sonin.mn
Цэрэндонойн САНЖАА (1937-2019)
 
Олон түмэндээ “Том” хэмээн алдаршсан, Монгол улсын хүчит заан Цэрэндонойн САНЖАА дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монгол бөхийн дэвжээнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ц.Санжаа нь 1937 онд Өвөрхангай аймгийн Шанх сум буюу одоогийн Хархорин суманд төржээ.
Тэрээр улсын баяр наадамдаа дөрвөн удаа шөвгөрсөн цуут бөх бөгөөд 1960 оны ардын хувьсгалын 39 жилийн ойгоор улсын арслан Ж.Чойжилсүрэнгээр долоо даван, их шөвгийн дөрөвт шууд шалгарч, улсын заан цолд хүрч, 1962 онд тав давж давж өсөх идэр, 1964 онд тав давж үнэн хүчит, 1966 онд тав даван бат орших чимгүүдийг хүртсэн юм.
 
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн найман тамирчны нэг бөгөөд Унгарт болсон найрамдалт армиудын тэмцээн буюу олон улсын тэмцээнээс манай тамирчдаас анхны медалийг хүртсэн түүхтэй. Мөн 1964 онд Японы нийслэл Токиод болсон зуны олимпийн их наадамд Монголын тамирчид анх удаа мөрөө гаргасан бөгөөд Ц.Санжаа энэхүү олимпод чөлөөт бөхийн хүнд жинд улсаа төлөөлөн оролцож байв. Түүнчлэн 1963 онд Болгарын нийслэл Софид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн тамирчид анх удаа оролцоход +97 кг-ын жинд барилдан шагналт наймдугаар байрт шалгарч байжээ.
 
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
 
 
Их Монголын Хүчтэн Дэвжээ