УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр: "Миний гаргасан зарчмын зөрүүтэй саналууд маш тодорхой байсан. 2027 онд санхүүжүүлэх гэж байгаа нэн шаардлагагүй төсөл, хөтөлбөрүүдийг хасаад, 2026 онд дуусаагүй үлдсэн барилга байгууламжуудаа дуусгая. Тэгж байж төсвийн хэмнэлт гаргана гэсэн.
2025 оны улсын төсөвт өмнөх оноос шилжин орж ирсэн төсөл, хөтөлбөрийн дүн 814 тэрбум төгрөг байсан. Харин одоо 2026–2027 онд шилжиж, нэмэгдэж орж ирж байгаа төслүүдийн өртөг 1.3 их наяд төгрөг байна. Ингээд үндсэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд төслийн өртөгт 2.4 их наяд төгрөг нэмж байгаа юм.
Бидний хайгаад байгаа мөнгө энд л байж байна шүү дээ. Тэтгэвэр, цалин нэмье, татвараа буулгая, нийгмийн асуудлаа шийдье гэхээр мөнгө байхгүй гэдэг. Гэтэл жил бүр төслийн өртгийг нэмэгдүүлсээр байгаад сүүлийн хоёрхон жилд нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихсэн байгаа юм. Тиймээс би үүнийг хасъя гэсэн юм.
Ер нь төслийн өртөг нь нэмэгдээд байгаа барилга байгууламжуудыг энэ ондоо багтаан дуусгая. Тэгэхгүй жил бүр төслийн өртгийг нэмэгдүүлээд байхаар улсын төсөвт алдагдал үүсээд байна. Би хэлээд л байгаа.
Нэг сургуулийг барих дундаж хугацаа 3–6 жил байдаг. Харин цэцэрлэг барихад дөрвөн жил зарцуулж байна. Нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхэлсэн барилга дуусах хүртлээ дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй болчихоод байгаа юм. Тэр дундах гурван тэрбум төгрөгийн зөрүүг төр үүрээд байна шүү дээ.
Тэгэхээр тухайн жилдээ барьж дуусгачих юм бол төр ийм хэмжээний алдагдал хүлээхгүй. Дараа дараагийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын орон зай бий болно л гээд байгаа юм. Харамсалтай нь, миний гаргасан зарчмын зөрүүтэй саналууд бүгд унасан. Яагаад гэхээр Сангийн сайд, Засгийн газар нь гишүүдийнхээ тойрог, төрсөн нутаг, төгссөн сургууль дээр нь сургууль, цэцэрлэгийн төсөл тавьж өгчихсөн. Тэгээд манай гишүүд бүгд амаа үдүүлчихсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналууд бүгд унаж байна. Бүгд унана гэдэг нь Засгийн газрын төслөөр явна гэсэн үг. Тэгэхээр Улсын Их Хурал төсөвт хяналт тавих эрхээ эдэлж чадахгүй байна.
Засгийн газар энэ төсвийг задлах хүсэлгүй л байна гэсэн үг. Сангийн яам нь гишүүдээ авлигадсан төсөв байна. Төрсөн аймаг, сум, төгссөн сургууль дээр нь төсвөө тавьж өгөөд байна. Асуудлаа шийдүүлээд, амаа үдүүлчихсэн гишүүд нь ч мөн адил төсвөө задлах хүсэлгүй болчихсон. Тэгээд энэ төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай.
Миний хэлээд байгаа нэг л зарчим байгаа. Энд тэнд мэдээлэл өгөх төв, нийтийн үйлчилгээний төв, иргэдэд үйлчлэх төв гээд баахан барилга бариад тавьчихаж байна шүү дээ. Энд тэнд дуусдаггүй, ашиглагддаггүй баахан барилгууд байна. Тэгээд нэмээд дахиад бариад байдаг, нөгөөдүүл нь дахиад дуусахгүй, дахиад ашиглагдахгүй.
Нэг талаараа энэ нь юу вэ гэхээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад байна гэсэн үг. Нэг сургууль, цэцэрлэгийг нэг л жилд барьж дуусгая. Манай улсын барилгын компаниуд чадвартай болчихсон. Мөнгө төгрөгийг нь өгчихвөл гялс хийчихнэ шүү дээ. Тэр сунжруулаад байгаа нь төслийн өртгийг нэмэгдүүлэх зальт арга нь байгаа юм."
У.Анударь
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл1
эхнэрээ хаяж, айлын эхнэртээ байгаа хүн шударга байх уу