Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ Нью-Йорк дахь Trump Tower цамхагт офисын байрыг 4 сая орчим доллароор, долоон жилийн хугацаагаар түрээслэх гэрээ байгуулсан боловч түүнийгээ бараг ашигладаггүй гэж The New York Times сонинд мэдээлжээ.
465 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ офис Д.Трампын цамхагийн 17 дахь давхарт байрладаг байна. ФИФА ажилтнуудаа тэнд нүүлгэж оруулаагүй бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей зэрэг томоохон хурлуудын үеэр өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийхэд ашигладаг ажээ.
ФИФА-гийн АНУ дахь үндсэн офисууд Майамид байдаг атал Нью-Йоркт дахин өндөр үнэтэй офис түрээслэх шаардлагатай эсэхэд тус холбооны зарим өндөр тушаалтнууд эргэлзэж байна. Эх сурвалжуудын ярьснаар, Trump Tower-т төлөөлөгчийн газар нээх санаачилгыг ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино гаргасан ажээ. Харин ФИФА мэдэгдэхдээ, түрээсийн үнэ нь зах зээлийн ханштай дүйцэж, Америкийн хууль тогтоомжид нийцэж байгаа бөгөөд холбооны дүрэм журмын хүрээнд гэрээг хийсэн гэв. Мөн Нью-Йорк хотод төлөөлөгчийн газраа ажиллуулах нь тус холбооны хувьд оновчтой шийдэл гэдгийг дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл0