sonin.mn
10 настайдаа анхны концертоо удирдсан Ж.Пуччини
 
 
Ж.Пуччини дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд тодоос тод гялал­зах од байжээ. Түүний бүтээлүүд өдгөө  үнэ цэнээ алдалгүй сонгодог урлагийн ноён оргилд бичигдэж, зуун зуун дамжин эгшиглэсээр байна. Ж.Пуччинийн аялгуу хүний дотоод сэтгэлийн шаналан, уйтгар гуниг болон сэтгэл хөдлөлийг илэрхийлдгээрээ онцлог. Дэлхийн шил­дэг хөгжимчид, удирдаачид түүний бүтээлийг тоглохдоо өөрийн мэдэлгүй аялгуунд нь уусч, өөрийгөө дуурийнх нь гол дүр мэтээр төсөөл­дөг тухайгаа дурссан нь цөөнгүй. Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж. Пуччини Ж.Вердийн дараа тодорсон, агуу авьяастан юм. Тэднийх удмаараа хөгжимчин байсан учир бяцхан хүү багаасаа төгөлдөр хууртай нөхөрлөж өссөн гэдэг. 10 настайдаа анхны концертоо удирдсан гэхээр аргагүй төрмөл авьяастай, суут хүн байжээ. Түүнийг Европ дахинд алдаршуулсан анхны бүтээл нь “Богема” дуурь юм. Түүнээс хойш алдарт “Чио Чио Сан”, “Тоска” бүтээлээрээ нэрээ мөнхөлсөн түүхтэй.
 
 
 
Гэнэн зан нь түүнийг хайртаасаа салах аюулд хөтөлжээ
 
 
Түүний мөнхийн бүтээлээс энэ удаа алдарт “Тоска” дуурийнх нь тухай онцолж байна. Учир нь УДБЭТ-ын хамт олон ирэх амралтын өдрүүдэд тус бүтээлийг тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. “Тоска” дуурийг манай театрын тайзнаа 1981 онд анх тоглосон түүхтэй. Түүнээс хойш 38 жил тасралтгүй мөнхийн хайрыг хайсаар байгаа юм. Дуурьт авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэл хөдлөл ихтэй, хартай ч гэнэн цайлган Тоска болон түүний найз залуу шударга, эрэлхэг Кварадосси нарын хайр дурлалын эмгэнэлт хувь заяа, хүний амьдралын эрээн бараан, шударга бус нийгмийн тухай өгүүлдэг юм. Тоска бол дэндүү мөрөөдөмтгий бүсгүй. Үүлэн дээгүүр хөвөн дүүлэх мэт сэтгэлийн хөдөлгөөн нь түүнийг амраг хайртыгаа алдах аюул руу хөтлөх юм. Тоскагийн эсрэг дүр нь түүнд санаархсан Скарпья. Тэрээр гэнэн цайлган бүсгүйн хосгүй үзэсгэлэнд сэтгэл алдардаг. Цаг минут бүрт Тоскаг Кварадоссигоос хэрхэн салгах тухай ухаан сүвэгчлэх ажээ. Хэрэв амраг хоёр салчихвал Токскаг өөрийн болгож чадна гэж итгэжээ. Тэрээр аргаа ч олно. Хайртай залууд нь хийгээгүй хэргийг нь тохож шоронд хорив. Үүнийгээ далдлан нуухын тулд Тоскатай худал тохиролцоо хийхээр төлөвлөжээ. Скарпья түүнд хайрт залууг нь халз буудалцаанд дуудаж, хий буудна хэмээн амлажээ. Хөөрхий гэнэн бүсгүй ч түүний овжин зальд хууртдаг.  Гэвч халз буудалцааны өдөр ирэхэд газарт унасан Кварадосси нь амьгүй байгааг нь мэдээд харуусч буйгаар дуурь төгсөх ажээ.
 
 
 
“Тоскаг бодит амьдралаас сэдэвлэсэн”
 
 
УДБЭТ-ын үе үеийн авьяаслаг уран бүтээлчид Тоска бүсгүйд хоолойн чадал, авьяас чадвараа сорьсон байдаг. Харин энэ цагийн тэдний түүчээ нь гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг юм.
 
Тэрээр дүрийнхээ тухай “2008 онд анх Тоскагийн дүрд дуулж байсан. Тэр үед Ардын жүжигчин А.Дашпэлжээ ахтай дуулж байлаа. Түүнээс хойш Ц.Баттөр, Э.Амартүвшинтэй дуулсан байдаг. Надаас гадна энэ дүрд Б.Эрдэнэтуяа, Ш.Нарантуяа гээд манай театрын авьяаслаг дуучид дуулдаг. “Тоска” дуурийг бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Ж.Пуччини дууриа зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллиса, Жузенне Жиакоса нарын бичсэн цомнолоор хийсэн” гэж дурссан юм. Ийнхүү УДБЭТ-ын уран бүтээлчид 38 жил тасралтгүй Монголын тайзыг эзэгнэсэн гэнэн бүсгүйн түүхийг дахин сануулах нь ээ.
 
 
 Ч.ГАНТУЛГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин