэв болгох, инновацын шинэчлэлийг суурь хөдөлгөгч хүч болгох, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ард түмний сайн сайхан аж амьдралын хэрэгцээг хангахыг үндсэн зорилгоо болгоно гэж тодорхой заасан гэлээ.


Хатагтай Шэнь Миньжуань Хятад, Монголын харилцааны талаар ярихдаа, Хятадын тал Монголын талтай хөгжил дэвшлийн замд хамтран ажиллаж, хамтаар урагшлахад байнга бэлэн байна. Талуудын харилцан ашигтай, хамтын ажиллагааны цар хүрээ улам тэлж, хамтын хөгжлийн зам улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Мөн тэрээр энэ үеэр: "Энэ жил Хятадын тал Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, Монголын тал мөн Хятадын иргэдэд визгүй зорчих боломжийг олгож, Монголд ирж аялахад илүү хялбар болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна гэсэн юм.


М.Чой