САМАРКАНД, 2026 оны аравдугаар сарын 20 /TASS/. Узбекистаны Самарканд хотноо АНУ болон Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын "C5+1" форматын уулзалт боллоо. Энэ үеэр Узбекистан, АНУ-ын талууд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай Узбекистаны хэвлэлүүд тус улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамны хэвлэлийн албаны мэдээллийг эш татан уламжилсан байна.
"NUZ.uz" цахим хэвлэлд мэдээлснээр, талууд нийт 54 гэрээ, хэлэлцээр байгуулжээ. Гэхдээ уг мэдээлэл нийтлэгдэх үед Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамны цахим хуудсанд энэ талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байв.
Gazeta.uz цахим хэвлэлд мэдээлснээр, Узбекистан болон Америкийн компаниудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь аж үйлдвэр, тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, стратегийн чухал ашигт малтмал, санхүү, цахим технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарыг хамарч байна. Тухайлбал, "Wabtec" компанитай хамтран хэрэгжүүлэх санаачилгын хүрээнд төмөр замын техник, тоног төхөөрөмж, эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэх бол "Franklin Templeton", "Oppenheimer & Co.", "Citigroup", "BlackRock" компаниудтай байгуулсан хэлэлцээрүүд нь Узбекистаны үндэсний компаниудыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, томоохон хөрөнгө оруулагчдыг татах, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэж байгаа ажээ.
Уул уурхайн салбарт "ReElement Technologies", "Traxys", "Trafigura" компаниудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн хүрээнд ашигт малтмалын ордуудыг судалж, ашиглах, технологийн салбарт хамтран ажиллах, ашигт малтмал нийлүүлэхээр тохиролцжээ.
Үүний зэрэгцээ стратегийн чухал ашигт малтмалын салбарт Узбекистаны өрсөлдөх чадварыг хөгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн "Amazon Leo" компанитай хамтран хиймэл дагуулын холбоог хөгжүүлэх, "GE HealthCare" компанитай орчин үеийн эмнэлгийн технологи, шийдлүүдийг нэвтрүүлэх, "Valmont Industries" компанийн дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхээр тохиролцсон тухай "NUZ.uz" цахим хэвлэлд бичжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио аравдугаар сарын 19-нд сэтгүүлчдэд мэдээлснээр, Самаркандад уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын 300 орчим компанийн төлөөлөл багтсан байна.
Тэрбээр Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидовтой хэлэлцээ хийх үеэрээ 2025 оны 11 дүгээр сараас хойш АНУ, Төв Азийн орнуудын хооронд 25 тэрбум гаруй ам.долларын арилжааны гэрээ, хэлэлцээрүүд байгуулсныг дурдсан байна. "Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хүрээнд бид дахин 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татахаар төлөвлөж байна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нэмж хэлжээ. C5+1 нь АНУ болон Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн Төв Азийн таван орны хамтын ажиллагааны механизм юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл1
Дундад Азийн стануудыг АНУ-тай явалдахаар нь Орос ах нь нам шаадаг л даа, Кыргизийг хосы нь сайн шувтарсан, одоо Узбекийг тэгэх тэнхээ бна уу үгүй юү, харах л үлдлээ.