sonin.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян аравдугаар сарын 19-нд Тажикистаны нийслэл Душанбе хотноо тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзаж, хоёр орны стратегийн түншлэл, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр Ли Чян Хятад, Тажикистаны харилцаа шинэ шатанд гарч, хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг байгуулах үйл явц ахицтай байгааг онцолжээ. Тэрбээр энэ оны тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар уулзаж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлсныг дурдсан байна.


Хятадын тал Тажикистантай тогтоосон уламжлалт найрсаг харилцаандаа өндөр ач холбогдол өгч, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг дэмжих, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Ли Чян хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, тээвэр, логистикийн харилцан холболт, ногоон ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Түүнчлэн дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрийг бий болгох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Аюулгүй байдлын асуудал уулзалтын чухал сэдвүүдийн нэг байлаа. Хоёр улс хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тагнуулын мэдээлэл солилцох механизмыг боловсронгуй болгох, терроризм, салан тусгаарлах болон хэт даврах үзэлтэй хамтран тэмцэх шаардлагатайг Ли Чян онцолжээ. Мөн Тажикистанд ажиллаж, амьдарч буй Хятадын иргэд, тус улсын аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хангахад үргэлжлүүлэн анхаарал хандуулахыг хүссэн байна.


Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын хуралдааныг амжилттай зохион байгуулахад Тажикистаныг дэмжихээ мэдэгдэж, НҮБ болон Хятад–Төв Азийн хамтын ажиллагааны механизмын хүрээнд хоёр талын уялдаа холбоог бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэжээ.


Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон хариу хэлсэн үгэндээ Хятадтай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа өндөр үнэлж, цаашид улам гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Тэрбээр энэ оны тавдугаар сард Хятадад айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийн талаар чухал тохиролцоонд хүрснийг дурджээ.


Эмомали Рахмон Тажикистан улс “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталж, Хятадын язгуур ашиг сонирхлыг хамгаалах байр суурийг дэмжинэ гэдгээ дахин нотолсон байна.


Мөн худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, ашигт малтмал, дэд бүтэц, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, боловсрол болон иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.


Тажикистаны Ерөнхийлөгч Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхий нийтийн дөрвөн санаачилгыг дэмжиж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон Хятад–Төв Азийн хамтын ажиллагааны механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Уулзалтын төгсгөлд хоёр тал Хятад, Тажикистаны шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг улам гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг, технологи, аюулгүй байдлын салбар дахь харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.


Г.Бямба