sonin.mn

ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kazinform/. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан АНУ-ын иргэдэд хандаж бичсэн нээлттэй захидлаа лхагва гаргийн орой нийтэлжээ. Уг захидалдаа тэрбээр дайны зорилгод эргэлзэж буйгаа илэрхийлээд, америкчуудыг төр засгийнхаа бодлогод шүүмжлэлтэй хандахыг уриалсан байна.


Пезешкиан захидалдаа, Иран улс Америкийн ард түмнийг дайснаа гэж үздэггүй гэдгийг дурдаад, засгийн газруудын байр суурь, ард түмнүүдийн үзэл бодол хоёрыг ялгаж салгаж ойлгохыг уриалжээ.


"Ираны ард түмэн Америк, Европ болон хөрш зэргэлдээ орнуудын ард түмнийг оролцуулаад бусад үндэстэнд дайсагнах сэтгэл өвөрлөөгүй" гэж захидалд дурдсан байна. Тэрбээр мөн одоогийн мөргөлдөөн Америкийн иргэдийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд, АНУ, Израилын цэргийн ажиллагаа бүс нутгийн болон дэлхий нийтийн тогтвортой байдалд хор уршиг учруулж байгааг дурдаж, уг ажиллагааг шүүмжилсэн байна. Пезешкиан мөргөлдөөн дэх Израилын үүргийг тусад нь хөндөж, Вашингтоны шийдвэрүүд Израилын бодлогын нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа мөн дурджээ.


"Энэ дайн Америкийн ард түмний яг ямар ашиг сонирхлыг хангаж байгаа юм бэ?" хэмээн тэрбээр асуусан байна. Үүнээс гадна, Техраныг "аюул занал" гэж үзэж байгааг няцааж, үүнийг түүхэн бодит байдалд нийцэхгүй, гуйвуулсан ойлголт гэж нэрлэсэн байна.


Захидалд мөн Иран, АНУ-ын хоорондын үл итгэлцлийн түүхэн шалтгаан, олон улсын тавцан дахь Исламын Бүгд Найрамдах Улсын талаарх ойлголт, түүнчлэн дэд бүтцэд өгсөн цохилтууд бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөнджээ. Уг захидал нийтлэгдэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ираны удирдлагууд галыг зогсоох сонирхолтой байгаа" гэж мэдэгдсэн бөгөөд харин Техраны зүгээс энэ мэдэгдлийг няцаасан байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг