sonin.mn
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөст, Зэрэг, Манхан сумын нутгийг дамнан орших “Баатарын нуруу” гэх газар 30 гаруй ирвэс нутагладаг. Энэ газарт 160 орчим малчин өрх бий.  Малчид ирвэсийг “Алтайн эзэн” хэмээн нэрлэжээ.
Монгол Алтайн салбар уулсын дунд амьдардаг Ховд аймгийн Зэрэг, Мөст сумын зарим малчдын амьдрал ахуй, байгаль цаг уурын шалгуурыг даван туулж, улмаар зэрлэг ан амьтадтай хэрхэн дасан зохицож амьдарч ирсэн зан үйл, өв уламжлалын талаар сурвалжиллаа.
Алтайн нурууны уулархаг өндөрлөг цэг нутгийн шүтээн болсон Баатархайрханы ноён оргилууд, Бумбатхайрхан  уулсын хад чулуу бүхэн давтагдашгүй өөр өнгө төрхтэй. Үүний нэгэн адил тэнд нутагладаг малчдын өвөг дээдсээс уламжилж ирсэн байгаль, ан амьтнаа хайрлан хамгаалах сэтгэлгээ давтагдашгүй юм. Энэ нутгийн малчин С.Балдандоржтой уулзав.
 
 
 
Сүү өргөсний дараа айл хотлоороо амгалан болдог…
 
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн малчин С.Балдандорж удам дамжсан малчин. Тэрбээр  60 жилийн турш мал малласан. Одоо 73 настай. Есөн хүүхэдтэй. Тэдний хүүхдүүд бүгд малчин. Харин эднийх хэдэн үеэрээ мал маллаж ирэхдээ Баатархайрханы нуруу түүний хавцал Улаан хад, Хөх үзүүр, Хар бөөрөг хэмээх нутгуудаар өвөлжиж, хаваржиж малаа адгуулж иржээ. Баатархайрханы нуруу зэрлэг ан амьтдын, тэр дундаа Дэлхийн улаан номонд мөнхөрсөн ирвэсний нутаг. Малчид эрт үеэс энэ алтайн эзэнтэй айлсаж, дасан зохицож ирсэн уламжлалтай. Эдүгээ 73 настай С.Балдандорж гуай 1960 оны үед 13 настайгаасаа эхлэн явган хонь, ямаа хариулж эхэлсэн. Тэр үеэс туулж ирсэн амьдралын түүхээсээ хуучиллаа.
Түүний хүүхэд ахуйд Баатархайрханы нуруу бороо хур элбэгтэй, янгир, аргаль нутагладаг, хөлийн өвдөгнөөс дээш өвс ургадаг байж. Төрөл бүрийн ургамал ургадаг, Баатархайханы салаа бүрээс ус урсдаг, гуу, жалга, дов салаа бүрт ховор ан амьтан элбэг, чихэндээ цацагтай шилүүс, суусар, мануул зэрэг махан тэжээлт амьтад элбэг байдаг байж. Тийм учраас “Баатарын мянган салаа минь” гэж өвгөд, хөгшид шүтэж өнөөг хүрчээ.
 
Тэр бүр хүн явдаггүй. Булаг ус бохирдуулдаггүй, ан амьтан үргээж цочоодоггүй, буу байсан ч хэрэглэдэггүй, буун дуу гаргавал байгаль дэлхий дошгироно. Ирвэс, аргаль янгир ямааг үргээж цочоож болохгүй, ”хар мөртэй” гэж өвөг дээдэс сургадаг байсан. Хар мөр гэдэг нь хэрвээ нэг ирвэс агнах юм бол элэг бүтэн нэг айлаас нэг хүний амь “гарз” гардаг гэж сургадаг байсан гэв. 
 
Би малаа хариулахын зэрэгцээ бас орон тооны бус байгаль хамгаалагч хийж явлаа гэж тэрээр бахархалтай ярьсан. Захчин түмэн зах хязгаар нутгаа манаж, хамгаалж ирсэн, цайлган цагаан сэтгэлтэй ямар нэг муу санаа агуулдаггүй, тэр тусмаа ан амьтад руу өнгөлздөг хүн байдаггүй байлаа. Ирвэс төрдөг газрыг би мэддэг, хэд хэдэн хадан үе нүхэнд төрдөг. Чонын  үүртэй газар ч их байдаг. Ирвэс хоёроос илүү төрдөггүй, өсөлт  удаан, догшин ярдаг, уурлахаараа зулзагаа ч хүртэл барьж иддэг. Ид орооны үед нэгнээ барих шахдаг ширүүн догшин амьтад. “Алтай нутгийн бар” гэж манай нутгийнхан нэрлэдэг. Миний харснаар сүүл нь биетэйгээ чацуу. Янгир, малаар хооллодог. Ирвэс газар дээрээ нэг удаа 3-4 мал нэг дор цусыг нь шимдэг. Дараа нь сэгий нь эргэж ирж иддэг. Цатгаландуу амьтан учир зунд мал руу дайрдаггүй. Тарвага, янгирын ишиг барьж иддэг. Нэг их аюулын ховдог амьтан биш. Малын хотонд ирж мал зооглоод буцах үед араас нь манайх сүү өргөдөг байлаа. Санаа дагаад ч тэр үү, сүү өргөсний дараа айл, хотлоороо амар амгалан болдог. Байгаль дэлхий дошгирч байна. Номхотгох гэдэг утгаар ирвэсний араас сүү өргөнө. Хүн, малгүй айл хотлоороо бүгд тайван болдог. Бидний өвөг дээдэс ингэж л сургаж ирсэн. Ирвэс хадны үе дээр хэвтэж л байдаг. Хүн явж байхад ер тоохгүй биеэ нууж хэвтдэг. Ар Баатар, өвөр Баатар гэх газраар л нутагладаг. Ирвэсний сайн тал нь эргүүтэж үхсэн, галзуурсан амьтны сэг зэм иднэ. Малын муу сэг зэм устгадаг, байгаль цэвэрлэдэг сайн талтай. Байх ёстой орчиндоо байх байгалийн чимэг амьтан гэж бид бахархаж, хайрлаж, харамлаж ирсэн. Ирвэстэй оролдвол бид үр хүүхэдтэйгээ зүй бус харьцаж байна л гэсэн үг.
 
1911- 1921 он, үүнээс  ч урьд миний өвөг эцэг  Сосор ноёны удам Цогтгэрэл гэж түшмэл хүн байсан миний дээр ярьсан бүх сургаалийг бидэнд өвлүүлж ирсэн. Миний өвөг дээдсийн малаа сайн хамгаал, ан амьтныг оролдож болохгүй гэдэг сургаалыг одоо ч үр хүүхдүүд минь өвлөж яваа. Бид байгаль, ан амьтан руу өнгөлздөггүй. Хөрөнгө мөнгөтэй компанийн эзэн гэх хүмүүс хотоос ирж зарим үед урин цагт зугаа гаргаад явъя гэх мэтээр буу шийдэм үүрч ирдэг. Ганц нэг янгир бууддаг. Янгирын цус сайн гэх мэт ор үндэсгүй зүйл ярьдаг. Яаж бодсон ч зэрлэг ан амьтны цус хүний биед хэрхэн сайн байхав дээ, малын сэг зэм устгаж байгаль дэлхийг цэвэрлэж байгаа амьтад шүү дээ. Ийм өрөөсгөл ойлголттой явдаг дээд албан тушаал, мэргэжилтэй хүмүүс ч байх юм даа хөөрхий.
Бас нэгэн бидэнд өвлөгдөж ирсэн зан үйл бол байгаль дэлхийдээ арц хүж уугиулж, цайны дээж өргөх нь луст баярлууж байгаа учиртай юм. Аль болох амаараа, дуу хоолойгоороо чимээ өндөртэй ”Цөөд хайрхан,”Хайрхан минь”, “Баатар мянган салаа минь”,”Мянган угалзат уул минь” гэж өндөр дуугаар өргөх учиртай. Овоо хүрээ тахих нь алтай дэлхийг баярлуулж, өвгөд арц хүж уугиулж дан цагаан идээ хэрэглэдэг байсан. Архи дарс хэрэглэдэггүй.
Луст гэдэг нь ирвэс, янгир, зэрлэг ан амьтдыг хэлдэг. Луст догширвол бэлчээр нутаг доройтно. Ан амьтан дайжна. Тэнд амьдарч аж төрдөг хүмүүст  ханиад, нус тохионо. Дээр үед “ханиад нус “салахгүй, малын гарлага гарвал байгаль дэлхийтэй буруу харьцсан гэж тухайн айлыг  үздэг байсан. Бас булаг шандад юм оруулсан байна гэх мэт цээрлэдэг. Ийм ёс уламжлал хүмүүсийн тархинд суулгадаг баруун Алтайнхны шүтлэгийг бид хойч үедээ өнөөг хүртэл өвлүүлж ирсэн.
Баатарын нуруунд миний үед өвс ургамал 1 метр өндөр ургадаг байсан бол одоо 20 см ургадаг болжээ. Ингэж доройтож байгаа нь тэнгэр огторгуй цаг уурын өөрчлөлтэй холбоотой. Тэнгэр аав, газар ээж гэж нэрлэн эр, эм хоёр бүрэлдэж байж газар өнгө засаж дэлгэрдэг.  Тэнгэр аав гэдэг нь тэнгэр огторгуйд сүү цайны дээж өргөхийг хэлнэ. Газар ээж гэдэг нь лустаа баярлуул газар дээр амьдарч буй ан амьтнаа хайрлан хамгаалах гэсэн утгатай. Газар ээж дээр булаг шанд бохирдуулж хог новш тарьдаггүй.
 
Газрын хөрсөн дээр амьдардаг ан амьтны цус нөж гоожуулж болохгүй. Тийм учраас газрын хөрсөн дээр бид амьдарч байна.
 
Бидний өвөг дээдэс газар ээж гэж нэрлэж байсан нь ийм учир утгатай. Булаг руу цус орох, мал унавал цэвэрлэж, арц уугиулж, сүүгээ өргөж баярлуулдаг. 
Газар дэлхийг харааж болохгүй.”яасан тамтай юм”,”яасан хэцүү юм “ гэх мэт  муу үг, доромж үг хэлж болохгүй монгол хүний ёс жаяг ч ийм. 
Мал услах, худаг шанд барих үед ч “тэгж болохгүй нүгэл”,”ингэж болохгүй нүгэл” гэдэг үгээр бид хууль хийж, үр хойчоо хүмүүжүүлж, байгаль хамгаалах ёс жаяг өвлөгдөж, хамгаалж ирсэн. Одоо бол янз бүрийн хууль гарсан байна. Даан ч хэрэгжихгүй юм. Одоо ч “ингэж болохгүй нүгэлтэй", “ тэгж болдоггүй юм” гэх үгээр сургасан уламжлал аяг жаяг байж л байх ёстой гэж ахмад малчин С.Балдандорж гуай хэллээ.
 
Н.Лхагва
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг