sonin.mn

СИНГАПУР, 2024 оны тавдугаар сарын 7 /France24/. “Амазон” компани Сингапур дахь үүлэн тооцооллын чадавхиа бэхжүүлэхийн тулд ирэх дөрвөн жилийн хугацаанд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Ингэснээр тус хот улсад хийх хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, үүлэн үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд тус дөхөм болно гэж “Амазон” мэдэгдсэн байна.


Технологийн компаниуд Зүүн Өмнөд Азид өсөн нэмэгдэж буй эрэлтийг ашиглахыг эрмэлзэж буй үед “Майкрософт” компани тус бүс нутаг дахь салбарууддаа олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. “AWS (Amazon Web Services) нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг дэмжиж, Сингапурын инновацын бүс нутгийн статусыг бэхжүүлэхэд туслах зорилгоор 2024-2028 оны хооронд Сингапурт оруулах үүлэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж тус компанийн Сингапур дахь төлөөлөгч Присцилла Чун хэлжээ.


Энэхүү хөрөнгө оруулалт нь жил бүр Сингапур дахь 12 мянга орчим ажлын байрыг бий болгох юм. Мөн орон нутгийн бизнесүүдэд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх ажлыг түргэсгэхэд нь туслах зорилгоор Сингапурын засгийн газартай түншилж байгаа ажээ. Үүлэн үйлчилгээ, зар сурталчилгаа, жижиглэн худалдааны бизнесүүдийн үзүүлэлт сайжирснаас үүдэн 2024 оны эхний гурван сард ашгийн хэмжээ гурав дахин өссөн гэж цахим худалдааны тус компани өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.


Жефф Безосын үүсгэн байгуулсан тус компани АНУ-ын гар утасны аппликейшн хэрэглэгчдэд худалдааны зөвлөгөө өгдөг “Руфус” гэдэг нэртэй хиймэл оюун ухаант чатботыг мөн туршиж байгаа юм. Үүнээс гадна худалдагчдад зориулсан хиймэл оюун ухаант функц нь бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахад тусалдаг. Мөн тус компани ирэх жилүүдэд Мексик, Саудын Араб, АНУ-ын AWS дата төвүүдэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа талаараа өнгөрсөн долоо хоногийн орлогын тайландаа дурджээ.


“Амазон”, “Майкрософт” зэрэг технологийн томоохон компаниуд сүүлийн үед Зүүн Өмнөд Азид илүү их хөрөнгө оруулалт хийх болоод байна. Тухайлбал, “Майкрософт” өнгөрсөн пүрэв гарагт Малайзад хиймэл оюун ухаан, үүлэн тооцооллын салбарт зориулан 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан юм. Өмнө нь тус компанийн захирал Сатья Наделла Индонезод 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, мөн Тайландад дата төв байгуулахаа зарласан юм.


Харьцангуй жижиг газар нутагтай боловч дэд бүтэц өндөр хөгжсөн Сингапур улс Зүүн Өмнөд Азийн бизнес, технологийн төв болж, цар тахлын дараа өөрийн байр сууриа улам бэхжүүлсээр байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг