sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 79 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, БНСУ-д лхагва гаргийн байдлаар 11344 хүн халдвар авсан бөгөөд шинээр илэрсэн тохиолдлуудын 68 нь дотоодод халдварлажээ. Тус улсад сүүлийн 53 хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.
Сөүл хотоос баруун зүгт оршдог Бучеон хотод байрладаг “Coupang” цахим худалдааны компанийн хүргэлтийн төвд халдварын олон тохиолдол илэрчээ. Сүүлийн мэдээллээр уг газартай холбоотой халдварын тохиолдлын тоо 69 болсон байна.
 
 
 
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хүргэлтийн төвтэй холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүйд ихээхэн санаа зовниж байгаа аж. Одоогоор 4000 хүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд 3500 орчим ажилтныг шинжилгээнд хамруулжээ.
 
 
 
Хүргэлтийн төвд зайнаас харилцах зэрэг үндсэн удирдамжуудыг дагаж мөрдөөгүй болохыг анхны шатны мөрдөн байцаалтаар тогтоосон бөгөөд мэргэжилтнүүд халдвар авсан хүмүүсийг Итаевон дүүргийн халдварын голомттой холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
БНСУ-д зайнаас харилцах хатуу дүрмийг баримталж, шинжилгээнд хамруулах явцыг түргэвчилснээр олон нийтийн дунд тархсан халдварыг хяналтад авсан боловч Сөүл хотын Итаевон дүүрэгт халдварын голомт үүссэн юм. Лхагва гаргийн үдийн байдлаар уг голомттой холбоотой халдварын 259 тохиолдол бүртгэгджээ.
БНСУ-д өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өсөж, буурсан хэвээр байгаа хэдий ч дөрөвдүгээр сарын 5-нд 81-т хүрснээс хойш харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Түүнчлэн энэ сарын эхээр Итаевонд халдвар тархахаас өмнө өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хоёрт хүрч буурсан билээ.
 
 
 
Халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэнээс хойш БНСУ-д халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, хоёрдугаар сарын сүүлээр 900 давжээ. Тус улсад энэ сарын эхнээс зайнаас харилцах дүрмийг сулруулж, сурагчид үе шаттайгаар сургуульдаа явж эхэлсэн юм. 
 
 
 
БНСУ-д энэ сарын 27-ны байдлаар халдвар авсан 10340 хүн бүрэн эдгэрчээ. Мөн халдварын 1232 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний дийлэнх нь БНСУ-ын иргэд байна. Тус улсад лхагва гарагт 15790 хүнд шинжилгээ хийснээр нийт шинжилгээнд хамруулсан хүний тоо 858666 болжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг