ДУБЛИН. /BBC/. Хорио цээрийн хязгаарлалтыг аажмаар сулруулах төлөвлөгөө Ирландад мягмар гаргаас хэрэгжиж эхэлнэ.
Сар гаруй хаалттай байсан барааны дэлгүүрүүд, музей, үсчин, фитнес клубүүд, номын сангууд дахин ажиллаж эхлэх бөгөөд сүм хийдүүд үйл ажиллагаагаа сэргээх юм. Түүнчлэн иргэдийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сулруулж, мужуудаар аялахыг зөвшөөрөхөөр болжээ.
 
Ирландын сайд нарын танхимаас 11 дүгээр сарын 30-нд зарласан төлөвлөгөөний дагуу ресторан, уушийн газрууд 12 дугаар сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ. Зөвхөн ундаа худалддаг газрууд хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. 12 дугаар сарын 18-наас нэгдүгээр сарын 5-ны хооронд иргэдэд зул сар, шинэ жилийн баярыг тэмдэглэх боломж олгох үүднээс хязгаарлалтыг нэмж сулруулахаар болсон байна. Энэ хугацаанд улс орон даяар чөлөөтэй зорчих боломжтойгоос гадна, гурваас илүүгүй гэр бүл нэг дор цуглаж баяр тэмдэглэхийг зөвшөөрчээ.
 
Үндэсний эрүүл ахуйн албаных нь дүгнэж байгаагаар, хатуу арга хэмжээнүүд авсны ачаар Ирландад цар тахлын хоёр дахь давалгааг зогсоосон байна. ЕХ-ны орнуудаас халдварын шинэ тохиолдлын үзүүлэлт хоёр долоо хоногийн турш өсөөгүй улсууд бол Ирланд, Финланд юм. Даваа гаргийн байдлаар Ирландад 306 шинэ тохиолдол илэрч, нэг хүн нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 72544 хүн халдвар авч, 2053 хүн нас барсан байна.
"Цар тахалтай тэмцэх Ирландын загварын онцлог нь төрийн бодлогыг халдварын тархалтын байдалтай уялдуулах, түүнчлэн иргэд ба төр хоорондын харилцан итгэлцэл юм" гэж "Фине гэл" намаас Ирландын парламентад сонгогдсон Фергус О'Доуд ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг