sonin.mn

Би Лондонд амьдардаг зураач хүн. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Хүлээн авах нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга. Үндсэн сэдвээ үргэлжлүүлье.


Дэлхийн бөмбөрцөгийг хага цохиж буй улаан цэргийн плакат буюу монголоороо зурагт хуудас. Бас нэг нь цөмийн зэвсэг гартаа атгасан Путин нөгөө гартаа дэлхийн бөмбөрцөг тэвэрчээ. Хоёр плакатнаас ямар дүгнэлт хийж болох вэ? Дүгнэлтээ гарчгаар илэрхийлчихлээ. Ерөөсөө ийм л бодол надад төрлөө. Оросын ард түмэн үеийн үед зовж явах тавилантай юм байна. Хоорондоо 100 жилийн зайтай хэвлэгдсэн энэ хоёр зурагт хуудсыг хараад ингэж л бодогдлоо. Орос бол энэ дэлхийн нэгэн аугаа их гүрэн. Уг нь энэ гүрэн дэлхийн хамгийн өндөр хөгжилтөй, ард олон нь жаргаж байх бүрэн боломжтой. Дэлхийд №1 асар уудам газар нутаг. Хэтрүүлж хэлбэл дуусашгүй их баялаг. Ердөө 120 сая хүн (140 сая гэдэг боловч лав 20 сая нь Украины эсрэг дайнаас дүрвээд хил даваад алга болсон). Оросын эрдэмтэн сэхээтнүүд нөхцөл нь бүрдвэл энэ дэлхийн хамгийн өндөр технологи гаргаад ирж чадах оюуны өндөр чадавхитай. Шинжлэх ухаан хүчтэй хөгжсөн, суурь сайтай. Хөгжиж дэвжихэд бүх өгөгдөхүүн нь бэлэн. Гэтэл?

 

Гэтэл яагаад дандаа Барууны хөгжингүй ертөнцөөс ямагт хоцорч явдаг юм бол? “Оройд нь очир эрдэнэ гялтганаж, ёроолд нь үй олон бурлакууд язганасан хөөрхий Орос орон минь!” хэмээн оросын их зохиолч Достоевский бичсэн санагдана.

 

Эхний зурагт хуудаст гартаа алх барьж далайгаад эх дэлхий–бөмбөрцөгөө хага цохих гэж буй орос цэргийн завилсан зургийг 100 гаруй жилийн тэртээ Италид хэвлэсэн байх юм (№1). Бүх дэлхийг бүрхэх Октябрийн үзэл санаа нь энэ зураг дээр харагдана. Хуучин дэлхийг сөнөөж байгаад цоо шинэ–хүн хүнээ дарладаггүй шинэ дэлхийг цогцлооно гэсэн Ленин–Сталины үзэл санааг зураг илэрхийлжээ. “Ард иргэний дайн” гэдгээрээ бараг 10 сая иргэнээ хөнөөчихсөн, ямагт хүчирхийллээр бүх асуудлаа (иргэний дайн, ангийн дайсантай тэмцсэн, хувийн өмчийн устгал, шашны устгал, хамтралжуулалт, аж үйлдвэржүүлэлт, үндэстэн-ард түмнүүдийг албадан нүүлгэсэн гэх мэт явж өгнө) шийдэж ирсэн, шийдэж байна, шийдсээр ч байх болно гэдгийг италийн сэтгүүлд илтгэсэн нь тэр юм болов уу.


Одоогоос 100 жилийн тэртээ италийн сэтгүүлд хэвлэгдсэн энэхүү зурагт хуудасны үзэл санаа одоо ч Орост унтраагүй шүү! Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг, улс орныг нэг талаар босгож бүтээн байгуулдаг ч нөгөө талаар сулруулдаг, ялангуяа хүн ардыг нь туйлдуулдаг, өнчрүүлдэг, хэлмэгдүүлдэг, бүр амьтан болгодог, өнөөгийн Оросын харц ардууд гэж бүгд боол гээд одоо ч Орост хэвээрээ. Уралын нуруунаас Приморийн хязгаар нутаг хүртэл хоцрогдлын туйл болсныг YouTube сайтаас манайхан харж л байгаа байлгүй. Үүний тод жишээ нь манай хөрш Тува гэж нэр заасан байна лээ. Манай Увс нутгийнхан бол мэднэ дээ, Тува ямар тамын газар гэдгийг.


Глобус тэвэрсэн Путины шог зургийг хараад би “Орос орон даян дэлхийн доог тохуу болж гүйцлээ” л гэж бодлоо... “Дэлхийг эзлэхүй…” Орос гүрэн байгуулагдсан цагаасаа хойш 300 гаруй жилийн турш газар нутгийн дуусашгүй их шуналдаа автаж хавь ойрынхоо хөршүүдээс тасралтгүй газар нутгийг нь булаан эзлэх империалист бодлого явуулж иржээ. Бүр алгын чинээ газрын араас үхэн хатан шунана. Үүнд монголчууд бид хамгийн сүүлийн 1950-иад оны жишээгээ саначихъя. Том томоор алдаж байснаа дүүрч гэе. Үүнийг мэдэхгүй хүнгүй тул нуршаад юүхэв.

 

Нэг ийм үг байдаг. “Орос хүн зовлон даадаг. Учирсан зовлонг хамтдаа туулаад гарч сурсан ард түмэн” гэж. Харин яагаад дандаа зовж явдаг юм бол гэж бодохлоор их хачин санагддаг юм. Ердөө л дэлхийг бүхэлд нь “авах” санаатай. Бүр тийм “Төрийн хар хайрцаг”-ны бодлоготой.


Орос гүрэн аль ч цагт, нийгмийн ямар ч байгууламж системтэй байхаас үл хамааран “империалист” дайнч бодлого явуулдаг нь бүхэнд илэрхий. Их Британийн Ерөнхий сайд агсан хатагтай Маргарет Тетчер Оросын нэрт улс төрч агсан Борис Немцовт “Хэрэв Орос гүрэн манай Британийн жишээг дагаж империалист бодлогоосоо татгалзаж чадвал алсдаа маш өндөр хөгжилтөй, ард түмэн чинь аз жаргалд умбасан улс орон болох бүрэн боломжтой” гэх утгатай үгээр зөвлөж байсан гэдэг. Б.Немцов ч ийм бодлоготой улс төрч байсан. Харамсалтай нь Оросын ард түмний заяа дутаж тэр өөрөө Путиндээ алуулсан. Ерөөсөө Орос оронд Немцов шиг тийм удирдагч гарч ирэх боломжгүй юм шиг байна. Империалист дайнч Орос орон ямагт дайны байдалд, дайны сэтгэхүйтэй, дайны эдийн засагтай, энэ дэлхийг чадвал бүхлээр нь “залгичих” бодлогоосоо салахгүй юм байна гэж энэ (№2) зурагт хуудас өгүүлэх мэт. Украинаар жишээл л дээ. Эхлээд 4 мужийг нь авна гэсэн бол 6 болж хоёроор нэмэгдсэн, одоо 8 болоод явж өгсөн байна лээ. Крымтэйгээ нийлээд есийн ЕС! Газар нутгийн дээрэмчин!

 

Зурагт хуудасны хамгийн том хөхиүлэгч өөгшүүлэгч нь Кремлийн суртал нэвтрүүлэг юм. Одоо бүр Орос орноо эндшпиль рүү нь оруулчихлаа. Эндшпиль гэж герман хэлний “Endspiel” буюу хаалтын төгсгөлийн тоглолт гэсэн үг. Шатар дааман дээр төгсгөлийг нь тэгж нэрлэдэг.


Орос тийм рүүгээ яг явж байна. Дайны хийрхлийг хамгийн ихээр дэвэргэгч оросын ТВ-ийн шоучид бүтэхгүй чадахгүй юмыг армиасаа шувтан нэхнэ. Ямар ч дипломат хэлэлцээ байхгүй, зөвхөн хуучин зөвлөлтийн БНУ-уудыг эргүүлж заавал нэгтгэ, учир нь Зөвлөлт Холбоот Улс тараагүй учир эргүүлж авах нь зүй ёсных гээд бөмбөрцөг тэвэрсэн Путинээ өөгшүүлээд л байна. Үр дүн нь Оросын арми ба ард түмэн зовж барахгүй, зовлон нь дуусахгүй. Оросын ард түмэн үеийн үед зовж явах тавилантай юм болов уу, эсвэл эзэнт гүрний хэнээтэй эрх баригчид нь ард түмнээ мөнхөд зовоож байх тавилантай юм болов уу, аль нь вэ? Би зураач хүн болохлоороо бас нэгэн зүйлийг тодоос тод олж харлаа. Хоёр ч удаа Туркэд Орос-Украины хэлэлцээ явагдлаа, үр дүнгүйгээр. Оросын төлөөлөгчдийн царай зүс, нүүрний хувирал, нүдний гал юу харуулав гэхлээр түүхэн шившигт үйл явдалд оролцож байгаадаа гутарсан, айсан, балмагдсан царай л харагдаад байх юм!?





Тодын Отгонбаяр (Лондон зураач)