sonin.mn

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, сум, дүүрэг, хорооны 3200 гаруй МАН-ын удирдах ажилтнууд оролцож, санал бодлоо солилцож байна. Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлын тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухайд нэгдсэн ойлголтод хүрэх, мөн 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийг танилцуулан тавьсан шаардлагад нь нийцүүлэн эцсийн байдлаар дахин хүргүүлэх зорилго дор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.


Бас нэг онцлог нь цахим нам болж буй явдал юм. Намын гишүүд намын өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулж буй арга хэмжээнд цахимаар оролцдог болсон.


Энэхүү ажлаа бататгах, намын гишүүдэд мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилт, “социал демократ” үзэл баримтлал зэрэг олон асуудлаар өргөн хүрээний мэдлэг мэдээлэл олгож, зөвлөлдөх гэж буйгаараа онцлогтой” гэв.  


УИХ-ын энэ удаагийн сонгуульд 27 нам, хоёр эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тус газраас нам, эвслүүдийг мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцүүлэх дүгнэлт гаргасан.


Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газрын шаардлагад нийцүүлэн өөрчилж, энэ сарын 17-ны дотор дахин хүргүүлэх үүрэгтэй. Тиймээс ийм хариуцлагатай цаг үед МАН удирдах ажилтны улсын зөвлөгөөнөө зохион байгуулж эл болон бусад асуудлаар санал бодлоо солилцож буйгаараа онцлог гэдгийг намын удирдлагууд тодотгож байна.