sonin.mn

ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөлөглөсөн МИАТ-ийн агаарын хөлгийг тус улсын агаарын хилд ормогц Германы Агаарын цэргийн хүчний “Eurofighter Typhoon” загварын хоёр сөнөөгч онгоц дагалдан нислээ.

“Еврофайтер Тайфун” нь Германы агаарын орон зайг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэдэг, хос хөдөлгүүрт, олон зориулалтын байлдааны онгоц юм. Агаарын болон газрын байны эсрэг ажиллагаа явуулах зориулалттай энэ сөнөөгч өдөр, шөнө, цаг агаарын янз бүрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай.


Тус онгоц өндөрт дууны хурдаас хоёр дахин хурдан буюу цагт ойролцоогоор 2,495 километр хурдалдаг. Хоёр ширхэг EJ200 тийрэлтэт хөдөлгүүртэй, бараг 16 метр урт бөгөөд хөөрөх үеийн дээд жин нь 23.5 тонн хүрнэ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д сүүлийн 14 жилийн хугацаанд хийж буй анхны төрийн айлчлал ажээ.


С.Сарнай