sonin.mn

АСТАНА, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Дэвид Камеронтой уулзсан тухай “Казинформ” агентлаг мэдээллээ.


К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ Казахстанд хийж буй энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв. "Стратегийн гол түнш Их Британи улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад бид баяртай байна. Түүнчлэн өнөөдөр байгуулсан Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг онцлон тэмдэглэж байна. Энэхүү цогц баримт бичиг нь хоёр талын олон талт ажиллагааг өргөжүүлэхэд шинэ суурийг тавина гэдэгт итгэлтэй байна" гэж Казахстаны удирдагч хэлжээ. Тэрбээр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, ногоон эдийн засаг, санхүү, инновацын салбарын боломжид онцгой анхаарал хандуулсан байна.




Үүний хариуд Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камерон Казахстаны Ерөнхийлөгч өөрийг нь найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлээд, Их Британийн Ерөнхий сайдын хувиар Казахстанд хийсэн анхны айлчлалаа халуун дотноор дурсан ярив.


"Миний бие энд анх 11 жилийн өмнө стратегийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр ирж байлаа. Өнөөдөр Казахстаны Гадаад хэргийн сайдтай Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Бид эрчим хүч, боловсрол, бизнес, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ ард түмэн хоорондын харилцааг сайжруулахыг зорьж байна" гэж Д.Камерон хэлэв.

Хэлэлцээний үеэр мөн соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа, тэр дундаа боловсрол, залуучуудыг дэмжих чиглэлд харилцаа холбоог сайжруулахад онцгой анхаарал хандуулжээ. Талууд мөн бүс нутаг, олон улсад тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг