sonin.mn
Монголын их соён гэгээрүүлэгч, зураач барималч Занабазарын бүтээл туурвил, соёлын биет өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, уугуул нутгийнхаа урчууд, уран бүтээлчдийн залгамж холбоог бэхжүүлэн, шилдэг уран бүтээлчдийг тодруулах зорилгоор “Өндөр гэгээний соёлын өвийг уламжлагч” хүндэт шагналын эзнийг тодруулах арга хэмжээг Өвөрхангай аймагт жил бүр зохион байгуулахаар болсон. Тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Соёлын хэлтсээс “Өндөр гэгээний соёлын өв уламжлагч” шилдэг бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргажээ. Уралдааны шилдэг шагнал “Эгшиглэнт эх Янжинлхам”-ыг зураач Н.Амгаланбаатар ‘’Хонины бор’’ бүтээлээрээ хүртсэн байна. Түүний “Эгшиглэнт эх Янжинлхам” бүтээлийг Монголын шаазан урлагийн мастер Х.Хадхүү урлажээ.  
 
 
Өндөр гэгээний соёлын өв уламжлагчдыг уран сийлбэр, уран дархан, уран зураг, уран хатгамал, арьс болон эсгий урлал, өв хадгалагч гэсэн зургаан төрөлд шилдгийг шалгаруулж, бүтээлийн эздэд тус бүр нэг сая төгрөгийн шагналыг гардуулсан байна. Тус уралдаанд 114 уран бүтээлч оролцож, цахим сүлжээгээр 18 мянган хүнд бүтээлээ толилуулсан аж. Шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа Есөнзүйл сумын “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд болж, Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт зэрэг уран бүтээлчид оролцжээ. “Өндөр гэгээний соёлын өвийг уламжлагч”-ийг дэмжиж, хамтран ажилласан “Хурд” хамтлагаас Өндөр гэгээний тухай уран бүтээлийг удахгүй бэлэн болгож, үзэгчдэдээ бэлэг барих гэж буйгаа энэ үеэр дуулгасан байна.  
 
 
Зураач Н.Амгаланбаатар 1955 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төржээ. Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангид Ардын зураач Л.Гаваагийн урланд суралцаж төгссөн тэрбээр 1971-1974 онд суралцахдаа Ардын зураач Д.Амгалан, Ц.Доржпалам нараас номын дуу сонссон уран бүтээлч аж.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин