Монгол Улсын Төрийн дуулал Нийслэл хот, 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эгшиглэлээ
Өнөөдөр Монгол улсын Төрийн дууллын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр морин цагт эх орон даяар нэгэн зэрэг эгшиглүүллээ.
Энэхүү санаачилгыг Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүх эхлүүлсэн бөгөөд Нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагт Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүлж, мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш ажилтнууд сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа дуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол улсын Төрийн дууллыг анх Богд хаант Монгол улсын үед зохиох оролдлого хийж байсан гэдэг түүхчдийн яриа байдаг. Төрийн шинэ дуулал зохиох ажил 1945 онд эхэлж, 1950 онд албан ёсоор батлагдсан бөгөөд, Төрийн дууллын үгэнд 1961, 1994, 2006 онд өөрчлөлт оруулсан байна.
Монгол улсын Төрийн дуулал
Үг: Цэндийн Дамдинсүрэн
Ая: Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл0