Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2020 оны 8 дугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ. Монгол Улсад 2020 оны 8 дугаар сард коронавирусний халдварын 10 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч нийт 301 тохиолдол бүртгэгдээд байна.
 
 
 
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 8 сард 22.0 мянга болж буурчээ. Халдварт өвчин өмнөх оны мөн үеийнхээс 7166 (24.6%)-гаар буурахад салхин цэцгээр өвчлөгч 5713 (75.5%)-аар, цусан суулгаар өвчлөгч 1812 (48.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 719 (59.9%)-өөр, сүрьеэгээр өвчлөгч 156 (6.0%)- гаар буурсан нь голлон нөлөөлжээ.
 
 
 
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны 8 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231 (21.1%)-ээр нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 9 (33.3%)-өөр, гэдэсний халдварт өвчин 320 болж, 224 (41.2%)-өөр, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 7 (1.6%)- гоор тус тус буурсан байна. 
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг