sonin.mn

ДАРМШТАДТ, 2026 оны есдүгээр сарын 1 /new-science.ru/. Буд гаргийг (Меркури) судлах зорилгоор хөөргөсөн BepiColombo гэдэг автомат сансрын хөлөг Наранд хамгийн ойр орших гаргийг чиглэн бараг 8 жилийн турш ниссэний эцэст пүрэв гарагт түүний судалгааны хоёр аппаратнаас Mercury Transfer Module /МТМ/ тээвэрлэгч модулийг салгах гэж байна.


BepiColombo хөлгийг Европын сансрын агентлаг (ESA) болон Японы сансрын агентлагийн (JAXA) хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 10 дугаар сард хөөргөжээ.


Модулийг салгах нь нарийн төвөгтэй ажиллагааны эхний үе шат бөгөөд энэ оны 11 дүгээр сард Европын Mercury Planetary Orbiter (MPO) ба Японы Mercury Magnetospheric Orbiter (Mio) аппаратууд Буд гаргийн тойрог замд хамтдаа орох ёстой. Улмаар 12 дугаар сард хоорондоо салж, тус тусын тойрог замд орох юм. Харин бүрэн хэмжээний BepiColombo хөтөлбөр 2027 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө судалгааны төхөөрөмжүүдийг нарийвчлан шалгаж, Буд гаргийн дүрс хэлбэрийг нарийн тодорхойлж, судалгааны өгөгдлүүдийг цуглуулна.

Наранд хамгийн ойр орших Буд гаргийн тойрог замд орохын тулд сансрын хөлөг нь Наранд ойртохын хэрээр өөрийн тойрог замын энергийг нэлээд багасгах ёстой. Гаргуудын дундуур 8 жилийн турш нисэхдээ уг сансрын хөлөг таталцлын маневруудыг олонтоо хийж, траектори ба хурдаа байнга өөрчилж байв. Чухам ийм учраас BepiColombo эцсийн зорилгодоо ойртож буй энэ үед бүхнийг маш нарийн тооцоолох шаардлагатай.

3-ны өдөр явагдах МТМ-ийг салгах ажиллагааг Германы Дармштадт хот дахь Европын Сансрын агентлагийн Нислэгийг удирдах төвөөс хянана. Энэ үед BepiColombo хөлөг Дэлхийгээс 200 орчим сая км-ийн зайд холдсон байх бөгөөд салгаснаас хойш цаг хагасаас 2 цагийн дараа түүнээс дохио ирэх ёстой.

Тээвэрлэгч модулиасаа салсны дараа MPO, Mio аппаратууд хамтдаа Буд гаргийг чиглэн нисэх бөгөөд Европын MPO аппарат нь Буд гаргийн гадаргуу, бүтэц, хүрээлэн буй орчныг судлах бол Японы Mio аппарат түүний соронзон бүрхүүлийг тандах ажээ. Дээр дурдсанчлан, 11 дүгээр сард хоёр аппарат хамтдаа Будын тойрог замд орох ба 12 дугаар сард бие биенээсээ салах ёстой.  


Б.Адъяахүү