sonin.mn
Энэ удаагийн "Зочин" буландаа археологич, судлаач Э.Донойдугарыг урьж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнд найм дахь жилдээ ажиллаж, Монголын эртний түүхийг дэлхий дахинд таниулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж яваа залуу судлаач, эрдэмтэн юм.
 
Ярилцлагынхаа эхэнд археологи гэдэг үгийн тухай асуумаар байна ...
 
 
-Археологичид бол өнгөрснийг өнөөдөрт уулзуулах түүхийн хайгуулчид юм. Археологи гэдэг үг нь Грекийн “Эртний судлал” гэсэн үгнээс эхтэй. Хүн төрөлхтний нэн эртний түүх, соёл иргэншлийг судлах, эрэл хайгуул хийж, түүхийн цаг үеийг улам урагшлуулах нь бидний гол үүрэг.
 
 
Өөрөөр хэлбэл, археологичдын олсон эд өлгийн зүйлсэд судлаачид дүн шинжилгээ хийж, он цаг, гарал үүслийг нь тодорхойлж, түүхчид түүхийг нь бичдэг гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн үеийн түүхийг энэ цаг үед авчрахад хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч нь археологичид гэж ойлгож болно.
 
Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юунд оршдог вэ?
 
-Мэргэжил бүхэн сайхан ч миний мэргэжил хамгийн сайхан нь гэж дотроо аминчхан бодож явдаг. Учир нь бид Монголын цаашлаад нэн эртний хүмүүсийн үлдээсэн ул мөрийг илрүүлж, хэдэн зуун, мянган жилийн өмнөх цаг хугацаагаар аялж, түүх, хүн төрөлхтний дуусашгүй их өнгөрсөн үеийн ертөнцөөр хэрэн хэсүүчилж, судалж, мэдсээр байдаг нь мэргэжлийн маань мөн чанар юм уу даа.
 
Тэгвэл мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан мөчөөсөө дурсана уу, археологич мэргэжлийн хэцүү зүйл нь юу вэ?
 
-Тийм үе олон удаа тохиож байлаа. Түүний дотроос өнгөрсөн жил уугуул нутгийнхаа түүх, соёлын дурсгалыг нөр их хайгуул, судалгааныхаа үр дүнд баяжуулж чадсан явдал юм. Тодруулбал, саяхныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сум 20 орчим дурсгалтай гэгдэж байсныг булш, нэн эртний хүний амьдарч байсан бууц суурин, хадны сүг зураг, хөшөө дурсгал, сүм, хийдийн туурь гэх мэтээр төрөлжүүлж нийтдээ 400 орчим эд өлгийн зүйл, дурсгалтай болгосон. Хүнд хэцүү гэхээсээ манай мэргэжлийнхний бэрхшээлтэй нэг зүйл нь олон хоногоор гэр бүл, эхнэр, хүүхдээсээ алсад амьдрах юм даа. Тийм болохоор археологичийн гэргий их хатуужил, тэвчээртэй байдаг гэж боддог. Харин намайг энэ мэргэжилд дурлуулсан хүмүүс бол Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Б.Гүнчинсүрэн, Ц.Болорбат, Д.Одсүрэн нар юм. Талархахгүй байхын аргагүй.
 
Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
 
-Археологич болсон тухайгаа ярихаас өмнө төрсөн нутаг ус, бага насныхаа тухай ярих нь зүйтэй болов уу. Би хуучнаар Сэцэн хан аймгийн Орлой хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул хүн. Аав маань Дарьгангын Ишжамба (даншигийн арслан) хэмээх алдарт бөхийн ач хүү бол, ээж маань Орлойн нэрт морь шинжээч Хүүхэн Шүүлэн хэмээх хүний ач охин юм. Тиймдээ ч бага балчир наснаасаа өвгөдийнхөө их түүхийг шимтэн сонсож өссөн дөө. Багын их сониуч хүүхэд байсан ч юм уу, хаана л хууч яриа хөөрөө, домог үлгэр ярина, тэнд очиж чих тавина. Одоо бодоход тэр үеийн настнуудын яриа үнэхээр яруу тунгалаг, гайхмаар байж дээ. Жаахан ухаантай, сэргэлэн байсан сан бол ярьсан бүх яриаг нь тэмдэглэж эдүгээ ном болгон хэвлүүлсэн бол ямар сайхан бэ гэж боддог л юм. Он цагийн эрхээр эцэг өвгөдийн минь түүх улам л биднээс холдож байна. Хөдөө нутагтаа их хайртай. Сургуульд байхаас түүхийн хичээлдээ их дуртай байлаа. Сумын номын сангаас “Монголын нууц товчоо” болон бусад түүхийн ном, товхимол авч уншина, уншсанаа найз нөхдөдөө сонин болгож өдөржин ярина. Энэ бүхэн надад багаас минь хэн болох ёстойг ойлгуулсан юм даа.
 
Монголын түүхэнд Хүннүгийн үеийн хааны булш олдсон түүхэн үйл явдал тохиолдсоныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг санагддаг. Таныг энэ ховор, гайхамшигтай үйл явдалд оролцсон гэж сонссон. Энэ тухайгаа манай уншигчдад ярина уу?
 
-Бид зөвхөн “Чингисийн Монгол” гэж бардамнахаасаа өмнө түүнээс хэдэн мянган жилийн тэртээ дэлхийг донсолгосон хүчирхэг төрт улсууд байсныг санах хэрэгтэй. Нүүдэлчдийн түүхийг ялангуяа Хүннүгийн хүчирхэг түүхийг урд, хойд хөршөөс эхлээд өөрсдийн болгох гэсэн санаархал их байдаг нь нууц биш. Яг л Чингис хааныг орос, хятад, казах хүн байсан гэдэг шиг л. Яах вэ, зарим нэг жирийн иргэд хийгээд жижиг албад, хошуу ноёны булш, оршуулга Хятад болон бусад хэд хэдэн улсаас олдсон нь үнэн ч энэ нь тухайн үедээ Хүннүгийн эзэмшил нутаг байсантай л холбоотой гэдгийг тэдгээр улсын түүхчид эн тэргүүнд бодох хэрэгтэй. Түүнээс биш Хүннүгийн хот суурин, хаад язгууртны голлох дурсгалууд зөвхөн Монголын тал нутагт байдаг онцлогтой.
 
Үүнийг археологич хүний хувьд бардам хэлнэ. Хүннүгийн хааны бунхан олдсон тухайд бол “Улаанбаатар” их сургуулийн багш, доктор, профессор Д.Эрдэнэбаатар анх 2002 онд “Гол, мод хоёр” гэж нэрлэсэн Хүннүгийн шаньюгийн онгоныг анх нутгийн иргэний тусламжтай илрүүлсэн байдаг. Манай улсад өмнө нь нээгдэж байсан Хүннүгийн булшнуудаас “Гол, мод хоёр”-ынх шиг том хэмжээтэй ер байгаагүй юм. Тодруулбал, их бие нь 47 метр, бунхан руу орох үүдэвч нь 38 метрийн урттай, оршуулга нь 22 метр гүнд хадгалагдсан, уруугаа харсан пирамид хэлбэртэй язгууртны энэ булш Архангай аймгийн тухайн газар одоо ч бий. Тухайн газар гэж хэлдгийн учир нь дээрэмчин, тонуулчдаас сэргийлж буй хэрэг юм шүү. Дээрх дурсгалыг судалгааны эргэлтэд оруулахын тулд 10-аад жил малтлага, судалгааны ажил хийгдсэн. Булш эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байсан ч адууны тоног хэрэглэл, 10 гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, чий будагтай сав суулга, хүрэл тогоо, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг сонирхолтой олдвор, эд өлгийн зүйлсээр баян. Олдворууд дундаас амьтны дүрсийг товойлгон сийлбэрлэсэн хаш эдлэл, домгийн ганц эвэрт амьтдын дүрстэй эмээлийн хударга, хөмөлдрөгний алт, мөнгөн чимэгнүүд нэн онцгой. Мөн миний хувьд хамгийн сонирхолтой олдвор нь хоёр өөр шилийг уусган нийлүүлж нарийн чимэг, хээ угалз оруулан урласан аяга байв. Энэ нь эртний Ромын эзэнт гүрний үеийн шилэн аяга бөгөөд түүхийн хосгүй үнэт олдвор юм. Уг хосгүй нандин бүтээлийн малтлага дээр би өөрийн биеэр байсан нь хэр баргийн хүнд заяахгүй ховор хувь тохиол байлаа. Зөвхөн хаан хүн барих эрхтэй тэр хосгүй аяганд хүрч үзэх завшаан бидний цаг үеийн хэнд нь ч тэр бүр ирээд байхгүй нь лавтай. Дээрх шилэн аяга нь зөвхөн Ромын хаадын хэрэглэдэг үнэт эдлэл буюу дэлхий дээр өмнө нь таван ширхэг л олдсон, зургаа дахь нь ийнхүү Монголын их талаас олдсон явдал байлаа. Үүгээрээ хүннүчүүд Евро-Азийг холбосон Торгоны их замыг хянаж байсан хүчирхэг гүрэн байгаад зогсохгүй Аугаа Ромын эзэнт гүрний хаад, язгууртнуудтай холбоо сүлбээтэй байсны хөдөлшгүй баримт, нотолгоо юм. Шаньюгийн бунхан 200 гаруй дагуул булштай, одоо ч судлагдсаар байгаа бөгөөд уг булшны Монголын түүхэнд оруулсан, оруулах хувь нэмэр үнэлж баршгүй дээ.
 
Манай улс археологийн үнэт олдворуудаа яагаад эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна вэ?
 
-Монгол нутаг үнэхээр баян. Хөрсөн дээрээ ч, дороо ч тэр, дэлхийн бүх л үнэт металл, нефть, байгалийн хий байхаас гадна түүхийн үнэт олдворуудаар далай мэт баян газар юм. Эртний үлэг гүрвэлүүдийн өлгий нутгаас эхлээд Хүннү, Сүннүгийн үеийн дэлхийд хосгүй нандин түүхийн олдворууд хэдэн зуугаараа бий. Гэвч манай оронд дэлхийн жишигт нийцсэн археологийн музей одоо болтол байдаггүй. Музейд тавигдах үзмэр, үнэт олдворууд нь дэлхийд гайхагдсан ч түмний нүднээс далд, харанхуй хонгилд оршсоор л байна. Нэг л жишээг дурдахад, Танаас “Занданшуулсан шарил буюу муми хаана байдаг вэ, ямар улсаас гаралтай вэ?” гэж асуувал төвөггүй Египет гэж хариулах байх л даа. Гэвч би бол үгүй гэж хэлнэ. Монголын нутгаас олдож байгаа эртний хаад, язгууртны булш, бунханд занданшуулсан шарил маш их олддог. Үүнийг даанч дэлхий нийт мэдэхгүй.
 
Хэрвээ та надаас ингэж асуусан бол үнэхээр би Египет гэж хариулах байсан. Маш сонирхолтой мэдээлэл байна. Ер нь манай төр, засаг археологийн салбараа хөгжүүлэхэд хэр анхаардаг вэ?
 
-Дэлгээд харуулахад монголчуудын ч гэлтгүй гаднын улс орнуудын гайхширлыг төрүүлж, алмайруулах хэдэн зуун үнэт дурсгалууд зүгээр л Шинжлэх ухааны академийн байрны хонгилд хадгалагдаж байгаа нь харамсалтай. Ерөнхийдөө археологийн салбар манай оронд бараг орхигдсон гэж хэлж болно. Ихэнх малтлага, судалгааны төсөл гаднын судлаачдын санхүүжилтээр хийгддэг.
 
Шалтгаан нь нөгөө л дотоодын хөрөнгө оруулалт, төсөв дутсанаас тэр. Ойролцоогоор нэг сарын экспедиц хийхэд багадаа 20-30 сая төгрөг шаардлагатай болдог. Дээр нь он цаг тогтоох нарийн шинжилгээний лаборатори манай улсад байдаггүйгээс хилийн чанад руу дээжээ явуулна. Энэ зардал нь маш үнэтэй хэдэн мянган доллароор хэмжигддэг. Ийм л байна даа. Монгол Улс чинь шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийнхээ ердөө 0,1 хувийг л зарцуулдаг. Манайх шиг ингэж шинжлэх ухаанаасаа нүүр буруулсан орон дэлхийд маш ховор. Гэтэл гаднын судлаачдыг Монголд ажиллахад нь тухайн улс орны засгийн газар, бусад шинжлэх ухааны сангууд нь хэдэн зуун мянган доллароор санхүүжүүлдэг. Харин эсрэгээрээ бид гадагшаа битгий хэл дотооддоо ч судалгааны ажил хийхэд маш хүндрэлтэй, бараг боломжгүй дээрээ тулаад байгаа. Бодлогоор энэ салбарыг дэмжвэл асар их боломж, бололцоо байгаа гэж хардаг юм.
 
Судлаач хүний хувьд Монгол Улсынхаа Зэвсэгт хүчний талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Монголын цэрэг эрс нэгэн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг арми байсан шүү дээ. Тиймдээ ч өнөөгийн бидний тусгаар тогтнол, амар амгалан цаг бол үе үеийн ахмад дайчид, цэргийн зүтгэлтнүүдийн гавьяа гэж боддог. Өнөөдөр ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрт алтан соёмбоо магнай дээрээ залсан эрэлхэг дайчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон улсын тавцанд монгол цэргийн яруу алдрыг цуурайтуулан явааг нэг үеэ бодвол монголчууд бүгдээрээ мэддэг болсон. Миний хувьд хэдий богино ч гэлээ Монгол цэргийн музей гэх нэгэн “айл”-ын халуун ам бүлд багтаж явсандаа өөрөөрөө бахархдаг. Тухайн үед олон гайхалтай хүмүүсээс үлгэр авч суралцсан даа. Тухайлбал, музейн тайлбарлагч М.Бямбарагчаа, бэлтгэл дэд хурандаа Л.Гантөмөр зэрэг ах нарыгаа хүндэлж явдаг юм. Тэд нарын сургамж үг одоо ч амьдралд минь хэрэг болсоор байгаа. Цэргийн албаар хүмүүжсэн эрчүүд үнэнч, шударга, ажилч хичээнгүй байдгийг би тэр үед анзаарсан.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин