sonin.mn

МАН-ын даргад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар өрсөлдөхтэй зэрэгцэн УИХ дахь МАН-ын бүлэг 30:38-ын фракци гэж хуваагдсан билээ. Улмаар Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах зэрэг үйл олон үйл явдал өрнөж, тэр хэрээрээ асар их зөрчил, тэмцэл ч болсон билээ. Тодруулбал, намын даргын төлөөх өрсөлдөөн богино хугацаанд нам доторх асуудлаас хальж, төрийн эрх барих дээд түвшний сөргөлдөөн болж хувирсан юм. 2025 оны аравдугаар сарын 7-нд УИХ-ын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж, энэ асуудал аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаанд орсон. Улмаар санал хураалтад оролцсон 111 гишүүний 71 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнээр УИХ-аас Г.Занданшатарыг огцруулах тогтоол баталсан юм. 


Улс төрийн сөргөлдөөн үүгээр дуусаагүй.


Яг тэр өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон 114 гишүүний 102 буюу 89.5 хувь нь дэмжсэнээр тэрбээр УИХ-ын даргын албан тушаалаа өгсөн. Ийнхүү намын даргын төлөөх өрсөлдөөнөөс эхэлсэн талцал хэдхэн долоо хоногийн дотор Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг зэрэг хөндсөн улс төрийн хямрал болон өргөжив. Харин Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн маргаан дагуулж, асуудал Үндсэн хуулийн цэцэд шилжсэн. Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны 08 дугаар дүгнэлт, улмаар Их суудлын шийдвэрийн үр дүнд Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хүчингүй болсон бөгөөд Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлсэн юм. Ингэж МАН доторх зөрчил нэг хэсэгтээ төрийн институц хоорондын маргаан мэт харагдах хэмжээнд хүрсэн ч тус намын 31 дүгээр Их хурлын өмнө нөхцөл байдал өөрчлөгдөв. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргын сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, улмаар намын даргын шинэ сонголт хийх нөхцөл бүрдсэн юм.


 2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар Ням-Осорын Учрал сонгогдсоноос хойш 30-ын бүлэгт байсан гишүүдийн дийлэнхи нь намынхаа үндсэн бодлогыг даган нягтарч эхэлсэн байна.


Одоогийн байдлаар үндсэндээ Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга, Н.Алтаншагай гэсэн арван гурван гишүүн л "30-ын бүлэг" гэгчийн буурийг сахиж үлдсэн аж. УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд тэд оролцохгүй байгаа бөгөөд мөн зарим нэг гишүүн намынхаа удирдлагатай ойлголцохын тулд суухгүй байсан ч эхнээсээ ойлголцож, "Элсний 13-ынхан"-аас зайгаа барьж эхэлжээ.


Учир нь шинэ тутам бүрдсэн "Элсний 13" бүлгийн гол зорилго нь ердөө л Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүдийг хамгаалах, гэмт хэрэг наймаалцах гэсэн хувийн явцуу ашиг сонирхолтой ажээ.


Нөгөөтэйгүүр тэднийг нэгтгэж буй зүйл нь гомдол. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг төрийн өндөр албан тушаал, эрх мэдэлтэй байх үед чухам тэд л хамгийн ойр тойрон хүрээлэгчид нь байсан юм. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Намын удирдлага солигдож, эрх мэдлийн шинэ бүтэц бүрдэхийн хэрээр өчигдрийн “30” өнөөдөр 13 болж цөөрсөн дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, анх нэг тал болон нэгдэж байсан гишүүдийн олонх нь шинэ удирдлагатайгаа хамтран ажиллах замыг сонгож, өмнөх талцлаасаа аажмаар холдсон бол үлдсэн хэсэг нь чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байх хэлбэрээр бойкот хийж байна.


Карл Маркс нэгэнтээ: “Түүх давтагддаг: эхний удаа эмгэнэлт явдал болж, хоёр дахь удаа инээдэм болон давтагддаг.” хэмээсэн нь бий. Монголын улс төрд өмнө нь хоёр "Элсний 13" гэсэн бүлэглэл байсан. Нэг нь 1998 онд тухайн үеийн МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл дотор, нөгөөх нь 2007 онд МАХН(МАН)-д үүсч байсан юм. Аль аль нь ялагдлаар төгссөн. Энэхүү "Элсний 13"-ын хувьд ч цаашид яг энэ хэвээр МАН-ын үндсэн бодлогыг сөрсөөр байвал намаасаа хөөгдөх, улс төрөөс бүрмөсөн шахагдах гэсэн зам л харагдаж байна.




С.Сарнай