sonin.mn


Эрүүл, чийрэг байдал гэж юу вэ?

Хамгийн энгийн ойлголтоор бол өдөр тутмын аливаа үйл явдлыг ямар ч бие бялдрын хувьд ядралт цуцалтгүйгээр туулж өнгөрүүлэх чадвар юм. Ихэнх хүмүүсийн хувьд "Бие эрүүл чийрэг-формондоо байх " гэдэг нь "өөрийгөө эрүүл байгааг мэдрэх", "сайхан харагдах" гэсэн утгыг агуулна. Бие бялдар эрүүл, чийрэг байх нь архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг хамгаадан бэхжүүлж, улмаар чанартай урт наслалтын гол үндэс суур нь болдог.

Хөдөлгөөний хомсдол гэж юy вэ?

Шинжлэх ухаан, түүнийг дагасан хэт их техникжилт, хөдөлмөр хөнгөвчилсөн олон тооны багаж, төхөөрөмж ажил амьдралд нэвтрэх болсноор бид хөдөлгөөн багатай, ялангуяа суугаа байдалтай ажиллах болсноор хөдөлгөөний хомсдол бий болж, үүнээс үүдэх өвчлөл ихэсч байна. Монголчуудын дунд яригддаг суудлын өвчин гэдэг нь угтаа хөдөлгөөний хомсдлоос үүссэн байдаг.

Ихэнх судалгаагаар биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс хөдөлгөөний хомсдолтой хүмүүсээс урт насладаг болохыг баталсан байдаг. Дасгал хөдөлгөөн нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг. Дасгал хөдөлгөөн хийхийн тулд чөлөөт цагаа заавал спорт зааланд өнгөрөөх шаардлагагүй. Бага зэргээр ч гэсэн биедээ тодорхой хэмжээний ачаалал өгч, дасгал хөдөлгөөн хийх нь огт хийхгүй байснаас дээр. Яаралгүй алхах, лифтний оронд шатаар өгсөх, дугуйгаар явах, шал угаах гэх мэт ямар ч хөдөлгөөн таны эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай.

Хүн бүр өөрийн амьдралын хэв маягт нийцсэн бие бялдрын түвшинтэй байх шаардлагатай. Ахмад настай хүн өдөр тутам дэлгүүр явж хүнсээ цуглуулах, хоолоо хийх, гэрээ цэвэрлэх зэрэг ажлыг хийж чадаж байвал хангалттай хөдөлгөөнтэй байна гэж үздэг ба тэнхлүүн биетэй ч гэж ярьдаг. Харин тамирчин хүн тэмцээн уралдаандаа амжилт гаргахын тулд өдөр тутмын бэлтгэл сургуулилт, дасгал хөдөлгөөний тусгай хөтөлбөрөөр хичээллэх шаардлагатай байдаг. Энэ нь хүн бүрт өөрийн түвшний хөдөлгөөн, дасгал шаардлагатайг харуулж байна.

Цаг xyгaцaa өнгөрөх тусам хүний бие бялдрын идэвх өөрчлөгддөг. Энэ нь хүний нас, биеийн жин, биеийн бүтэц, стресс болон эрүүл мэндийн ерөнхий байдлаас хамаардаг. Гэхдээ ямарч насанд, ямарч нөхцөлд байсан хүн идэвхтэй амьдралд тэмүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэлзүйд эерэгээр нөлөөлдөг:

• Бие даасан байдлыг дээшлүүлнэ.

• Ганцаардлаас сэргийлнэ.

• Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

• Бухимдал, сэтгэл хямралыг арилгана.

• Өөдрөг дүр төрхийг бүрдүүлнэ.

• Эрүүл мэндийг бэхжүүлнэ.

Биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортоор хичээллэх үед хийх дасгал хөдөлгөөнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг.

1. Амьдралын идэвхтэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаанд хэд хэдэн удаа шал угаах, шатаар өгсөж уруудах, гэрээ цэвэрлэх, агаар салхинд зугаалах зэрэг хөнгөнөөс дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн хийхийг хэлнэ.

2. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь өдөрт 30 минут, түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн болох алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн орно. Энэ хөдөлгөөний үед 20-30 минут орчим амьсгал, зүрхний цохилтын тоог нилээд нэмэгдүүлсэн эрчимтэй алхалтаас аажмаар шогших, гүйх зэрэг хөдөлгөөнийг ажлын байр, ажилдаа ирж очих, амралт чөлөөт цагаараа өөртөө тохируулан хийнэ.

3. Бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн гэдэг нь тухайн хүн 20 минут, түүнээс дээш хугацаагаар долоо хоногт тогтмол гурван удаа дунд зэргээс илүү идэвх шаардсан аэробик, усанд сэлэх, балет хийх гэх мэт дунд зэргээс илүү идэвх шаардсан бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн хийхийг хэлнэ. Энэ дасгал хөдөлгөөнийг төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг.

4. Спортын дасгал хөдөлгөөн гэдэг нь теннис, сагсан бөмбөг, усан сэлэлт, бөх гэх мэт биеийн хүч их шаардсан хөдөлгөөнийг хувь хүний бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлээс хамааран тодорхой зорилготойгоор үргэлжлэх xyгaцaa, ачааллын хэмжээг тохируулан хийхийг хэлнэ. Идэвхтэй хөдөлгөөнтэй байх зарим хувилбар:

• Их алх: Гэр, ажил, сургууль, дэлгүүр, номын сан, ойр орчмын газар явахдаа унаанд суулгүй зүгээр л алх.

• Цaгaa зөв зохицуул: Зурагт, видео юмуу, DVD үзэх, интернэтэд орох, компьютерийн ард суухад зарцуулах цагаа амралтын өдрүүдэд хязгаарла.

• Утсаар ярихдаа зогсож ярь: Ширээний ард сууж байхад утас дуугарвал босож авч, зогссон чигээрээ яриагаа дуусга.

• Гэр бүл, найз нөхөдтэйгөө салхинд гар: Цуг яваа хүмүүстэйгээ хамт дасгал хий. Дасгал чинь хөгжилтэй бол бүгд л идэвхтэй оролионо. Аль болох хөдөлгөөнтэй бай.

• Бага зүйлээс эхэл: Морь унах, сагсан болон хөл бөмбөг тоглох, дугуй унах, усанд шумбах зэргийг хийж чаддаггүй бол одооноос эхлээд оролдоод үз. Өөртөө таалагдсан дуртай дасгалаа сонго.

• Ямар нэгэн спортоор хичээллэ: Шинэ спортоор оролдох юмуу, өмнө нь спортоор хичээллэж байсан бол дахин хийж эхэл.

Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд" сонин