Энэ удаагийнхаа "Шинэ танил" булангаар нэгэн авъяаслаг охиныг танилцуулъя. Түүнийг Э.Хонгорзул гэдэг. "Бяцхан тод авъяастан-2013" наадмын тэргүүн байрын шагналт тэрбээр өдгөө зургаан настай. Намар "Жаргалан" дунд сургуулийн сурагч болно. Авьяасаараа суралцах сургуулиа олчихсон адтай охин
 
 
-Чи ямар гоё нэртэй юм бэ? Энэ гоё нэрийг хэн өгсөн юм бэ, ямар учиртай юм бол?
 
-Манай аав, ээж өгсөн юм. Их гоё цэцэгний нэр гэсэн. Гэхдээ би тэр цэцгийг хараагүй л дээ. Их гоё цэцэг байдаг гээд л хүмүүс ярьдаг. Зарим хүмүүс хүний нэрийг хагаслаж дууддаг. Харин минийхийг үгүй. Бүх хүн намайг Хонгорзулаа гэж дууддаг.
 
 
-Хонгорзул охин энэ намар сургуульд орно. Сургуульд сурах гоё уу?
 
-Гоё. Би 119 дүгээр цэцэрлэгт явж байгаад сая зургаадугаар сарын нэгэнд төгссөн. Ирэх намар "Жаргалан" сургуульд орно. "Бяцхан тод авьяастан" уралдаанд түрүүлж энэ сургуульд таван жил сурах эрхийн бичгээр шагнуулсан.
 
 
-Ямар мундаг юм бэ? Нээрээ би чамайг Хүүхдийн баяраар дуулж байхыг чинь харсан юм байна. Чи их хөөрхөн орос дуу дуулж байсан?
 
-Тийм ээ. Манайх Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Багш маань дүүргийн Хүүхдийн баярын арга хэмжээнд оролцоорой гээд оруулсан юм. Эгч ээ та "Маша, Баавгай" гэж хүүхэлдэйн киног мэднэ биз дээ. Миний дуулсан дуу чинь тэр киноны дуу байхгүй юу.
 
 
Манай ээж зааж өгсөн юм. Ер нь манай ээж надад их олон дуу зааж өгсөн. Өөрөө ч их гоё дуулдаг. Бас миний тоглолтонд өмсөх хувцсыг оёж өгдөг их сайн ээж байгаа юм.
 
 
-Маша яг чам шиг эгдүүтэй ч их сахилаггүй. Чи арай тийм сахилаггүй юм биш биз дээ?
 
-Би "Маша, Баавгай"-г үзэх их дуртай. Маша их хөөрхөн шүү. Гэхдээ би Маша шиг сахилгагүй биш. Харин манай дүү яг Маша шиг. Их сахилгагүй. Миний барбинуудыг бүгдийг нь эвдчихсэн.
 
 
-Дүү нь хэдэн настай юм бэ, чи дүүдээ хайртай биз дээ?
 
-Нэг настай. Заримдаа л хайрладаг. Уг нь эмэгтэй дүү байсан бол дандаа хайрлахгүй юу. Даанч эрэгтэй тэгээд сахилгагүй юм чинь яаж дандаа хайрлах юм бэ. Нэг удаа ээж надад усанд ордог ваннтай хүүхэлдэй авч өгсөн чинь дүү ванныг нь эвдчихсэн. Хайртай тоглоомыг минь эвдчихэж байгаа юм чинь би яаж хайрлах вэ дээ. Би бас ахтай. Ах маань их том оо. Наймдугаар анги.
 
 
-Ингэхэд Хонгорзул охиныг "Бяцхан тод авьяастан" уралдаанд оролцохыг хэн санал болгов?
 
-Манай Болороо багш. Гэхдээ би гурван настай байхдаа бас орж байсан юм. Даанч гуравдугаар шатандаа хасагдчихсан. Харин энэ жил их сайн бэлдэж байгаад орсон. Угаасаа түрүүлнэ гэж бодож байсан.
 
Эгч ээ, би танд нэг нууцаа хэлчих үү?
 
 
-За тэг.
 
-Хасагдаж байгаа хүүхдүүдэд бэлэг өгөөд л байсан хэрнээ надад өгөхгүй байсан шүү дээ. Тэгсэн чинь тэнцсэн хүүхдүүдэд бэлэг өгдөггүй хасагдсанд нь өгдөг байсан юм билээ. Би тэрийг нь мэдэхгүй горьдоод л байсан.
 
 
-Гэхдээ чи хамгийн том шагналыг нь авсан биз дээ?
 
-Тийм ээ. Түрүүлэхэд бол ёстой бэлгэнд даруулсан. Горьдоод байсан нөгөө бэлэгнүүдээ бүгдийг нь авсан. Бас их гоё том бялуу авсан. "Бяцхан тод авьяастан" уралдааны зохиомжит жүжгийн хэсэг нь надад хамгийн гоё санагддаг.
 
 
Энэ хэсэг дээр би "Байгаль дэлхийгээ хамгаалъя" гэсэн зохиомжит жүжиг тоглосон. Би туулай болсон болохоор анчид намайг агнах гээд их айлгасан. Харин туулай найзууд минь аварсан шүү.
 
 
-Хонгорзулаа чинийхээр бол байгаль дэлхий гэж юу вэ?
 
-Байгаль дэлхий гэдэг чинь ой мод байхгүй юу. Хүн ой модоор амьсгалж байгаа. Тэгэхээр хүүхэд бид ой модоо хайрлах хэрэгтэй.
 
 
-Чи түрүүнд манай ээж тоглолтонд өмсдөг гоёлын хувцаснуудыг оёж өгдөг гэсэн. Ээж чинь оёдолчин юм уу?
 
-Тийм ээ. Манай ээж их гоё оёж байгаа биз. Их сайн оёдолчин байхгүй юу. Харин загварыг нь Даваа эгч гаргаж өгдөг юм. "Мөөгхөн" гээд нэг дуу байдаг шүү дээ. Та мэдэх үү? Тэр дууг дуулах гэж ээжээр хувцас оёулсан чинь улаан мөөгний хувцас оёод өгчихсөн.
 
 
Уг нь цагаан мөөг байх ёстой байсан юм байхгүй юу. Манай аав ч гэсэн надад их олон гоё хувцас дэлгүүрээс авч өгдөг. Харин аав маань барилгачин. Гэхдээ Замын-Үүд явчихсан. Миний төрсөн өдрөөр ирнэ гэсэн.
 
 
-Чиний төрсөн өдөр хэзээ болох юм бэ?
 
-Долоодугаар сарын 11-нд. Би наадмаар төрсөн. Төрсөн өдөр нь болохоор хүн том болдог гэсэн. Том болгодог энэ баяраараа би хүүхдийн парк дээр очиж тоглоно. Бас "Маамуу нааш ир" гэдэг тоглоомын газарт тоглоно. Бас аав, ээжээрээ барби авахуулна. Даанч дүү маань эвдчих байх даа.
 
 
-Энэ дуучин авьяаслаг охинд хэн гэдэг дуучин хамгийн их таалагддаг вэ?
 
-Алтаа эгч. "Би эстрадын дуучин" уралдаанд орж түрүүлэхэд Алтаа эгч надад хүүхдийн дуутай цомгоо өгсөн. Бас бид хоёр хамтдаа зургаа авахуулсан.
 
 
-Хонгорзул охин том болоод ямар мэргэжилтэй болохыг би таах уу, яг Алтанцэцэг гавьяат шиг дуучин болно?
 
-Үгүй ээ, та таасангүй. Би сувилагч болно. Хүн эмчилдэг их сайн хүмүүс байдаг юм билээ. Хүн эмчлэхийнхээ хажуугаар дуулж бүжиглээд л явна.
 
 
-Дороо дүүтэй том охин ээждээ гэрийнх нь ажилд тусалдаг биз дээ?
 
-Аяга тавгаа угаана, ширээгээ арчина. Бас эмээгийнхээ өрөөг цэгцэлнэ. Охин хүүхэд юм чинь ээжийнхээ ажилд туслахгүй бол болохгүй шүү дээ.
 
 
Э.Анударь
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин