sonin.mn

Вольтер хэмээх нууц нэрээрээ алдаршсан Франсуа Мари Аруэ бол Францийн Сэргэн мандалтын гол зүтгэлтэн байлаа. Яруу найрагч, жүжгийн зохиолч, роман зохиогч, богино өгүүллэгийн хосгүй ур чадвартан, түүхч, гүн ухаантан Вольтер эрх чөлөөг эрмэлзэгч үзэл санааны загалмайлсан эцэг байлаа. 1694 онд Париж хотод дунд зэргийн чинээлэг хуульчийн гэр бүлд төржээ.

 

Луи-ле-Грандын шашны сургуульд элсэж хууль зүй үзэж байснаа сургуулиа хаяж төдсөнгүй шог, хошин шүлэг зохиогч болж Париж даяар алдаршжээ. Францийн тухайн үеийн бүдүүлэг дэглэмийн үед түүний хурц үг таалагдсангүй, улс төрийн агуулгатай шүлгүүд бичсэн учир баривчлагдаж Бастилийн шоронд оржээ. Жил гаруй шоронд хоригдож байх хугацаандаа “Генриада” хэмээх найраглал бичсэн нь хожим нь ихэд түгжээ.

 

1718 онд шоронгоос суллагдсаныхаа дараа “Эдип” драмын жүжиг туурвиж Париж хотод тоглуулсан нь олны талархал хүлээв. 24 настайдаа нэрт зохиолч болж амьдралынхаа үлдсэн хугацаанд францийн уран зохиолын гол төлөөлөгч байжээ. Вольтер мөнгийг уран үг шигээ хямгаддаг байсны үр дүнд их баян, бие даасан хүн болжээ. Гэвч цаг үеийнхээ хамгийн ухаалаг уран хурц үгтэй хүн байсан ч францийн язгууртнуудын үнэлдэг даруу зан ааш түүнд байсангүй.

 

1726 онд язгууртан Шевалье де Рогантай олны өмнө үгээр цэц маргалдан түүнийг дийлжээ. Үүнд хорссон Шевалье де Роган хулиганууд хөлслөн түүнийг зодуулж дараахан нь элдэв шалтаг зааж Бастилийн шоронд хориулжээ. Вольтер эх орон Франц улсаасаа эгнэгт явах болзолтойгоор шоронгоос суллагдаж Англид гарч тэнд хоёр жил хагас амьдарчээ.

 


Англид очсон нь түүний амьдрал, үйл ажиллагаанд эргэлтийн үйл явдал болж англи хэлийг сайтар сурч Жон Локк, Фрэнсис Бэкон, Исаак Ньютон, Уильям Шекспир зэрэг алдарт сэтгэгч, эрдэмтэн, зохиолчдын бүтээлүүдтэй болон тухайн үеийн ухаантнуудтай дотно танилцаж сэтгэлгээнийхээ хүрээг үлэмж тэлжээ. Шекспир, английн шинжлэх ухаан, эмпиризмийг биширч ялангуяа тус улсын улс төрийн тогтолцоог шагшин бахархжээ.

 

Англи дахь ардчилал, хувь хүний эрх чөлөөний асуудал Францийн бодит байдалтай эрс тэс зөрж байгааг ойлгов. Чухамдаа английн ямар ч баян, ямар ч их эрх мэдэлтэй лорд Вольтерийг буруу хэрэг хийгээгүй байхад хууль гаргаж шоронд суулгаж чадахгүй байгаа нь түүний сэтгэлийг догдлуулжээ. Түүнийг буруу хэрэг хийлээ гэж гүжирдэхэд шүүхээр орсны дараа гарцаагүй цагаадах байсанд Вольтер үнэхээр биширчээ.

 


Эх орондоо буцаж ирсний дараа гүн ухааны анхны чухал бүтээл болох “Гүн ухааны захидлууд” буюу голдуу “Английн захидлууд” гэж нэрлэдэг номоо гаргав. 1734 онд хэвлэгдсэн энэ ном нь францийн Сэргэн мандлын эхлэл болсон билээ. “Английн захидлууд” номондоо английн улс төрийн тогтолцоо, Жон Локк зэрэг бусад сэтгэгчийн үзэл бодлыг сайшаан магтсаны улмаас францийн эрх баригчдын гүн дургүйцлийг хүргэж Париж хотоос зугтан гарахаас өөр аргагүй болжээ.

 


Дараагийн 15 жилийг Францийн дорнод хэсэгт орших Цири хотод гүнгийн үзэсгэлэн гоо, боловсролтой гэргий хатагтай дю Шателейн дэргэд өнгөрөөжээ. Хайрт бүсгүйгээ нас барснаас нэг жилийн дараа 1750 онд Пруссын Их Фридрих хааны урилгаар Подстам хотод очиж тэнд гурван жил суув. Өндөр боловсролтой, ухаантай хаантай нөхөрлөж дотно байсан ч эцэст нь хэрэлдэж 1753 онд Германаас явжээ.

 

Швейцарын Женев хотын ойролцоо эдлэн газарт франц, германы хаадаас алсад хэсэг амьдарсан ч эрх чөлөөг эрхэмлэгч үзэл санаанаасаа болж мөн тэндээс дүрвэжээ. Орон нутгийн засаг захиргаатай маргалдсан үедээ аль ч зүгт оргон зугтаж болохоор газрыг сонгож 1758 онд франц-швейцарын хилийн ойролцоох Фернье эдлэн газарт сууришав.

 

Энд уран зохиолын болон гүн ухааны ном зохиол туурвиж европийн сэтгэгчидтэй байнга захидлаар харилцаж зочид хүлээн авч хорь гаруй жилийг өнгөрөөв.
Ядарч зүдрэхийг эс хайхран зогсоо зайгүй ажиллаж энэ үед найраглал, шүлэг, захидал, роман, шог өгүүллэг, богино өгүүллэг, жүжиг, түүх болон гүн ухааны ном гээд нийтдээ гучин мянга гаруй хуудас бүтээл бичжээ.

 


Хүнийг шашны үзэл баримтлалаар нь гадуурхан хавчихыг буруушаадаг учир бараг 70 нас хүрч байх үед нь Францад үнэн алдартны шашин шүтэгчдийг залхаан цээрлүүлсэн хэд хэдэн аймшигт хэрэг гарсныг дуулаад ихээхэн зэвүүцэж шашны үзлийг хэт шүтэхийн эсрэг оюун ухааны тэмцлийг өрнүүлэв. Шашны сөргөлдөөнийг буруушааж шүүжилсэн улстөрийн шог зохиол олныг туурвижээ.

 

Зохиол бүрээ “Олны дургүйцлийг төрүүлсэн зүйлийг эцэс болгоё” гэж дуусгаж байлаа. “Олны дүргүйцлийг төрүүлсэн зүйл” гэсэн хэллэгээр шашны үзлийг хэт шүтэхийг илэрхийлж байв. Вольтер 1778 онд 83 настайдаа “Ирена” хэмээх шинэ жүжгийнхээ нээлтийг үзэхээр сая Париж хотод хөл тавихад түүнийг олон мянган хүн францийн Сэргэн мандлын “аугаа их эцэг” гэж хүндэтгэн угтжээ.

 

Түүнийг бишрэн шүтэгчдийн дотор Бенжамин Франклин байлаа. Түүнийг 1778 оны тавдугаар сарын 30-ны өдөр Париж хотод өөд болоход аливаа шашны харгис явууллагыг тууштай эсэргүүцэгч байсан учир түүнийг нийслэл хотод христос шашны ёсоор нутаглуулаагүй байна. Гэвч 13 жилийн дараа ялсан хувьсгалчид түүний шарилыг Париж хотод авчирч бунхан барьж ёслол төгөлдөр оршуулсан байна.

 


Вольтер нь зохиол бүтээлийн асар өв үлдээсэн болохоор түүний дэвшүүлсэн гол гол үзэл санааг тодруулья. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг насан туршаа сурталчилж байлаа. “Би таны ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй ч энэ үгийг хэлэх Таны эрхийг би амьсгаа хураах хүртлээ хамгаалах болно.” гэсэн үгийг Вольтер анх өгүүлсэн гэж үздэг. Энэ үгийг яг хэлээгүй ч тухайн асуудалд яг ийм байр сууринаас ханддаг байсан нь үнэн билээ.

 


Шүтэн бишрэх эрх чөлөөг тууштай хамгаалж байлаа. Насан туршаа шашны хүчирхийлэл, мөшгөн мөрдөхийн эсрэг туйлбартай тэмцсэн юм. Бурхан бий гэдэгт итгэдэгч шашны зарим номлолыг буруушааж зохион байгуулалттай шашин бол үндсэндээ заль мэх гэж үргэлж нотолж байв. Францийн үе дамжсан язгууртнууд ухаантай гэдэг нь оргүй худал, “хаадын бурханлаг эрх” гэгч нь зүгээр л тэнэглэл гэж үздэг байв.

 

Хүчирхэг гэхдээ гэгээрсэн хаант ёсыг сайшаадаг, энэ утгаараа орчин үеийн ардчиллын тухай үзлээс хол байсан ч үе дамжин удирдах ёсны аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Ийм учраас түүний үзэл санааг баримтлагчдын дийлэнх нь ардчиллыг хүлээн зөвшөөрч чадсан юм. Түүний баримталж байсан улс төр, шашны үзэл бодол нь францийн Сэргэн мандлын гол чиглэл болж ихэнхи үзэл санааг нь 1789 оны Францийн их хувьсгалын үед зээлдэн авсан байлаа.

 


Вольтер эрдэмтэн байгаагүй ч шинжлэх ухаан сонирхдог, Фрэнсис Бэкон, Жон Локк нарын туршилтын үзэл санааг халуунаар талархан дэмжигч байв. Бузгай авьяаслаг түүхч байсан бөгөөд түүний “Үндэстнүүдийн заншил, үзэл санааны хүүрнэл” нэртэй дэлхийн түүхийн тухай бүтээл нь ихэд алдартай. Энэ ном нь түүхийн талаархи түрүү үеийн бүтээлүүдээс хоёр зүйлээр дээж байлаа.

 

Үүнд нэгдүгээрт Европ бол дэлхийн нэгээхэн хэсэг тул азийн түүхэнд ихээхэн анхаарал хандуулсан, хоёрдугаарт соёлын түүх нь улс төрийн түүхээс илүү чухал гэсэн үзлийг сайшааж байв. Тийм учраас номондоо хаад тэдний өдөөж байсан дайн байлдаанаас илүү нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, соёлын хөгжлийн тухай түлхүү бичсэн байдаг.

 


Вольтер бол Ж.Локк, Ф.Бэкон зэрэг бусад сэтгэгчийн үзэл санааг зээлдэн авч олон нийтэд хүргэн түгээн дэлгэрүүлсэн гавьяатай гүн ухаантан юм. Чухамдаа зохиол бүтээлээрээ ардчилал, шашны үзэл бодлыг тэвчих, оюун санааны эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг Франц төдийгүй Европийн дийлэнх хэсэгт түгээн сурталчилсан билээ. Францийн Сэргэн мандлын үед Дидро, Аламбер, Руссо, Монтескье зэрэг гарамгай зохиолчид байсан ч Вольтер тэргүүлэх удирдан чиглүүлэгч нь байсан юм.

 

Учир нь гэвээс нэгдүгээрт бичлэгийн өвөрмөц хэв маяг, олон тооны зохиол бүтээлээрээ бусдаас илүү уншигчтай байсан, хоёрдугаарт түүний дэвшүүлсэн үзэл бодол Сэргэн мандлын үед өргөн тархмал байсан, гуравдугаарт бусад сэтгэгчээсээ түрүү үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан. “Английн захидлууд” ном 1734 онд хэвлэгдэж олны хүртээл болсон бол Монтескьегийн “Хуулиудын үзэл санаа” хэмээх алдарт бүтээл 1748 онд, “Нэвтэрхий толийн” нэгдүгээр боть 1751 онд, Руссогийн анхны бүтээл 1750 онд тус тус гарч байжээ.

 


Өнөө үед Вольтерийн зохиолуудаас “Кандид” романаас бусдыг нь хүмүүс бараг уншдаггүй нь үнэн. Гэвч түүний бүтээлүүд ХVIII зуунд ихэд тархмал байж хүмүүсийн үзэл бодлын өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэж Францийн их хувьсгалыг оюун санааны хувьд бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тэрчилэн Т.Жефферсон, Жеймс Медисон, Бенжамин Франклин зэрэг америкийн нэрт сэтгэгчид түүний бүтээлүүдийг гүнзгий судалж америкийн улс төрийн уламжлалд олон үзэл баримтлалыг тусгасан билээ.


Эх сурвалж: “Алтан Чагнуур”