Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир, Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон сууцны залилангаас иргэдийг хамгаалах, барилгын салбарын үйл ажиллагааг ил тод болгох зорилгоор боловсруулсан хуулийн төслийн талаар мэдээлэв.
Тэрбээр “Орон сууцны залилан болон түүнээс үүдэх эрсдэлээс иргэдийг хамгаалахын тулд барилгын ажил эхлэхээс ашиглалтад орох хүртэлх бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгож, иргэд өөрсдөө хянах, баталгаажуулах боломжтой цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Уг төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, ирэх долоо хоногоос хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашиглалтад ороогүй, барилгын ажил нь дуусаагүй 2178 орон сууц байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийг залилан мэхлэх, нэг орон сууцыг олон хүнд давхар худалдах, зөвшөөрөлгүй барилга барих, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан барилгын ажил зогсох зэрэг олон асуудал үүсээд байна.
Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд гурвалсан гэрээ байгуулж, иргэдийн газрыг чөлөөлүүлсэн атлаа амласан орон сууцыг нь барьж өгөөгүй тохиолдол цөөнгүй байна. Үүний улмаас олон иргэний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа учраас ийм нөхцөл байдал дахин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн өөрчлөлт хэрэгжсэнээр аймаг, нийслэлийн Засаг даргаас барилгын зөвшөөрөл олгох үеэс эхлэн орон сууц бүр тусгай QR код, нэгдсэн бүртгэлтэй болно. Ингэснээр тухайн орон сууцны талаарх мэдээлэл, гэрээний бүртгэлийг цахимаар шалгах боломж бүрдэж, нэг орон сууцыг олон хүнд давхар захиалгаар худалдах, залилан мэхлэх эрсдэлийг бууруулна.
Түүнчлэн аппликейшн, веб платформ хөгжүүлэгч компаниуд энэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой байх бөгөөд төрөөс шаардлагатай мэдээллийг нэгтгэн, нээлттэй болгоно.
Улсын хэмжээнд 2178 орон сууц ашиглалтад ороогүй, барилгын ажил саатсан нь хэд хэдэн үндсэн шалтгаантай.
Нэгдүгээрт, орон сууцны залилан. Барилгын зураг төсөл үзүүлж, нэг орон сууцыг олон хүнд худалдахаар гэрээ байгуулсан 173 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас 2000-3000 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 170 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хоёрдугаарт, зохих зөвшөөрлийн дагуу барилгын ажлаа эхлүүлсэн боловч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон компаниуд байна.
Гуравдугаарт, ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн тохиолдлууд бий. Энэ нь барилгын салбарт хяналт, хариуцлага сул байгаагийн илрэл юм. Тухайлбал, 21 төсөл зураг төслөө батлуулаагүй атлаа барилгын ажлаа эхлүүлсэн бол 10 төсөл архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй байна. Мөн инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлөө бүрдүүлээгүй төслүүд ч байна.
Орон сууцны асуудлаас болж хохирсон иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Ялангуяа дахин төлөвлөлтийн хүрээнд төрийн байгууллагын оролцоотойгоор гурвалсан гэрээ байгуулж, иргэдийн газрыг чөлөөлүүлсэн боловч орон сууцыг нь барьж өгөөгүй асуудалд төр өөрөө хариуцлага хүлээх ёстой. Газраа чөлөөлүүлсэн иргэд өнөөдөр түрээсийн байранд амьдарч, эдийн засгийн болон амьдралын хүнд нөхцөлд орсон байна.
Иймд эдгээр иргэний газрыг үнэлж, төрөөс орон сууцаар хангах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ асуудал нийт 787 иргэнд хамаарч байна” гэв.
М.Чой
Лхагва - 10 сарын 21,
2026
Сэтгэгдэл0