sonin.mn
МУГЖ С.Батсүхийн шавь, авьяаслаг бяцхан дуучин Э.Энгүүнбатыг “Зочин”-ыхоо хойморт урьж ярилцлаа. Тэр бээр 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их Эх орны дайны ялалтын баярын тоглолтод оролцож “Смуглянка” дууг гоцлон дуулсан билээ. 
 
“Болор од” хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч “Бадмаараг” хамтлагийн найрал дуучидтай Улаан талбайд ая дуугаа өргөж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг түүнд ОХУ-аас ирүүлснийг дурдахад таатай байна. Түүнийг хурандаа нарын “Чандмань өлзийт аялгуу” тоглолтод оролцон ая дуугаа өргөх үеэр нь уулзаж ярилцсан юм.
 
Юуны өмнө дүүдээ баяр хүргэе. ОХУ-ын урилгаар Ялалтын баярын тоглолтод ая дуугаа өргөөд ирсэн шүү дээ... 
 
-Маш их баярлалаа. Би “Бадмаараг” хамтлагийн ах, эгч нартайгаа ялалтын баярын тоглолтод оролцож, “Смуглянка” дуугаа гоцлон дуулсан. Үзэгчид халуун дотно хүлээн авсан, сэтгэл их өндөр байна. Миний дуулахыг интернэтээр Монгол, Оросын зөндөө олон хүн үзэж, магтаалын үгийг маш ихээр бичсэн байна гэж ээж маань хэлсэн. 
 
Ямар мундаг юм бэ, Энгүүнбатаараа бахархаж байна шүү... 
 
-Баярлалаа. 
 
Хэзээнээс дуулж эхэлсэн бэ, том болоод дуучин болох уу? 
 
-Би нийслэлийн 116 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг, долоон настай. Дуу, хөгжимд үнэхээр их сонирхолтой, миний хамгийн анх дуулж сурсан дуу маань “Маамуу нааш ир”. Тэгээд дөрвөн настайгаасаа эхлээд ээж маань орос дуунууд зааж өгсөн. Орос дуу дуулахад эхэндээ хэцүү байсан. Яагаад гэвэл би үгээ тод, цэвэр хэлж чаддаггүй байсан юм. Харин одоо том болчихсон болохоор тийм алдаа гаргах нь багассан. Ээж минь магтаад л байгаа. Манай ээж орос, англи, франц, польш хэлтэй. Орос сургууль төгссөн болохоор орос хэлийг сайн сурсан байх. Бусдыг нь харин яаж сурсныг бүү мэд. 
 
Тайзан дээр дуулах агшинд ямар мэдрэмж төрдөг вэ? 
 
-Дууныхаа утга, агуулгыг маш сайн ойлгож, мэдэрч дуулах ёстой, тэгвэл үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэж С.Батсүх багш минь зөвлөдөг. Тийм болохоор би орос дуунуудынхаа утгыг ээжээрээ яриулж ойлгоод чин сэтгэлээсээ дуулдаг. Хүмүүс ч сэтгэл өндөр хүлээн авч, халуун алга ташилтаар намайг мялаадаг. Тэр үед надад үнэхээр сайхан санагддаг юм. Бас миний дуулахыг сонссон ах, эгч нар нүдийг минь хардаг болоосой гэж ерөөдөг. Тэр хүмүүсийн ерөөлөөр би хардаг болно гэдэгтээ итгэдэг. 
 
Миний дүү урын сандаа хэдэн дуутай болсон бэ? 
 
-“Катюша”, “Маленькая страна”, “Миллион алых роз”, “Прекрасное далеко” зэрэг орос, “Дуут нуур”, “Сүүдэргүй сэтгэлтэй ээж”, “Бороон чимээ”, “Ботго” зэрэг монгол дуунууд дээр ажиллаж байгаа. С.Батсүх багш болон өвөө, эмээ маань намайг маш сайн дэмждэг. Удахгүй энэ дуунуудаараа цомог гаргах талаар ярьж байгаа. Бас цаашдаа бие даасан тоглолт ч хийнэ. 
 
Мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцахгүй юу? 
 
-Надад олон гоё мөрөөдөл бий. Хамгийн том мөрөөдөл бол Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болох. Үүнээс гадна алдартай дуучин болно. 
 
Ямар хичээлдээ хамгийн дуртай вэ? 
 
-Биеийн тамир, дуу хөгжим, дүрслэх урлаг, математик л даа. Гэсэн хэдий ч би бүх хичээл дээр онц сурдаг.
 
Чиний бахархал юу вэ? 
 
-Монгол Улсаараа л бахархана шүү дээ. 
 
Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Үеийнхээ найзуудад хандаж юу хэлэх вэ? 
 
-Бүгдээрээ сайхан баярлаарай. Бас хүүхэд бүр ирээдүйд мөрөөдлөө заавал биелүүлээрэй. 
 
Ярилцсанд баярлалаа. Дүүдээ мөрөөдлөө биелүүлж, монголчуудынхаа бахархал болсон мундаг хөгжмийн зохиолч болоорой гэж ерөөе. 
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин