sonin.mn
Афганистан улсад явагдаж байгаа НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн 11 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ажиллагааг нээж ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлсэн үгэндээ “Цэргийн алба хаагчид маань даян дэлхийн энх тайвны төлөө харь газрыг зорихын өмнө зам мөрөө тэгшитгэх уламжлалын дагуу Зэвсэгт хүчний оройн дээд шүтээн болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
 
 
Энхийг сахиулагч та бүхэн монгол цэргийн шилдэг уламжлалыг эрхэмлэн хүндэтгэж, өмнөх цэргийн багуудын байгуулсан алдар гавьяаны түүчээг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
 
Мөн цэргийн багийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан “Бид ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлээ ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран хийж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлаа дээшлүүлсэн. Хэдийгээр Афганистан улсын цагийн байдал тогтворгүй байгаа ч төр, засаг, Зэвсэгт хүчнээс даалгасан үүргийг амжилттай биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөх болно” гэж хэллээ.
Тус цэргийн багийн бие бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь өмнө нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай бөгөөд таван хувь нь эмэгтэй цэргийн алба хаагчид юм.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин