"Хүн сэтгэлээрээ гайхуулна 
Хүлэг морь дэлээрээ гайхуулна" Кунанбайн Абай.
 
Сэндэн эгч бол миний хуурай ээж минь болсон хүн. 1938 оны их барианы жил Сэндэн эгч дөнгөж 12 нас хүрч байжээ. Их барианы хэлмэгдүүлэлтэнд түүний аав Чимидийн Лувсан идэрхэн 35 насандаа баригдан хэлмэгдсэн. Сэндэн эгч аавыгаа хайр энэрэл дүүрэн, ажилсаг хичээнгүй, төлөв шудрага хүний дээд байсан гэдэг.
 
Энэ нь ч үнэхээр Сэндэн эгчид удам дамжин өвлөгдөн үлдсэн зан чанараас нь харагддаг билээ. Эднийхний хот айл Гилбэр дуганын баруун дор, Хирхоны голын Өндөр улиасны гарманд өвөлжөөд хаваржиж байлаа. Хаврын адаг сарын тэр нэгэн шөнө халуун ам бүл тайван амарч байтал аймшигт ногоон малгайтнууд гэнэт орж ирэн аавыг нь халуун орноос нь босгоод аваад явжээ.
 
Аавыг нь барьж явсанаас хойш хориод хоногийн дараа, дөнгөж анхны ногоо цухуйж байх үед төрийн дээрэмчид дахин хүрч ирээд хамаг мал хөрөнгө, өнгөтэй өөдтэй бүхнийг нь юу ч үлдээлгүй хурааж аваад оджээ. Сэндэн эгчийн аав ээж ажилсаг хөдөлмөрч залуухан сайхан хос, амьдралын сайн сайханд ид тэмүүлэн, өөдлөн дэгжиж явсан сайхан айл байсан гэдэг.
 
Хоёр балчир хүүхэдтэй гуч дөнгөж гарч буй дэндүү залуухан хоёр амьдын хагацалд автаад зогссонгүй эр нөхрийнхөө араас, идэрхэн насандаа хэнээс ч дутуугүй бүтээж бүрдүүлсэн зуугаад толгой хонь, тавь гаруй үхэр, арав гаруй морьдоо, 6x5 м хэмжээтэй цоо шинэхэн бариад дотор нь амьдарч байсан дүнзэн байшингаа, гэр доторх бүтээлэг, ширдэг, гудас, хувцас хунар, хамаг өнгөтэй өөдтэй бүхнээ хоёр чингэлэг, нэг авдартаа хийлгүүлээд хуу хамуулан хураалгасан гэдэг.
 
Түүхийн энэ аймшигт явдлыг дүрслэн хэлэхэд, хэлмэгдсэн хүмүүсийн харуусал гашуудлыг илэрхийлэн өгүүлэхэд үг үнэхээр олдохгүй ээ. Энэ их аюул гамшигийн дараа хагас нь дутуу баригдсан зуны амбаарт дал гарсан хадам ээж, гучин гуравхан настай залуу бүсгүй, арван хоёр настай охин, таван сартай хүү, хоёр шалдан модон ортой, нэг хөгшин морьтой, нэг доголон үнээтэйгээ үлдсэн гэдэг.
 
Тэр хүнд бэрх цагт өрхийн тэргүүн болж үлдсэн залуу бүсгүйд дөрвөн ам бүлээ тэжээж гэр орноо авч явах хүндхэн үүрэг ачаа ноогдсон. Энэ бол 1933-1938 онуудад Монгол орны олон айл өрхөд тохиолдсон нийтлэг гай зовлон, үлдсэн ар гэрүүдийн нийтлэг дүр төрхөө. Хөгшин ээж, залуу ээж, нялх дүүтэйгээ үлдсэн Сэндэн эгчийнхэн одоогийнхоор ядуу өрх үү, өрх толгойлсон ядуу эмэгтэй өрх үү, эсвэл бүр өрх толгойлсон нэн ядуу эмэгтэй өрх гэх үү.
 
Одоо үед засаг төр хүмүүсээ, айл өрхүүдээ ангилан ялгах дуртай, ангилж ялгаад зогсохгүй заримыг нь зүгээр мөнгө өгч тэжээх дуртай болжээ. Зарим хүмүүс ч үнэхээр тусламж өгөхгүй бол үхлээ хатлаа гэнэ. Засгийн газраас хүмүүсээ ингэж ангилан зүгээр юм өгөх нь тэнгэр язгуурт дээдэс заяат Монгол хүнийг хэтэрхий үнэ цэнэгүй, сул дорой болгосон дэндүү доторгүй сэтгэлгүй бодлого үйлдэл юмаа.
 
1930-аад оны үед хүмүүсийн ухамсар сэтгэхүй өөр байжээ. Хүн амьдралын төлөө хамгийн хатуу бэрх хүнд үед ч сэтгэлээр унахгүй тэмцэх ёстой, амьдрал бол мөнхийн тэмцэл, тэмцэж зүтгэж амьдрах ёстой, зүгээр нэг амьд явахгүй заавал хүний дайтай сайн сайхан амьдрах ёстой гэсэн бурхан тэнгэрийн захиас сургаал, итгэлээ гээгээгүй байсаан. Амьдралын философи жинхэнэ утгаараа хүний ухамсарт байсан цаг үе байв.
 
Тийм ч учраас тэр үеийн хүмүүс одоогийн хүмүүс шиг ядарсан зүдэрсэн, зовсоноо гайхаад тусламж гуйн гуньж гутарч байсангүй. Хэндээ ч хандах билээ, засгийн газар нь иргэдээ амьдын тамд унагааж эд хөрөнгийг нь дээрэмдээд, дээрээс нь эсэргүүний үлдэгдэл хэмээн хээв нэг тавлан зовоодог байснаас биш юун туслах манатай.
 
Барианы дараа үлдсэн бүсгүйчүүд, аж амьдрал, үр хойчоо үргэлжлүүлэхийн төлөө бүхнийг эрвийх дэрвийхээрээ хийж зүтгэсэн.  Аавыгаа явсан тэр жил Сэвдэн эгч, ээж эмээ хоёртойгоо зунжин намаржин уул хангайгаар уут үүрэн явж, өрөл, мойл, сөд, мэхээр, гичгэнэ, мангир, гогод, гоньд, цагаан төмс гэх мэт хүнсэнд хэрэглэж болох юу л байна тэр бүхнийг хэдэн уутаар нь түүж цуглуулжээ.
 
Хуучин муу эсгий гэрээ засаж тордоод өвөл орох оронтой болов. Хөгшин морь, доголон үнээгээ хамаг чадлаараа бөөцийлж маллав. Гэвч өвөл болоход идэх идэш энэ айлд байх уу. Одоогийн хүмүүс байгаа хоёрынхоо нэгийг хээв нэг нядлаад идэх байх.
 
Тэр байтугай сүрэг мал хувьчилж аваад ганц хоёрхон жилд идэж уусан хүмүүс байж л байдаг. Харин Сэндэн эгчийнхэн тэгээгүй юм. Тэр өвөл бол амьдралын анхны даваа байжээ. Хүн хэрэв өсгөж үржүүлж үр шимийг нь хүртэх ёстой эх малаа идвэл өөрийгөө хорлосноос ялгаа юун, яана гэж байгаа ганц үнээгээ эсвэл ганц морио нядлаж болох билээ.
 
Ингээд тэр өвөл нутгийн ах дүү нараас бага сага аарц сүү, цуглуулж зунжин түүсэн үндэс, ургамалтайгаа хольж идсээр дараа хавартай золголоо. Тэр үед ихэнх айлууд ингэж л хүнд бэрх амьдралыг хамтдаа туулж байв. Хааяа мах идмээр ихэд санагдахад нутгийн ах дүү нараас мөлжиж орхисон чөмөг, булууны яс авч ирэн дахин чанаж буцалгаад шөлийг нь уудаг байжээ.
 
Хавар болоход бөөцийлж арчилсан ганц үнээ нь тугаллаж аяга сүү, таваг тарагтай золгон бөөн баяр хөөр болов. Гэвч дараагийн зун намар нь энэ айлд өмнөх жилийн амьдрал дахин давтагдсан юм. Хэдийгээр сүүтэй цайтай болсон ч гаргаад идэх малтай болтол хэзээ билээ.
 
Тугалтай үнээ, унааны ганцтай айл байгаа малаа арчлан хайрлахаас биш алж идэлтэй юу даа. Тэглээ гээд Сэндэн эгчийнхэн хэн нь ч ядраагүй, өлсөж цангаагүй, харин ч эрүүл сайхан ургамал үндэсээ идэж, эрч хүчээ нэмэн өсөж өндийсөөр бүхэл бүтэн дөрвөн жилийн дараа анх удаа идэш хийж айлын дайтай айл болсон гэдэг.
 
Амьдралын энэ их сорилт шалгуур хүнд бэрхийг энэ гэр бүл өөдрөг тэмүүлэл, зориг тэвчээр, алсын хараа, нарийн нямбай төлөвлөгөө, хуваарьлалт, дотор сэтгэлийн хүчээр даван туулжээ. Сэндэн эгчийн туулсан амьдрал хүний мөн чанарыг, амьдралын утга учрыг, хүний амьдралын зорилгыг надад таниулж ойлгуулж мэдрүүлсэн.
 
Одоогийн бид Сэндэн эгч шиг байж чадвал юунд ч хүрч чадна, яагаад гэвэл илүү боломжтой цаг үе билээ. Сэндэн эгч үнэхээр ямарч цаг үед гутаж гуньж, ядарч зүдэрч яваагүй ээ, бүхнээс илүү өнгө жавхаатай гялалзаж, ажилсаг хөдөлмөрчөөрөө гайхуулж, сайн ханьтай учран ханилж, амьдралын сайн сайхныг эдэлж, хэнээс ч дутахгүй баялагийг бүтээж хүн шиг амьдарч ач гучаараа бахархаж яваа сайхан эмэгтэй. Тэнгэр язгууртай дээдэс заяатай оршихуй гэгч энэ буюу.
 
Дадал сум 2013.12.25.
 
Б.Ганхуяг
 
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин