Хүний бие ямар ямар эс, эд, эрхтнээс бүтдэг юм бэ? Эрхтэн нэг бүрийн үйл ажиллагаа яаж, ямар, ямар эрдэс, бодисын оролцоотойгоор хэрэгжиж байдаг юм бэ? Энэнийг эмч нар төгс сайн мэдэж байх ёстой. Гэхдээ өвчтөн өөрөө энэ талаар зохих түвшний мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Зөвхөн л эмчийн заасан, зөвлөснийг дагах, биелүүлэхээс цаашгүй өвчтөн өөрийгөө эрүүлжүүлэх үйл хэрэгт ухаалгаар, шинжлэх ухаанчаар оролцох, богино хугацаанд амжилт олж эдгэрэх чадваргүй байдаг. 5 тив дэх анагаах ухааны онол, практик үүнийг гэрчилнэ.
Дүрсэлж хэлэх аваас хүний бие бол бүхлээрээ нэг том зүрх юм. Энэ том зүрх дотроо бас нэг жижиг зүрхтэй. Тэр зүрх нь цахилгаан гүйдлийн тусламжтайгаар агшиж, тэлж бүхэл биеэ цусаар хангадаг. Харин жижиг зүрхний тарааж шахсан цусыг олон янз булчингуудын тусламжтайгаар хүний бие эргүүлж зүрхрүү илгээдэг. Ийм хөдөлгөөн, эргэлт тасралтгүй хийгдэж байдгийн ачаар л хүн амьд байж чаддаг байна.
Том зүрх болох биений (булчингуудын тогтолцоо) цусыг цуглуулж зүрхрүү илгээх үйл ажиллагаа нь бие болон бүх эрхтний идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар хэрэгжиж байдаг.
Хүмүүс бич байх цагтаа 4 хөлөөр явдаг, биеийн жин нь 4 мөчдөө хуваагдаж ачаалагддаг, их бие нь газрын гадаргуйд хэвтээ байрлалтай байжээ. Харин босоо явах болсноор газрын татах хүчний улмаас хүний бүх цус ганцхүү доошоо тунарах хандлагатай болжээ. Цусыг зүрхэнд хүргэхийн тулд венийн судсаар дээш нь шахах, буцааж алдахгүй тулд венийн судсанд клапан байрлаж, биеийн жинг гол араг яс үүрч ачаалал ихтэй болов. Удаан суух, удаан зогсох, хүнд ачаа өргөх нь олон сөрөг үр дагаврыг үүдэж, цаашдаа мэргэжлээс шалтгаалах эмгэгийн олон хэлбэрийг буй болгожээ. Венийн судаснуудын үйл ажиллагааг дэмжих, хэвийн байлгахын тулд хүмүүс аль болохоор л хөдөлж байх, ядахдаа л явган алхаж байх шаардлагатай болсон байна.
Байгаль биднийг 4 хөлөөр хөдлөх, явах, биеийн жингээ 4 хөл дээрээ хуваарилах зориулалттайгаар бүтээсэн байхад бид дур мэдэж урд мөчөө гар болгож, босоо явах болсноор, мөн удаан суух, удаан зогсох ажил эрхлэх болсноор зүрх судасны, булчин шөрмөсийн, мэдрэлийн судлуудын, бүр сэтгэл мэдрэлийн олон өвчин, эмгэг, эрэндэгийг өөрсөддөө авч ирсэн юм. Тэр бүхнээс бид одоо оюун ухаанаараа (эмээр, мэс заслаар, тусгай техник хэрэгслээр г.м) л сэргийлж, эмчилж, хэвийн аж төрж чадаж байна. Нийтийн биеийн тамир энд гол үүрэгтэй нь үнэн.
Мичүүд (бичүүд) хүн болох явцдаа модон дээр амьдрахад хэрэгтэй байсан эрхтнүүд (сүүл, хөлний урт хуруу) болон модонд авирах, мөчрөөс дүүжлэгдэх, агаарт биеэ залах гэх мэтийн чадвараа бүрэн гээж ганцхүү газраар босоо явах, гараараа бүхнийг хийхэд л сайн суралцжээ. Орчны өөрчлөлтөнд хавчигдах, амьд байхын төлөө тэмцэх, хоол тэжээл олохын төлөө хөдөлмөрлөх, араатан амьтдаас хамгаалах тулгамдсан их бэрхшээлүүд бол байгалийн шалгалт, шалгаруулалт юм. Энэ шалгалт, шалгаруулалтанд хамгийн их чадварлаг амьтад, бас хамгийн их бүдүүлэг амьтад л тэсч үлддэг ажээ. Бүдүүлгийнхээ улмаас устахгүй, мөхөхгүй байгаа амьтдын нэг нь матар гэгддэг...
Амьтан бүхэн удирдах төв (тархитай), тээврийн хэрэгсэл (хөл, далавч, сэлүүр), орчинтойгоо харьцах эрхтнүүдтэй. Гэхдээ босоо, хоёр хөл дээрээ шилжин явдаг амьтан цөөн. Хүн зөвхөн усанд сэлэхдээ л дөрвөн мөчөө ашигладаг.
Шувуу газраар явахдаа хоёр хөлөө, агаараар явахдаа хос далавчаа ашигладаг. Усан доор явахдаа “тийрэлтэт хөдөлгүүр” хэрэглэдэг амьтан ч буй. Байгаль байгалиасаа л төрөн гардаг, энд бурхад огт хамаагүй. Хоёр хөлтэй, бүр жаран хөлтэй амьтад ч буй. Газар-уснаа явагч, хэвлийгээрээ явагч амьтад ч бас байгаа. Макро, микро амьтдад тоо хэмжээ, хийц загварын хязгаарлалт үгүй. Тэд бол олон тэрбум жилийн үүсэл, хувьслын бүтээгдэхүүн, гэхдээ бүгд хоорондоо гинжин холбоо, шүтэлцээтэй...
Өндөр модон дээрээс алсыг, аюулыг хараад сурчихсан бичүүд газарт буусан хойноо ч алсыг (аюулыг) харахын тулд биеэ өндөрлөж хойд мөчүүд дээрээ босохоос өөр аргагүй болжээ. Удалгүй гартаа модон, ясан, чулуун зэвсэг барих болсноор босоо байдал нь эргэлт, буцалтгүй болж баталгаажсан байна. Хөхтөн амьтад дотроо дундаж хэмжээтэй байсан нь бичүүдэд энэчлэн олон талаар сайн нөлөө үзүүлжээ.
Нийгэм хөгжих хэрээр хүмүүсийн биеийн хөдөлгөөнт амьдрал хумигдсаар, энэний сөрөг үр дагавар олон хэлбэрээр илэрсээр хүмүүс бид биологийн амьтны хувьд уруудсаар, доройтсоор, алс хэтдээ ямар амьтан болж хувирахаа ч мэдэхээ больчихлоо.
Шинжлэх ухаан хөгжиж, хүний эд эрхтэнг засварлах, солих болсноор олон хүн зарим эрхтэнгүй амьдрах болов. Жишээ нь мухар олгойгүй, гүйлсэн булчирхайгүй, цөсний хүүдийгүй, саваа авахуулсан, хөл гаргүй гэх мэт. Мухар олгой бол хүний дархлааг дэмжигч чухал эрхтэн, үүрэг, ач холбогдолгүй эрхтэн гэж үгүй. Тайрч хаях биш эмчилж үлдээх тактик хэрэгтэй. Энэчлэн бодох, тооцох, хандлагаа өөрчлөх зүйл их байна. Нэг талаас байгалийн амьтан, нөгөө талаас нийгмийн амьтан болох хослол маань аль талруугаа хэвийж өөрчлөгдөх бол? Эцсийн дүндээ хүмүүсийн амьдрал аль ямар ч үед байгалиасаа л хараат байх нь тодорхой. Тэгэхлээр байгальдаа л ойр байх, төрөлх ахуйдаа л ойр байх нь өлзийтэй юм. Ийм чиг баримжаатайгаар хүмүүс бид ирээдүйгээ төлөвлөх нь оновчтой байх болно. Эс тэгвээс нийгмийн хөгжил, техникийн дэвшил, ялангуяа цахимжсан ахуй, олон янз физик долгионы өтгөрөл бидний байгалийн амьтан байх боломж, нөхцөлийг үгүйсгэж ч мэднэ. Энэ бүхнийг одооноос л судлах, таних шаардлагатай байна.
Хүнийг хүн хэвээр нь үлдээхийн төлөө хөгжих үү? Эсвээс ер нь л хөгжихийн төлөө хөгжих үү? Хөгжих арга, замаар хүн төрөлхтний амьдрах чадавх ихэд дээшилж байвал л хөгжил хэрэгтэй болохоос биш, хөгжил эргээд сөрөг үр дагавар ихтэй болчихвол тэр зүгт хөгжих, тэмүүлэх хэрэг байна уу? Энэчлэн бодох, тооцох зүйл зуунаас зуунд л нэмэгдсээр, хуримтлагдсаар байна.
Хүн бол бүр анхнаасаа л, бич байх үеэсээ л сүргийн амьтан байв. Харин одоо телевизор, компьютер, гар утас, гэрээсээ ажиллах хэлбэр зэрэг нь хүмүүсийг ихэд зожигруулах болов.
Энэний сөрөг үр дагавар ч их болж, бүр үүсмэл гажиг, сэтгэл мэдрэлийн доголдол, өрөөсгөл зан авир, донтолтууд ч хүн амын өсвөр үеийнхний дунд өргөслөө. Дэлхийн олон оронд түгшүүрийн хонх дэлдэх болов. Хүүхэд, залуусын хувьд цахим техниктэй харилцах асуудлаар хязгаар тогтоосон хуулиуд ч батлагдлаа.
Оюун ухаанаараа хийдэг байсан, бүр хийж байх ёстой олон үйлдэл, ажилбарыг цахимаар гүйцэтгэх болсноор хүний мэдрэлийн эсүүд идэвхийт чанар, хоорондох холбооснуудаа алдаж, наад зах нь сурагчид үржүүлэхийн хүрдийг цээжлэхээ больж байна.
Хүний өмнөөс боддог, сэтгэдэг, дүгнэлт хийдэг аппаратууд гарч ирснээр хүмүүс түүний хавсарга болж ч мэдэх юм. Энэ бол дэвшил биш хохирол.
Оюун ухаант хүн бол бүхий л үйл ажиллагааныхаа эзэн, хариуцагч байх учиртай. Энэ чанар нь хумигдахнээ. Чадварлаг шинж нь хумигдаж компьютераас, роботоос, хиймэл оюун ухаанаас дохио, шийдвэр авагч, хүлээгч болох нь техникийн шалтгаантай том осол, аваарт ч хүргэж болох юм.
Хөгжил, хувьслын процесс дунд сулдаа урсаж, хөвж, хүчинд нь автагдаж, маяг, моодонд нь захирагдаж, зорилгогүй, төлөвлөгөөгүй амьдрах аваас жолоодлогогүй хаос байдал, сүйрэлд ч орж болно. Сониуч занд хөтлөгдөх, сонихон бүхэнд шохоорхох нь хэдийнээс л хүүхэд занд, гэнэхэн занд тооцогдож ирсэн билээ.
Хөгжилд хэт шунах, хэмжээгүй ихээр доргих, дагахын уршиг гэж байнаа!
Ухаалаг, оюунлаг, алсын хараатай, гүнзгий сэтгэгч хүмүүс “долоо хэмжиж байж нэг огтол” гэж сануулсаар ирсэн нь цаанаа тун ч их учир, утгатай, ач холбогдолтой үг юм шүү.
Хүн төрөлхтөн тасралтгүй хөгжиж, амьдрах чадвараа аль болохоор дээшлүүлэх нь зөв, гэхдээ өөрсдийгөө эвдлэхгүйгээр, байгалийн бүтээгдэхүүн болох чанараа төгс хадгалсаар, хөгжих, өөрчлөгдөх арга, замаа зөв сонгож, зөв чигт хөгжих ёстой. Өөрсдөд маань хортой, хорлолтой бүхнээс зайлсхийж, тэвчиж байх ёстой. Тохь тух, ашиг хонжоо, цаг зуурын жаргал, цэнгэлийн урхинд орж хохирч болохгүй.
Техник, технологийн хөгжлийн зэрэгцээ оюун санаа, сэтгэлгээ, философийн хөгжил, дэвшил гэж байнаа. Жишээ нь милитаризм, фашизм, нацизм, неоколониализм, сионизмын үзэл сурталд автагдах нь шинжлэх ухааны сэтгэлгээ, үзэл сурталд гарсан хөгжил, дэвшил мөн үү? Хүн төрөлхтний хөгжилд дээрх үзэл санаанууд дэвшил авч ирэх үү? Эсвээс хор, хохирол дагуулах уу?
Философи сэтгэлгээнд гарсаар л ирсэн цаг зуурын шинжтэй моодны урсгалууд үнэн хэрэгдээ хөгжил, дэвшил авч ирж байгаагүй юм шүү. Энэнийг түүх гэрчилдэг. Гэтэл одоо нео гэсэн тодотголтой, ихэнх нь шинэ бус моодны урсгал барууныхны философи сэтгэлгээнд гарсаар, дор бүрэндээ цөөн бус даган баясагчидтай болсоор л байна. Тэд түүхийн хог дээр хаягдах хүртлээ багагүй л хор, хохирол учруулах байх. Гэхдээ хүн төрөлхтөн моодны бүхнээр байн байн өвчилдөг нь түүний нэг салшгүй гажиг, гажуудал бололтой. “Гэрэл л сүүдрийг үүддэг” шиг уялдаа, шүтэлцээ нийгэмд ч олон. Ардчилах, либеральчлах үзэл санаа ч гэсэн олон сүүдрийг дагуулсаар, олон сөрөг үзэгдэлтэй бид бүхнийг золгуулсаар байна. Ардчиллын өлгий нутаг гэгдэгч АНУ-д ч ардчиллын, ардчилсан намын нь нэр хүнд шал дээр уначихаад байна. Ардчиллыг дэмжиж байгаа нэрийн дор тэд тун ч олон бусармаг хэргийг хийж байжээ.
“Олон орноор аялсан, юм үзэж нүд тайлсан, гадаад хэлээр ярьдаг, АНУ-ын ардчилсан намыг дэмждэг” гэх үг, үнэлгээг олон залуус өөртөө өгөх, халсан согтсон үедээ гадаад үг, өгүүлбэр хэлж чамирхах нь баар, цэнгээний газарт ердийн зүйл болов.
Гэтэл тэдний дунд мэддэг гэгддэг гадаад хэлээрээ өргөдөл, захидал, гэрээ мэтийг биччих хүн бараг үгүй. Хоол захиалах, бараа худалдан авах, нисэх буудал, галт тэрэгний буудалд өөртөө хэрэгтэй зүйл асууж, товч мэдээлэл авах л хэмжээний хэлтэй гэдгээ ч өөрсдөө ойлгодоггүй юм байна. Энэ ч яахав байдаг л үзэгдэл, байсаар ч байх зүйл. “Хүн хэрээ мэддэггүй, тэмээ гэдгэрээ мэддэггүй. Өөрийн бодол өөртөө зөв. Муу хүний дуу их...” гэхчилэн яригдсаар л ирсэн зүйл л дээ. Харин академич, шинжлэх ухааны доктор, профессор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төслийн удирдагч, хүрээлэнгийн захирал гэгдэх атлаа дорвитой бүтээл нэг ч байхгүй шахам “эрдэмтэд” олширч байгаа нь доройтол, уналт, “цаасан малгайтай, хулхи дипломтой, хуурамч гавъяатнууд”-ын эгнээ өргөссөний өнөөдрийн дүр зураг мөн юм.
Авгайчууд эдэлж буй зүйлсийнхээ (алт, мөнгө, алмааз) үнэ цэнээр, бүр хүүхдүүдийнхээ хувцасны үнэ өртгөөр өрсөлдөж, гайхуулж, эрчүүд нь унаж буй машиныхаа том жижгээр нэгнээ үнэлэх болсон нь тэдний ёс суртахуун шалбаагт унасныг гэрчилдэг. “Даруухан амьдарсан хүн л 100 насалдаг” гэх үг өнөөдөр улам л их үнэн, улам л их баталгаатай болсоор байна. Энэнийг ядаж тооцмоор доо...
Хөгшин Европын элит давхрааны ёс суртахууны уналт, АНУ-ын хар массынх нь хэт задгайрал зэрэг нь зарим залууст дагах, дууриах “чөлөөт байдал, хүний эрх” болчихоод байна. Хүү, охидоо баячуудын хүү, охидтой гэрлүүлнэ гэж тооцоолоод Зайсанд үнэтэй байр түрээслээд сууж буй хүн ч олон болов.
Эх орон нэгтнүүд маань иймэрхүү л болчихоод байна даа...
Авлигад автсан төр, засагтай, эвдэрч доройтсон нийгмийн харилцаатай, мунхарч төөрөлдсөн иргэдтэй, өнгө ба мөнгөнд дөрлүүлэн хөтлөгдсөн элит давхраатай ийм улс оронд амьдарч байгаадаа харамсах ч юм, гутаж гуних ч юм.
Эх орон, элэг нэгт түмэн олонд минь сайн цаг, сайхан амьдрал авч ирэх ухаалаг, шударга, ажил хэрэгч улстөрийн хүчин хэзээ гарч ирэх бол оо?
Дээр яригдсан зүйлсийг өгүүлэхдээ миний бие шинэ бүхнийг эсэргүүцэж, хуучин бүхнийг зөвтгөх гээгүй юм шүү. Ардчилал бол жинхэнэ утгаараа хэрэгжвэл тун ч сайн, зөв шинэчлэлт. Дүр эсгэсэн, баг өмссөн, шуналд дөрлүүлэн хөтлөгдсөн хүмүүс ардчиллыг гутаачихлаа, нийгмийг маань самарчихлаа, түмний итгэл, сэтгэлээр тоглочихлоо. Засрах, зүгшрэх нь ч хавьд үгүй бололтой.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 06 сарын 08,
2026
Сэтгэгдэл0