sonin.mn

БУРИАДЫН СЭРГЭЛТ


Монгол дахь буриадын хядлага 1937 онд эхлээгүй юм. Түүний эхлэл нь 1933–1934 оны Лхүмбийн хэрэг байлаа. Сталины Улс төрийн товчооны Монголын комисс бодлогыг шийдэж, Зөвлөлтийн сургагчид хэргийг бүтээж, Монголын Дотоодыг хамгаалах байгууллага монгол дарга нарын гарын үсгээр хэрэгжүүлжээ. Хэрэгт шийтгүүлсэн 317 хүний 251 нь буриад байв. Үүнээс хэдхэн жилийн дараа анхны хэргээс үлдэж хоцорсон хүмүүсийг дахин түүж, 1937–1939 оны Их хядлагаар Монголын буриад эрчүүдийг бараг бүхэлд нь хамжээ.


Ийнхүү Зөвлөлтийн Буриадад их хядлага эхлэхээс дөрвөн жилийн өмнө Москва буриадын эсрэг угсаатны шинжтэй анхны томоохон ажиллагааныхаа нэгийг Монголд явуулсан байлаа. 1937 оноос энэ нь ил тод хоморголон устгал болж, “буриад хүн” гэсэн нэр өөрөө ял болон хувирсан юм. Буриад хүн хувьсгалын эсэргүү, буриад айлын эхнэр нөхөр хувьсгалын эсэргүүний хамсаатан, тэдний үр хүүхэд ардын дайсны удам хэмээн сэжиглэгдэнэ. Хийсэн хэрэг бус, төрсөн угсаа нь гэм болжээ.


ТӨРӨӨГҮЙ ХҮҮХДЭД ОНООСОН ЦААЗ


Их хядлагын үеэр Монголд цаазаар авах ял оноон буудан хороосон гурван эмэгтэйн хоёр нь буриад байв. Хоёулаа жирэмсэн байжээ.


Тэдний нэг Дугарын Дунгаржид* сургуулийн багш байлаа. Нутгийн иргэд боловсрол мэдлэг, нэр хүндийг нь үнэлэн сонгож, Дадал сумын дарга болгожээ. Нөгөө нь жанжин Дэмидийн эхнэр Богдановын Навчаа* . Тэр мөн тухайн цагийн боловсролтой эмэгтэйчүүдийн нэг байж. Дэмидийн хөдөө мал маллан сууж байсан өтөл эцэг Гэлэгдорж болон дүү нарыг нь хүртэл баривчлан буудан хороожээ. Нэг хүнийг шийтгэх бус, гэр бүл, төрөл садан, үр удмыг нь бүхэлд нь дайсан болгосон хэрэг байв.


Жирэмсэн эмэгтэйг шүүхийн тогтоолоор буудан хороосон нь ганц хүний амийг бүрэлгэсэн хэрэг биш. Төр эхтэй нь хамт төрөөгүй хүүхдэд нь цаазын ял оноожээ. Шийдвэрийн бодит утга нь буриад хүнийг шийтгээд зогсохгүй, үр удмыг нь таслах явдал байлаа. Хэвлий дэх хүүхэд ямар ч хэрэг үйлдээгүй, ямар ч “эсэргүү байгууллагад” элсээгүй, ямар ч мэдүүлэг өгөөгүй. Түүний цорын ганц “буруу” нь буруутгагдсан эхээс төрсөн аж.


Хядлага дууссанаар айдас дуусаагүй. Буудуулсан хүний булш харагдахгүй боловч үр хүүхдийнх нь овог, нутаг, аялга, гэр бүлийн намтар амьд нотлох баримт болон үлдсэн байв. Тиймээс амьд үлдэгсэд эхлээд дуугаа хурааж, дараа нь нэрээ нууж, эцэст нь үр хүүхэддээ өөр хүн болж амьдрахыг захих болов.


“ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ”


1969 онд Сэлэнгийн Ерөөгийн нэгэн буриад айлын хүү сургуульд орох болжээ. Эцэг нь хүүгээ сумын төв рүү морьтой хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан байна. Тэднийг холдоогүй байтал өвөг эцэг нь гэрээсээ гарч ирээд араас нь дууджээ.


-Миний хүү, сургуульд очоод өөрийгөө халх гэж хэлээрэй!


Энэ бол зохиосон яриа биш. Хожим зохиогчийн найз болсон тэр хүү өвөөгийнхөө үгийг насан туршдаа мартаагүй юм. 1969 он гэхэд их хядлагаас хойш гуч гаруй жил өнгөрсөн байлаа. Чойбалсан үхээд арван долоон жил, Сталин үхээд арван зургаан жил болжээ. Гэвч төрийн айдас өвгөний сэтгэлээс гараагүй байв. Буриад гэж хэлбэл ачийг нь сургуульд авахгүй, гадуурхана, намтрыг нь ухаж, аав өвөөг нь асууна гэсэн айдас амьд хэвээр байлаа.


Нэг үндэстнийг дарах бодлого зөвхөн хүнийг алаад дуусдаггүй. Амьд үлдсэн хүнийг өөрийнхөө нэрээс айдаг болговол дараагийн үеийг нь ч захирч чадна. Буриад хүүхдийг сургуульд авахгүй байх, ардын дайсны хүүхэд хэмээн боловсрол, албан тушаалын замыг хаах явдал дайны дараах хэдэн жилд ч үргэлжилжээ. Зарим нь овгоо сольж, зарим нь эхийнхээ нутаг усыг хэлэхээ больж, зарим нь буриад аялгаараа ярихаас ичдэг болжээ. Буриад айлын хүүхдүүд “халх” болж амьд үлдэв. 


ГЭВЧ ҮНДСИЙГ НЬ ТАСАЛЖ ЧАДСАНГҮЙ.


Гэвч тэдний гэрт үлдсэн нэг итгэлийг устгаж чадсангүй. Буриадууд ном эрдэмд тэмүүлэх уламжлалаа хадгалсан байлаа. Хил даван ирсэн эхний үеийн олон хүн орос сургуульд сурсан, бичиг үсэгтэй багш, эмч, малын эмч, орчуулагч, түшмэл байв. Эцгүүдийг нь буудсан ч номын шүүгээг нь бүгдийг шатааж чадаагүй. Эцгийн нэрийг хэлэхийг хориглосон ч хүүхэддээ сурахыг захихыг хорьж чадсангүй. Хожим Монгол даяар алдаршсан буриад хүмүүсийн олонх нь хүүхэд, залуу насандаа их зовлон туулжээ. Эцгийг нь баривчлан авч явсан, буудан хороосон, гэр орныг нь хураасан айлуудад өнчирсөн хүүхдүүд, бэлэвсэрсэн эхчүүд үлдэв. “Эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулиас хөөгдөж, хаалга үүд хаагдсан ч тэдэнд амьдралын ганц зам байлаа. Тэр нь боловсрол байв.


Бэлэвсэн эхчүүд үр хүүхдэдээ хөрөнгө өвлүүлж чадсангүй. Харин энэ харгис нийгэмд амьд үлдэхийн тулд эрдэм сурахаас өөр түшиг байхгүйг ойлгуулжээ. Хүүхдүүд ч эцгийнхээ нэрийг нууж болох ч сурах хүслээ орхиж болохгүйг эрт ухаарсан юм. Сургуулиас хөөгдвөл өөр сургууль бараадна, хотод хавчигдвал хөдөө очно, нэг мэргэжлийн үүд хаагдвал нөгөөг эзэмшинэ. Тэд боловсролыг албан тушаалд хүрэх шат бус, амьд үлдэх арга, хүнийхээ нэр төрийг хамгаалах зэвсэг болгожээ. Хядлагын дараах буриадын сэргэлт жагсаал цуглаан, тунхаг бичгээр эхлээгүй. Сургуулийн ширээ, эмнэлгийн өрөө, лабораторийн микроскоп, номын сангийн ширээн дээрээс эхэлжээ.


ЕСӨН АКАДЕМИЧ


1961 онд Монголын Шинжлэх ухааны хүрээлэн Академи болон өргөжиж мөн оны тавдугаар сарын 22-нд анхны есөн жинхэнэ гишүүнийг ШУА-ийн аакадемичаар сонгон зараллаа. Тэр үед академич гэдэг үг үлгэрийн баатар шиг хол, шинжлэх ухаан гэдэг төрийн хамгийн өндөр шүтээн шиг сонсогдоно. Анхны есөн академич дотор Бямбын Ринчин, Цэвэгийн Тойвгоо*, Вандан – Ишийн Ичинхорлоо* Түндэвийн Шагдарсүрэн* нар буриад эрдэмтэд байлаа.


Энэ бол энгийн статистик биш. Хорин хэдхэн жилийн өмнө буриад хүнийг Японы тагнуул гэж сэжиглэн, эрчүүдийг нь бөөнөөр буудаж байсан улс шинжлэх ухааны хамгийн дээд байгууллагаа байгуулахдаа тэдний үр хүүхэд, төрөл садны мэдлэг боловсролыг тойрч гарч чадсангүй. Сургуульд авахгүй байсан хүүхдүүдийн үе Монголын анхны академичид болов. Ардын дайсны гэр бүл гэгдэж байсан айлуудаас Монголын хэл шинжлэл, анагаах ухаан, мал эмнэлэг, биологийн ухааныг авч явах хүмүүс төржээ. Хядлага буриадын сэхээтнийг устгасан ч сэхээтний хэрэгцээг устгаж чадаагүй. Шинэ Монголд эмч, багш, орчуулагч, эрдэмтэн хэрэгтэй байлаа. Төр өчигдөр буудсан хүмүүсийнхээ үр хүүхдээс өнөөдөр мэдлэг гуйхаас өөр аргагүй болов.


ХЭЛ, УТГА ЗОХИОЛ, ШИНЖЛЭХ УХААН


Буриадын сэргэлт шинжлэх ухаанаас гадна Монголын шинэ утга зохиолд хүчтэй илэрчээ. Сэнгийн Эрдэнэ* Хэнтийн Биндэрээс гарч, монгол хүний дотоод ертөнцийг өгүүллэг, туужид урьд байгаагүй нарийн өнгөөр зурсан зохиолч болов. Тэр буриад нутгийн байгаль, хүмүүсийн гуниг, нэр төр, чимээгүй тэсвэрийг Монголын нийт уншигчийн сэтгэлийн өмч болгожээ. Хэлмэгдсэн буриадын үр хүүхэд өөрийнхөө зовлонг зөвхөн буриадын зовлон болгон үлдээсэнгүй, Монголын утга зохиол болгосон юм. Бямбын Ринчин хэл, орчуулга, угсаатны зүй, бөө мөргөл, аман зохиолын асар их өвийг хадгалсан бол Дондогийн Цэвэгмид* багш, зохиолч, төрийн зүтгэлтэн, дипломатч болон гарч ирэв. Тэдний араас олон арван хэл шинжээч, эмч, биологич, малын эмч, түүхч, зохиолч төрсөн.


Энд нэг сонин зөрчил бий. Зөвлөлтийн тогтолцоо буриадын үндэстний сэхээтнийг устгасан атлаа өөрийн байгуулж буй орчин үеийн төрд боловсролтой боловсон хүчин шаардаж байлаа. Тэр хэрэгцээ нь амьд үлдсэн хүүхдүүдэд нарийн завсар гаргаж өгчээ. Тэд улс төрийн тухай дуугүй байж, шинжлэх ухаан, эмнэлэг, соёлын салбарт орон зайгаа эргүүлэн эзэлсэн байна. Энэ нь ил тэмцэл биш боловч түүхийн хамгийн тэвчээртэй эсэргүүцэл байв.


МОНГОЛ ХҮН БҮРИЙН ТАНИЛ НЭРС


Энэ сэргэлт цөөн академич, ганц хоёр зохиолчоор хязгаарлагдсангүй. Өнөөгийн монголчуудын бараг бүгдийн танил болсон буриад хүмүүсийн нэрийг салбар бүрээс дурдаж болно.


Монголын дүрслэх урлагт Цэвэгжав*, Одон*, Энхжаргал*; утга зохиолд Эрдэнэ, Галсансүх*, Нямдорж*, Оюун*; шинжлэх ухаанд Ринчин, Шагдарсүрэн, Тойвгоо, Ичинхорлоо, Барсболд, Дүгэрсүрэн*; дууны урлагт Пүрэвдорж*, Жаргалсайхан* нарын нэр тод үлджээ. Төр, нийгмийн амьдралд Майдар*, Лхамсүрэн*, Бямбасүрэн*, Бат-Үүл*, Зориг*, Баяр*, Энхбаяр нар өөр өөр цаг үед, өөр өөр үзэл баримтлалтайгаар Монголын түүхэнд байр сууриа эзэлсэн юм.


Энэ бол бүрэн жагсаалт биш. Гэвч монголчууд эдгээр хүнийг “буриадын зураач”, “буриадын зохиолч”, “буриадын эрдэмтэн” гэж ялган таньдаггүй. Тэднийг Монголынхоо зураач, зохиолч, эрдэмтэн, дуучин, төрийн зүтгэлтэн хэмээн мэддэг. Энэ нь уусаж алга болсны бус, Монголын оюун санаанд шингэж үлдсэний баталгаа байлаа. Сталин буриадын сэхээтний нэгэн үеийг устгаж чадсан. Харин тэдний Монголд үлдээсэн оюуны удам угсааг зогсоож чадсангүй.


НҮБ-ЫН ИНДЭРТ ГАРСАН БУРИАД


1961 оны аравдугаар сарын 27-нд Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагын 101 дэх гишүүнээр элсэв. Тэр хүртэл Монголын тусгаар тогтнолыг дэлхийн ихэнх орон хүлээн зөвшөөрөөгүй, НҮБ-д элсэх хүсэл нь удаа дараа хаагдаж байлаа. Монголын төлөөлөгчдийг Дондогийн Цэвэгмид тэргүүлж, НҮБ-ын индрээс Монгол Улсын нэрийн өмнөөс анх үг хэлсэн хүн болов.


Цэвэгмид Дорнодын Баяндунгийн буриад байлаа. 1930-аад онд “Монголд шургалсан буриад” хэмээн нэрлэгдэж байсан хүмүүсийн нэг нутгийн хүү хорин хэдхэн жилийн дараа дэлхийн улс орнуудын өмнө Монголын бүрэн эрхт байдлыг монгол хэлээр, буриад аялгаар тунхаглаж зогсов. Энэ бол түүхийн ёжлол бус, хариу байлаа. Буриад хүн Монголын тусгаар тогтнолд аюул учруулна гэж Москва сурталчилж байсан. Харин Монголыг дэлхийд тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх мөчид НҮБ-ын индэр дээр буриад хүн зогсож байжээ.


АРДЧИЛЛЫН ҮЕИЙН БУЦАЖ ИРЭЛТ


1990 оны ардчилсан хувьсгал Монголын төрийн тогтолцоог өөрчлөхөд буриад гаралтай сэхээтнүүд дахин тэргүүн эгнээнд гарч ирэв. Шинэ тогтолцоонд шилжих үеийн анхны Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн Хэнтийн буриад нутгаас төрсөн эдийн засагч байлаа. Тэр социалист төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл, парламентын шинэ тогтолцоонд шилжих хамгийн хүнд үеийн Засгийн газрыг толгойлжээ. Тэрээр 1991 онд АНУ-ын Ерөнхийлөгч Клинтонтой уулзахдаа “Бид социализмын мүзэй болон үлдэхийг хүсэхгүй байна” гэсэн гэдэг.


Санжаасүрэнгийн Зориг ардчилсан хөдөлгөөний хамгийн танигдсан удирдагч болж, “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгээ үлдээв. Сэнгийн Эрдэнийн хүү Эрдэнийн Бат-Үүл мөн ардчилсан хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг байлаа. Эцгийнх нь зохиолоор сэргэсэн буриадын дотоод ертөнц хүүгийнх нь улс төрийн тэмцлээр шинэ Монголын нийтийн талбайд гарч иржээ.


Намбарын Энхбаяр Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг дараалан хашсан анхны улс төрч болов. Тэр Монгол ардын хувьсгалт намын удирдагч байсан ч эхийн талаасаа буриад. Нэгэн сонин улс төрийн дурсамж бий. Буриад сумд 1990 оноос хойш Ардын намд төдийлөн санал өгдөггүй, тэр байтугай буриад гаралтай Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь тэндхийн сонгогчид дэмжээгүй гэдэг. Хэрэв энэ үнэн бол угсаа гарал намын дурсамжаас хүчтэй байгааг бус, харин хядлагын тухай нутгийн ой санамж намын нэрээс удаан настайг харуулна.


2008 онд Ерөнхий сайд болсон Санжийн Баяр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах улс төрийн гол шийдвэрийг гаргаж, Монголд олон тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт татах замыг нээсэн. Түүний эх Аюурын Дулмаа* нь Монголын нэрт биологич, академич бөгөөд Эрхүүгийн буриад удамтай. 1937 онд буудуулсан буриадын ач хүү далан жилийн дараа Монголын Засгийн газрыг толгойлж, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэмжээнд хүрчээ. Энэ нь нэг хүний намтар бус, бүхэл бүтэн үеийн эргэн ирэлт юм.


РИНЧИНОГИЙН ЯЛАЛТ


Монголын бүх буриад хожим эрдэмтэн, зохиолч, Ерөнхий сайд болно гэж Элбэгдорж Ринчино төсөөлөөгүй нь мэдээж. Түүний хүссэн Нармай Монгол улс байгуулагдсангүй. Буриад, Халх, Ойрд, Өвөр Монгол, Барга, Халимаг нэг төрийн хилд нэгдсэнгүй. Харин түүний үндсэн итгэл — буриадууд Монголын гаднаас ирсэн харь хүмүүс биш, нэгэн монгол үндэстний салшгүй хэсэг мөн гэсэн итгэл — хожмын түүхээр батлагджээ.


1934 онд буриадуудыг Монголын тусгаар тогтнолд аюултай Японы тагнуул хэмээн ялласан. Харин тэдний өнчирч хоцорсон үр хүүхэд Монголын хэл, утга зохиол, шинжлэх ухаан, анагаах ухаан, дипломат алба, төр, ардчиллыг авч явлаа. Монгол улсыг НҮБ-д элсэхэд буриад хүн индэр дээрээс анхны үгийг хэлж, ардчилалд шилжихэд буриад хүн Засгийн газрыг толгойлж, шинэ нийгмийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд хэлмэгдсэн буриадын үр ач нар зогсжээ.


Тэд эцэг өвгөдийнхөө нэрийг цагаатгахын тулд нэгэн зэрэг цуглаж мэдэгдэл гаргасангүй. Өөрсдийгөө заавал буриад гэж зарласангүй. Зарим нь бүр насан туршдаа гарал угсааныхаа тухай дуугүй явсан. Гэвч тэдний хийсэн ажил өөрөө цагаатгал болов. Энэ цагаатгал шүүхийн тогтоолоос хүчтэй байлаа. Шүүх “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хэдхэн мөр бичиж болно. Харин нэг үндэстний нэр төрийг сэргээхэд хэдэн үеийн амьдрал шаардагдана. Бямбын Ринчингийн бүтээл, Сэнгийн Эрдэнийн зохиол, Дондогийн Цэвэгмидийн НҮБ-д хэлсэн үг, Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газар, Санжаасүрэнгийн Зоригийн ардчиллын уриа — энэ бүхэн 1934 оны зохиомол ялын эсрэг үе үеэрээ өгсөн мэдүүлэг юм.


Үүнийг Ринчиногийн бүрэн ялалт гэж нэрлэж болохгүй. Түүний байгуулалцсан хувьсгалын машин өөр олон хүнийг залгисан. Тэр өөрөө ч хүчирхийллийг улс төрийн арга болгосон тогтолцоонд хувь нэмэр оруулсан. Тиймээс хожмын буриадын амжилтаар түүний бүх үйлдлийг зөвтгөх боломжгүй. Харин нэг зүйл дээр түүх түүний зөв байсныг харуулжээ: буриадуудыг монгол үндэстнээс салгаж, харийн хүн болгон зарлах боломжгүй болов. 1930-аад оны хядлага буриадын нэгэн үеийг алж, дараагийн үеийг нь нэрээ нуухад хүргэсэн. Гэвч гурав дахь үе нь лаборатори, номын сан, эмнэлэг, их сургуульд эргэн ирэв. Дөрөв дэх үе нь Монголын ардчилал, төрийн индэрт гарч ирлээ. Үндсийг нь таслах гэж хөрсийг нь хүртэл сэндийчсэн боловч тэр үндэс Монголын хөрсөнд аль хэдийн хэт гүн орсон байжээ.


Ринчино улс төрийн хувьд ялагдсан. Харин түүний итгэж байсан ард түмэн Монголын дотор ялжээ. Нармай Монгол байгуулагдсангүй. Гэвч буриадуудыг Монголын түүхээс арчин хаяж чадсангүй. Ринчиногийн ялагдсан мөрөөдөл тэдний үр хүүхдийн амьдралаар цагаатгагдсан юм.



Баабар