sonin.mn

УИХ-аас баталсан 2026 оны төсвийн тодотголын онцлох долоон заалтын нэг болох стратегийн нөөц бүрдүүлэх 140.9 тэрбум төгрөг нь олон хүний анхаарлыг татаж байна. “Монгол Улс дайн байлдаантай биш атлаа яагаад хүнс нөөцлөх гээд байгаа юм бэ” гэх мэтээр ойлгохгүй яваа хэсэг бүлэг ч бас бий. Урд өмнөх жилүүдийн улсын төсөвт ч манай улс стратегийн нөөц бүрдүүлэхэд төсөв тусгаж байсан ч энэ удаад илүү олон мянган тонноор нь стратегийн бүтээгдэхүүнээ нөөцөлж буйгаараа ялгаатай юм. Уншигчдадаа ойлголт өгөх үүднээс стратегийн нөөц гэдэг нь юу вэ гэдгээс нийтлэлээ эхэлье. 


Улсын нөөцийн тухай хуулиар зохицуулагддаг “стратегийн нөөц” гэдэг нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, хүн амын хэвийн амьдралыг хангах зорилгоор гэнэтийн аюул осол, гамшиг, дайн дажин, эсвэл зах зээлийн хүндрэлийн үед хэрэглэхээр зориудаар бүрдүүлэн хадгалдаг чухал бараа материалын нөөц юм. Монгол Улсын стратегийн нөөцөд гурил, будаа, мах, үр тариа, зэс, ноолуур, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл багтдаг ч хэдийг төсөвлөсөн, хэчнээн үр тариаг нөөцөлсөн нь тодорхой биш буюу ойлгомжгүй явж иржээ. 


Дэлхийн улс орнууд ямар бүтээгдэхүүнээ нөөцөлдөг вэ 


Дэлхийд стратегийн хүнсний нөөцөө асар ихээр бүрдүүлдэг, хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаардаг улс орнуудыг БНХАУ тэргүүлдэг аж. Тус улс нь дэлхийн нийт улаанбуудайн 54, цагаан будааны 64, эрдэнэшишийн 69 хувийг дангаараа нөөцөлдөг бөгөөд хүн амынхаа нэг жилийн хэрэгцээг нөөцөлдөг юм байна. Мөн гахайн махны томоохон нөөцтэй. Хоёрдугаарт, АНУ жагсдаг бөгөөд гахай, үхэр, тахианы мах, сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа бяслагаа ихээр нөөцөлдөг бол Энэтхэг улс цагаан будааг тогтмол өндөр хэмжээнд нөөцөлж иржээ. Монгол Улсын хувьд хамгийн их нөөцөлдөг бүтээгдэхүүн нь улаанбуудай байдаг. 

Өмнөд Солонгос кимчиний байцаа, Канад улс агч модны сироп, Малайз улс хөлдөөсөн загас зэрэг өөрийн улс орны онцлогийг шингээсэн хүнсний бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нөөцөлдөг бол Сингапур, Швейцарь, Саудын Араб зэрэг улс орнууд импортын тасалдал үүсэхээс сэргийлэн импортын бараагаа их хэмжээгээр нөөцлөх шийдвэр гаргаж иржээ. Бидний хөрш ОХУ-ын тухайд олон ч дайн байлдаан, зөрчил тэмцлийн үед цаг ямагт ялалт байгуулж байсан стратеги нь хүнс, хүний нөөц, газар нутаг, зэвсэг техникийн асар их нөөцтэй байсан явдал бөгөөд өдгөө ч худалдааны хоригт орсон атлаа дотооддоо торох зүйлгүй ажиллаж, амьдраад, идэж уугаад явж байгаа. Товчхондоо хямрал, дайн тулаан, гамшиг ослыг гэтлэх цор ганц стратеги нь нөөцлөх, нөөцөө сайтар бүрдүүлэх юм.  

Тэгвэл нэн шинэ үе буюу орчин цагт дэлхийн улс орнуудын хүнсний нөөцийн төрөл нь илүү олширсноос гадна шатахуун, дизель түлшний дотоодын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг ар, араас нь гаргаж байна. Бидний хоёр хөрш БНХАУ, ОХУ-д шатахуун, дизель түлшний импортоо зогсоож, дотоодын нөөцөө бүрдүүлэхэд голлон анхаарч байгаа. Европын улс орнууд Украин, ОХУ-ын дайн, геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн хүнсний нөөцийн нэр төрлөө нэмж, илүү ихээр, олон мянган тонн, олон төрөл зүйлээр нөөцлөх шийдвэрт хүрээд байгаа аж. Манай улс ч энэ зарчмаар импортын бараа буюу шатахуун, дотоодын хэрэглээний гол бараа бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногоо, улаанбуудайг олон мянган тонноор нь нөөцлөх төрийн шийдвэр гаргаж, 2026 оны төсвийн тодотголоор баталлаа. 


Амин чухал нөөцөө бүрдүүлэх агуулах, савгүй 30 жил 


Дотор талдаа дайн байлдаангүй ч гаднаа нөхцөл байдал эвгүйтэж, шатахуун тасалдаж эхэлсэн 2024 оны сүүл үеэс л манай улс ердөө 14 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх агуулахтай, улаанбуудайгаа ч олигтой нөөцөлж чадаагүй нь ил болсон.


Товчхондоо, дайны нөхцөл байдал цаашдаа ч тайван амгалан болохгүй учраас ядахдаа 1 сараар ч болтугай шатахуунаа нөөцөлье гэж хичээсэн ч нөөцийн агуулахын хүчин чадалгүй нь илэрсэн. Агаарын мега төслүүд ярьж ирсэн урд өмнөх Засгийн газрууд амин чухал нөөцөө бүрдүүлэх саваа ч бэлдээгүй нь гунигтай. Гэтэл 30 жилийн хугацаанд урсгалаараа явж ирсний төлөөсийг монголчууд өнөөдөр өндөр үнээр төлж буй нь нууц биш. 


Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард нөөцийн махны тасалдал үүсэж, очер дараалал ихсэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Дэнжийн мянга” зах, томоохон хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр явж нөөцийн махны нөхцөл байдалтай танилцаж байлаа. Гэтэл 2025 оны намар 5016 тонн нөөцийн мах бэлтгэхээр нийслэлтэй гэрээ байгуулсан есөн аж ахуйн нэгж үүргээ умартаж, өвлийн идэшний үеэр буюу махны үнэ өсчихсөн байх үед орон нутгаас биш хүнсний захаас бэлтгэснээр нөөцийн мах өндөр үнэтэй зарагдсан, 720 тонн мах зах зээлд нийлүүлээгүй, 3202 тонноос бусдыг нь хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрсэн билээ. Ингээд Засгийн газраас шуурхай шийдвэр гаргаж, нөөцийн махыг нэгдсэн байдлаар томоохон сүлжээ дэлгүүрүүдээр тогтмол цаг хугацаанд ил тод худалдаалах, нийлүүлэлт хийгээгүй ААН-үүдтэй хариуцлага тооцох, цахим систем буюу НӨАТ-ын бүртгэлд оруулах шийдвэр гаргаж байлаа. Мөн Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг нь харин арилжааны банкууд шийдвэрлэснээр шатахуун импортлогч ААН-үүд нөөцийн сав барьж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийгдээгүй нөөцийн сав, агуулах барих ажил ийнхүү 2026 оны төсвийн тодотголтой хамт шийдэгдэж, анх удаа 3 сараар шатахуунаа нөөцлөх савтай болж байна, бид. Үнэ нь өсөж, ховордох, тасалдах үед гаргаж хэрэглэх үүцтэй байх нь өрхийн цалин, ахмадуудын тэтгэврийн орлогыг хамгаалах өндөр ач холбогдолтой хэмээгээд 20.000 тонн мах, 12.000 тонн төмс, хүнсний ногоо, 100.000 тонн улаанбуудай нөөцлөхөөр төсвөө эцэслэн баталлаа. 


Ингэхдээ ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, ойлголтыг нь ч нэмэгдүүлэв. Гамшиг ослын тохиолдол, дэлхий дахинд эдийн засгийн хямрал үүсэх үед гаргаж ирээд хэрэглэчих нэг жилийнх биш юм гэхэд нэлээд хэдэн сарын стратегийн нэн чухал бүтээгдэхүүний нөөцтэй байх төрийн шийдвэр нь үрэлгэн төсөв огтоос биш бөгөөд дэлхий дахины ойлгомжгүй хийгээд зөрчилдөөнт нөхцөл байдалтай уялдуулсан туйлын зөв зүйтэй бодлого байлаа. Муу амлах нь дэмий ч маргааш ч хоёр, гурваараа, хорь, гучаараа дайтаж, байлдаж мэдэх цөвүүн цаг үед амьдарч буйгаа санаж, сэрж явах нь зүйн хэрэг биз.  



Н.Отгончимэг