sonin.mn

2023 оныг америкийн Bloomberg ТВ-ээс “Дайн, мөргөлдөөний жил боллоо” хэмээн онцолсон. Тэр нь Орос-Украины дайн, Израиль-ХАМАС-ын дайн, бүс нутгийн бусад мөргөлдөөнүүдийг нэрлэсэн хэрэг ба оны тэрхүү онцлох дотор хоёрт бичигдсэн мөргөлдөөн эдүгээ Израиль-Ираны дайн болон өргөжин тэлжээ. Дайны явцын тухайд биш түүний утга учрыг ухаж ойлгоход хэрэгтэй гэж үзээд Израиль гэж хэн бэ гэдгийг ойлгуулах өөр нэг өнцөг хайя. Ойрхи Дорнодод Элчин сайдаар ажиллаж байхдаа Лалын Бүгд Найрамдах Иран Улсад хавсран сууж, мөн тодорхой ажил үүрэг дээр Израиль Улсыг хавсран хариуцаж байсан тул тэр талын мэдлэгээ хуваалцая.  



“Феномен” гэсэн (англиар Phenomenon) грек үг буй. Энэ нь үзэгдэл гэсэн утгатай, эртний грекийн гүн ухаантнууд олж тогтоосон нэршил. Бас “Парадокс” гэх грек үгээр ч орлуулж болохоор. “Парадокс” гэдэг нь зөрчилтэй, дүгнэлтийн эсрэгээр гэсэн утгыг илэрхийлдэг.



Тэгэхлээр эдүгээ Газын зурваст явагдаж буй дайн нь анхаарлын гадна гараад харин ХАМАС-ыг дэмжигч Иран руу анхаарал төвлөрөөд явчихсан нь Араб ба лалын ертөнцийн хувьд феномен ч мөн, бас парадокс ч мөн. 


Жүүдүүд (еврейчүүд) өөрийн гэсэн төрт-улс, эх оронтой байж болно гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж 76 жилийн тамтай зам туулжээ. Нөгөө талд нь түүхэн үнэнтэй эвлэрч чадахгүй зовж тарчилсан лалын ертөнцийн өөрөө өөртэйгээ зөрчилдөн буй түүхийн төгсгөл ойртож байгаа цаг үе нь яг одоо ирчихсэн байж магадгүй гэж судлаачийн хувьд үзэж байна.


Хэдийгээр Израиль-ХАМАС-ын хооронд эвлэршгүй хонзонгийн дайн үргэлжлэх нь мэдээж боловч хөндөхгүй байж болохгүй өөр нэг сэдэв үлдлээ. Гарчигт биччихлээ. Арабын орнууд шиитийн Иранаас бэргэж бэргэж зүрхээ зүсүүлэн зүсүүлэн Жүүдийн төрт-улсыг зөвшөөрөх хэрнээ лалын шашны ариун сургаалийнхаа дагуу Жүүдийн төрт-улсыг үзэн ядаж зүхэхийг (исламын фанатизм) юман чинээнд бодохгүй. Энэ л миний хэлээд буй өөрөө өөртэйгээ зөрчилдсөн түүх нь юм.


Палестины нутаг дэвсгэрт Арабын ба Жүүдийн хоёр төрт-улс улс зэрэгцэн оршиж болох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүхэн шийдвэрээ (1947.11.29-ний 181-р тогтоол) батлаад 77 жил өнгөрчээ. Израиль Улс оршин тогтноод, хөгжиж дэвжээд, дэлхийн топ хөгжилтэй орон болчихоод эдүгээ 76 дахь жилийнхээ ойг (тусгаар тогтнолын 76 жил) тэмдэглэх гэж байна. 



Эргэн тойрны Араб хөршүүд нь тэр улсыг үзэн ядаж устгах гэж олон удаа дайн өдөөгөөд, тэр дайны үргэлжлэл нь эдүгээ ХАМАС, Хезболла, Йемений хуситууд, тэдний цаадхи гол шордогч Иранаар дамжин өрнөж байна. Тэр дайнаас мултран гарсан Арабын орнуудын тухай, тийм алхам хэрхэн хийсэн тухай түүхээс сөхье. 


  

1948-1979 онд эхний үеийг (1-р үе шат) туулжээ. Устгана, сөнөөнө, арчиж хаяна гэсэн муйхар тэнэглэлийг анхлан сөрсөн нь Египет байв. 1979 онд Израильтай Энх тайвны гэрээ байгуулжээ. Ганцаардсан Египетийг Арабын орнууд, Иран мөн ч их хараан зүхэж, бүр Ерөнхийлөгчийнх нь аминд исламистууд нь хүрч байв. 1979-1994 оны бас нэг үеийг (2-р үе шат) ганцаардсан Израиль Египеттэй хамтран хоёул туулав. “Хүйтэн дайн” шувтарч, Арабын терроризм экстремизмийг шордогч зэвсэглэн санхүүжүүлэгч СССР байхгүй болмогц 1994 онд Иордан эвлэрэх ба хүлээн зөвшөөрөх замыг сонгожээ. Гурав дахь хүнд цаг үе 1994-2020 оныг (3-р үе шат) туулжээ. Тусгаар тогтносон Израилийг хөрш Иордан нь хүлээн зөвшөөрч түүхэн алхам хийжээ. Харин үйл явцын нэг хэсэг нь 1993.09.13-ны Ослогийн хэлэлцээр буюу Израиль ба Палестины Чөлөөлөх Байгууллагын (ПЧБ) хооронд байгуулсан Энх тайвны хэлэлцээр байсан билээ. Иордан голын баруун эрэг ба Газын зурваст Палестины Үндэсний засаг захиргаа байгуулагдаж, тэр үеийн Палестины эрх баригчид Жүүдийн Төрт-улс оршин тогтнох эрхтэйг анх удаа хүлээн зөвшөөрч, түүнийхээ шанд 1994 онд Нобелийн Энх тайвны шагналыг Израилийн хоёр улс төрч, мөн Палестины удирдагч Я.Арафат нар хүртжээ.



Харин нөгөө Арабын орнуудын тухайд мэл гайхан, жүүдүүдийг үзэн ядах нь үргэлжилсээр, дөнгөж 2003 онд Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) эрүүл нүдээр харж, хэлэлцээний ширээнд суусан боловч эргэж буцсаар 17 жилийн дараа 2020.08.13-нд АНУ-ын зуучлалтайгаар Израильтай харилцаагаа хэвийн болгож, бүрэн хэмжээний дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зуржээ. Ингээд 2021 онд Тель-Авив, Абу-Дабид харилцан ЭСЯ-даа нээжээ. Ингээд Арабын гуравдахь улсыг “уургалаад” авчээ. 2020 оноос дараагийн нэг үе шат (4-р) эхэлнэ. Эмиратын араас Бахрейн, Судан, Марокко жагсав. 


Өөрсдийнх нь устгана, оршин тогтнуулахгүй гэж байсан Израилийг хүлээн зөвшөөрөөд эхэлмэгц хамгийн түрүүн ХАМАС уур хилэнгээ илэрхийлж исламист мэдэгдэл гаргав. “Аймшигтай, аюултай үйл явдалд оролцов, Палестины ард түмний ар нуруу руу хутга шаав!” хэмээн Эмиратаа зүхэв. Иран бүр ч ихээр бачимдан хашгачив. “Мусульманы ертөнцийг хагалчихлаа”, “Манай Араб хөршүүд Палестин ба Жүүдийн төрт-улсыг аль нэгийг сонго!”, “Эмират маш том алдлаа”, “Үүнийг урван тэрсэлсэн акт гэж үзнэ!”, “Энэ алхмыг хүлээн авшгүй!”, “Бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг ноцтойгор эвдэн сүйтгэсэн хагалан бутаргах шинжийг агуулж байна” хэмээн хилэгнэв. АНЭУ-аас дипломат харилцаагаа тасална гэсэн заналхийлэл Тегеранаас цууриатав. Гэтэл гэнэт Турк хилэгнэлээ барьж чадсангүй. “Палестины төлөө тэмцлийг хагалан бутаргалаа” хэмээн Режеп Тайип Эрдоган дүгнэв.



Израильтай дипломат харилцаа тогтоосноороо Египет нь Синайн хойгоо эргүүлэн авсан шиг Израилийг тийм алхам хийлгэж Палестиныг аннексчилахаас татгалзуулна гэсэн байр сууриа Эмират хариуд нь илэрхийлж байв. 



Иордан нь байнгын дайны байдалд байсан дарамтнаасаа салсан гэдгийг нь эш үндэс болгон Араб найзуудаа ятгаж үзэв. Ятгах бус одоо бол өөрөө үлгэрлээд Ираны эсрэг дайнд агаарын орон зай, нутаг дэвсгэрээ гаргаж өгсөн төдийгүй агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээрээ Ираны пуужин, шахедуудыг замаас нь амдан сөнөөв.


2020.09.15-нд АНУ-ын зуучлалаар Бахрейн хөрш АНЭУ-ын замаар орж Израилийг хүлээн зөвшөөрөв. Бахрейны сонгосон замыг “шинэ эрин үе” хэмээн Цагаан ордноос нэрлэв. Хамгийн түрүүн баяр хүргэсэн улс нь АНЭУ болж тодров. Залгуулаад ХАМАС, Иран хоёр хилэнт үгсээ цууриатуулав. “Израилийн оккупацыг Бахрейн дэмжсэнээрээ палестинчуудын үйл хэрэгт ноцтой хохирол учруулав!”, “Бахрейны шийдвэр бол лалын үйл хэргээс болон палестинчуудаас урвасан том урвалт мөн!”. Палестин нь Бахрейнаас Элчин сайдаа татаж авав. 


Гэтэл байдал ХАМАС, Иран хоёрт бүр эвгүйгээр эргэх зам руу оров. Тэр оны намар, 2020 оны 11 дүгээр сард Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын ТНБД Майк Помпеогийн хамт Саудын Арабт гэнэт айлчлав. “Моссад”-ын дарга Йоси Коэныг дагуулан очсон нь бүр ч сэжиг төрүүлэв. Саудын Араб, Израиль хоёр Энх тайвны гэрээ байгуулах болоод явчихав. Биньямин Нетаньяху, “Моссад”-ын дарга Йоси Коэн нар Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салмантай уулзахдаа голдуу “Ираны тухай асуудал” ярилцсан гэдгийг израилийн “Haaretz” сонинд дэлхийд задруулав. The Wall Street Journal-д энэ тухай бүр ч том мэдээ тавигджээ. Хоёр сарын өмнө нь Израиль, АНЭУ, Бахрейн гурвуул Цагаан ордонд Энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурчихсан, гэтэл Булангийн хамгийн том улс нь ингэх гэж байгааг хэлэх үү, ХАМАС, Иран хоёр ёстой боож үхжээ. Цагаан ордон Судан руу уриалга илгээж, терроризмыг спонсорлогч улсын жагсалтаас хасна, 7 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэснээр Судан Израилийг хүлээн зөвшөөрчээ.


Ираны тухай шиитийн шашинт аятоллагийн төр нь Булангийн араб суннит монархиудад таалагддаггүй. Шиитийн шашныг үзэн ядах үзэл нь Израильтай нөхөрлүүлэх үндсэн шалтгаан юм. Мэдээж энэ нөхөрлөлд нь палестины асуудал гол тээг болно. Палестины асуудалд лалын ертөнц үндсэндээ нэгдмэл байр суурьтай. Тэр нь Израилийг үзэн ядах нэгдмэл байр сууринд хүргэнэ. Тэгсэн хэрнээ Ираны шиитийн тэлэлтээс эмээх айдас нь Иордан, Саудын Араб, Бахрейн, Эмиратыг Израиль руу түлхэж, бүр агаарын орон зайгаа израилийн цэргийн авиацад ашиглуулахад бэлэн байна гэх амлалтыг нөхцөлдүүлэв.



Ийнхүү анти-ираны үзэл санаан дээр араб-израилийн хэлхээ холбоо бэхжив. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодын бүх асуудлыг шийдсэн «Зууны тохиролцоо» хэмээн Израиль ба Бахрейн, Эмиратын харилцаа хэвийн болсныг нэрлэсэн.



Тэр тохиролцоо нь «Авраамын хэлэлцээр» (Abraham Accords) гэж нэрлэгддэг олон талт баримт бичигт тусгалаа олсон. Тэр хэлэлцээрт нэгдэж орох замаар Арабын бусад улсууд Израильтай бат бэх энх тайвныг тогтоож үүрд дайнгүй болох ба Судан, Марокко хоёр 2020 онд жагсаалтыг удаалав. Ийнхүү энх тайван тогтоосноор Палестины асуудал ч цэгцэрнэ. “Хоёр ард түмэнд хоёр төрт-улс” гэсэн зарчмаар шийдэгдэнэ, дэлхийн газрын зурагт “Палестин” гэх шинэ улс зурагдана хэмээн Д.Трамп ерөөсөн. Араб ертөнцийн лидер хэмээн өөрийгөө үнэлдэг Саудын Арабаас ихээхэн зүйл хүлээгдэж буй байдалтайгаар Д.Трамп халаагаа өгсөн. «Зууны тохиролцоо» хийлгэж чадсан АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн Энх тайвны шагналд хүртэл дэвшүүлж байв. 



Эргээд нэг харья. Израильтай анхлан 1979 онд Египет, дараа нь 1994 онд Иордан, тэгвэл 2020 онд нэгэн үед Арабын 4 улс (АНЭУ, Бахрейн, Судан, Марокко) Энх тайвны гэрээ («Авраамын хэлэлцээр») байгуулжээ. Нийлээд 6 улс боллоо. Палестины Үндэсний засаг захиргааг оруулж тооцвол олон улсын эрх зүйн 7 субъект Израиль Улс оршин тогтнох эрхтэйг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Саудын Араб, Катар хоёр одоо ээлжээ хүлээж байгаа. Хэрэв дэлхийн газрын зурагт Палестин гэх улс буй болбол Оман араас нь залгана.


Израиль Улсад хандах бодлого, харилцаагаа өөрчлөх хэрэгтэй болсныг Оман улс уриаллаа гэх мэдээ дээхнэ (2018 он) явж байсан. Харин тэр улс Apaб-Израилийн мөргөлдөөнд төвийг сахиж ирсэн ба түүнээсээ хазайхгүйгээр Израильтай харилцаагаа сайжруулахыг бусаддаа уриалдаг байсан. Жүүдийн төрт улс хэмээн Израиль Улсыг зөвшөөрөх хэрэгтэй хэмээн Оманы Гадаад хэргийн сайд Юсуф бин Алави бин Абдулла мэдэгдсэн ба эл Султант улсад Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху айлчилсны дараахан ийм мэдээ таржээ. Хэлсэн үг байна:–Израиль бол бүс нутагт оршин тогтнож байгаа улс мөн. Бид бүгдээрээ үүнийг ойлгож байна. Израильд өөрөөр хандах цаг ирж байж болно. Бүс нутгийн улс орнууд хэрхэн хандаж байсныг өөрчлөхөд Оман үүрэг хүлээх болно гэжээ. 


Б.Нетаньяху Оманд айлчилсныг олж мэдчихээд Иран боож үхсэн, маш сүрхий мэдэгдэл хийсэн. “Израиль нь лалын ертөнцөд яс хаядаг, хагалдаг”, “Палестины газар нутгийг 70 жил үргэлжлэн эзэлснээ хоёрдугаар асуудал болгох гэлээ”, “Лалын орнууд Цагаан ордны даралт шахалтыг эсэргүүцэх хэрэгтэй”, “Бүс нутагт буй болгохыг хүсээд байгаа Израилийн шийдэлд боломж бүү гаргаж өг”, “Вашингтон болон жүүд нарын лобби бол Израильтай дипломат харилцаа тогтоолгох зорилгоор мусульман орнуудад үзүүлж буй даралт шахалт мөн” гэхчлэн Тегеранаас ГХЯ-ных нь мэдэгдэл цууриатав.


Yргэлжлэл бий.



Д.Баярхүү